“Таван Богд фүүдс”-ийн KFC-ээс дахин иргэд хордож эхлэв үү!
Одоогоос сар гаруйн өмнө "Зайсан KFC” түргэн хоолны газрын хоолноос олон хүн хордлого авсан билээ. Эл үйл явдлыг эргэн сөхвөл, хоёрдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дуудлага ирж, 12-ний өдөр "Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байдаг. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Иймд KFC түргэн хоолны газарт хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлаж эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулсан. Ийнхүү шинжилгээний хариу нь хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Энэхүү хариунаас үүдэн үйл явдал намжаад өнгөрсөн.
Тэгвэл дахин иргэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа талаар мэдээлэл ирлээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр KFC-ээр хүүхэдтэйгээ үйлчлүүлсэн иргэн "Хүмүүс минь битгий KFC идээрэй!!! Хайртай үртэйгээ хамт халдвартад хэвтчихлээ шүү дээ..” гэв. Уг иргэний хувьд "Асуудалгүй болж, хариуцлагатай хандсан байх гэж итгээд үйлчлүүлсэн. Миний буруу байжээ. Би өөрөө гайгүй байна. Гол нь хүүхэд минь л байна. Дэмий л идүүлжээ. Шууд л дотор нь муухайраад бөөлжөөд гэдэс нь өвдөж эхэлсэн. Халдвартын хүлээн авах руу очиж үзүүлэхэд эмч нь цаг алдаагүй хурдан ирсэн нь сайн хэрэг” хэмээжээ. Тэдний хувьд карритай багцыг сонгосон аж.
Мөн амралтын өдрөөр үйлчлүүлсэн бас нэгэн иргэний хүүхэд нь хордлого аваад ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгааг дуулгав.
"Таван Богд Фүүдс” ХХК нь одоогоос зургаан жилийн өмнө Олон улсын сүлжээ KFC рестораны анхны салбараа амжилттай нээж байсан үндэсний хэмжээний томоохон компани. Гэвч олон улсын сүлжээ хоолны газар нь олон иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байх уу. Уг нь мэргэжлийн хяналтын газраас бүх салбарыг хаах шийдвэр гаргаж байсан ч зөвхөн нэг л салбараа хаалгасан компани өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-д гарсан төлбөр мөнгийг барагдуулаагүй байгаа гэдэг. KFC Зайсан салбарт хоёрдугаар сард хийгдсэн шинжилгээний хариу эцсийн байдлаар энэ сарын 25-нд гарна гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлсэн.
Сэтгэгдэл байхгүй байна.