Наадмаар бохирдуулсан нуурыг тамирчид цэвэрлэж, хогийг нь “Ард” даатгалынхан худалдан авав
Тэсвэр хатуужлын спорт Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Өгий нуурт амжилттай зохион байгуулагдлаа. Усанд сэлж, тэндээсээ 5-10 мянган метр замд дугуй жийн, улмаар дахин ийм хэмжээний тойрог замд үргэлжлэн гүйж аваргаа шалгаруулдаг энэхүү гайхамшигт спорт жилээс жилд өргөжин тэлж байгаа юм байна. Тэмцээнд 305 тамирчин оролцсон нь өмнөх жилүүдээс даруй нэг дахин илүү баг тамирчдыг эгнээндээ нэгтгэн, хүрээгээ тэлсэн амжилт гэнэ. Найман настай балчираас 80 настай буурал хүртэл өөрийгөө сорихыг хүссэн хэн бүхэнд нээлттэй Триатлон гэх тэсвэр хатуужлын туйл, хувь хүний өөрийгөө ялахын сайхныг харуулсан энэхүү спортыг олон нийтэд улам бүр түгээн дэлгэрүүлмээр аж. Триатлоноор хичээллэгч тамирчид, ялангуяа хүүхэд залуусын маань бие бялдрын хөгжил үнэхээр гайхалтай байлаа. Усанд сэлж, дугуй унаж, гүйж харайснаар хүний бие ямар хэмжээнд эрүүл саруул, сайхан байж болохыг биетээр харуулж, цаашлаад хүн гээч амьтан буй биеэрээ хичнээн хүнд бэрх, урт холыг туулж чаддаг болохыг энэ спорт харуулдаг аж.
Тэмцээний усанд сэлэлтийн нөхцөл байдлыг хангахуйц гол нуур нийслэлд ойр байдаггүйгээс Өгий нуурыг сонгодог юм байна. Өгий нуурын тухайд өнөө жил нэлээд салхитай, нуурын ус хүчтэй долгиолж, давалгаалж байсан нь сонирхогчид төдийгүй мэргэжлийн тамирчдад ч бэрхшээлтэй, техник ур чадварыг дээд хэмжээнд сорьж байлаа. Сэлэлтийн үед амьсгал авахаар уснаас гарч ирэх тухай бүрт хүчтэй давалгаа, долгиолсон усанд цохигдож, зарим нэг нь нуурын хүйтэн усанд шөрмөс татсан зэргээс хэд хэдэн тамирчин замаа дуусгалгүй аврагчдаас тусламж хүсэн уснаас гарч байв. Нуурын усны хүчтэй долгио давалгааг үл ажран чадмаг сэлж, түрүүлж гарч ирсэн хүүгийн дугуйн гинж уралдааны замд тасарч тэмцээнээ орхисон, өөр нэг эмэгтэй тамирчин тэмцээний бүх даваагаа эцсийн хүчээ шавхан туулж барианд оруутаа бахардан унасан зэрэг үзэгч, сонирхогчдоо өндөлзүүлж, огшоож, навталзуулсан онцлог агшин олон юм. Бие бялдар, тэсвэр хатуужил, оюун мэдрэмжээ дээд цэгт тултал хөгжүүлж, дайчилж өрсөлддөг энэ тэмцээнийг цэцэрлэг, сургуулийн нь шатнаас хөгжүүлж, Монголын ирээдүй болсон үрсээ бүрэн хамруулаасай гэх хүсэл үзэгчдэд их байлаа. Тийм ч учраас БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэмцээний туршид тамирчид, үзэгчидтэй хамт байж, дэмжиж суусан болов уу. Олон улсын Триатлоны холбооны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр (уулын дугуйтай) элит, өсвөр үе, сонирхогчдын Age групп эрэгтэй, эмэгтэй болон багийн төрлөөр зохион байгуулагддаг тус тэмцээнд 2005 оны анхны УАШТ-ийн мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж оролцсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, "Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг зэрэг олны танил эрхмүүд энэ спортоор хичээллэдэг, яггүй өрсөлдөөнт тамирчид гэдэг нь ч харагдаж байлаа. Триатлоны спортыг дэргэдээс нь хараагүй, зовлон жаргалыг нь мэддэггүй нэгэнд улстөрчид, бизнесийн төлөөлөгчид спортыг өөртөө ашигтай шоу болгон ашигладаг гэх хардлага төрдөг байж мэдэх. Гэвч триатлон гэх энэ спорт бусдад ашиглагдах ямар ч найраагүй төрөл аж. Тэмцээнийг анх үзсэн зарим үзэгч Н.Энхбаяр ерөнхийлөгч асныг унасан нэр хүндээ сэргээх гэсэн арга хэмээн хардаг байснаа нуухгүй байлаа. Үнэндээ Н.Энхбаяр, Х.Булгантуяа, Ч.Ганхуяг гээд хэн нь ч ялгаагүй бусад тамирчдын нэгэн адил нуурын хүйтэн, хүчтэй долгиот усанд 500 метр сэлж, 10000 м замыг дугуйгаар туулан, 5000 м тойрог замыг өөрийн хөлөөр, хүч шавхан барианд орж ирж байна. Тэдний өмнөөс хэн ч оролцож, туулах боломжгүй давааг өөрсдөө давж, үнэхээр эл спортод зүрх сэтгэлээ бүрэн зориулж, бүтэн жилийн турш бэлтгэл сургуулилтаа ханган хичээллэдэг нь ил. Триатлон хэмээх гайхамшигт спортын холбоо ч энэ спортод дурласан, сэтгэл оюунаа бүрэн зориулж зүтгэх хүнээ зөв олж Ц.Сандуйг Ерөнхийлөгчөөрөө сонгосон нь жилээс жилд өргөжин, гадаад дотоодын тэмцээнд тамирчдаа явуулдаг болсон зэрэг олон амжилтын үүдийг нээсэн бололтой. Үнэндээ спортоор халхавчлан МАХН-ын дарга Н.Энхбаяр, намынхаа нэр хүндэд чиглэсэн сэвийг үүрэн ганцаар хариуцлага хүлээсэн Ц.Сандуй нарыг нэгдэж, нийлэх болоо юу гэх хардлага улстөрчдийн дунд бий болсон нь нууц биш. Гэвч Өгий нуурын эрэг дээр зохиогдсон хүч тамир, тэсвэр хатуужлын спорт нь спортоороо байж, тамирчид тамирчдаараа л байдгийг триатлон сонирхон үзсэн хэн бүхэн мэдэрсэн биз ээ. Товчхондоо, нуурын усанд цаг хугацаатай уралдан сэлж, бартаат замыг дугуйгаар туулж, хар гүйхээрээ хөлсөө асган барианд орж буй Н.Энхбаяр, Х.Булгантуяа нарын дэргэд Ц.Сандуй аахилан гүйж улстөр хийх ямар ч нөхцөл алга.
Харин ус, дугуй, гүйлтийн спортод зүрх сэтгэлээ 100 хувь зориулсан тэд энэ спортын хөгжлийн төлөө хар буруу, хардлага сэрдлэгийг үл тоон хамтран зүтгэдэг аж. Түүнчлэн тэмцээний бооцоо болох 10 мянган төгрөг бүрийг Өгий нуурын ойр орчмыг цэвэрлэх, хамгаалах ажилд зарцуулж, тэрбайтугай аялж, зугаалж, тэмцээн уралдаан сонирхохоор ирсэн хэн бүрийн түүсэн хог хаягдлыг "Ард” санхүүгийн нэгдлийнхэн худалдан авч, урамшуулж байлаа. Дашрамд сонирхуулахад, Н.Энхбаяр даргыг уралдан гүйж байхад Ц.Сандуй биш нутгийн иргэд зэрэгцэн гүйж "Даргаа, ядарч байна уу, ганц халуун шавиа үмхчих, халуун гэдэс чанаад ирлээ” гэх зэргээр угтаж, тамирчны хурдыг сааруулж байсан гэх хошигнол дуулдаж байсныг энд тэмдэглэе.
УАШТ-2019-ийн дүн
Эрэгтэй элит ангилал (21 тамирчин):
1. Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд�
2. Ч.Гансүх (Хангарьд) 1.08:45�
3. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22
4. П.Ханмөнх (Ironman) 1.13:31
5. А.Хэнтий (Ironman) 1.13:40
6. Т.Алекс (Виста) 1.14:54
7. С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04
8. Ц.Цэрэнбат (Булган) 1.16:02
9. С.Билгүүтэй (Виста) 1.17:40
10. Б.Буянтогтох (Хангарьд) 1.21:03
Эмэгтэй элит (6 тамирчин):
1.Б.Энхжин (Хангарьд) 1 цаг 21 минут 59 секунд�
2.О.Эрдэнэзул (Хангарьд) 1.25:23�
3.Б.Ариунтуяа (Эрдэнэт) 1.34:55
4.Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37
5.Э.Амина () 1.49:45
Багийн буухиа (9 баг):
1.Хангарьд-1 (Г.Галбадрах, Б.Энхжин, Ч.Гансүх) 1.18:15
2.Хангарьд-2 (Г.Мөнхжин, О.Эрдэнэзул, О.Анх-Учрал) 1.22:05
3.Виста-1 (Г.Амарсанаа, Б.Марал, С.Билгүүтэй) 1.26:33
U19 хөвгүүд (20 тамирчин)
1.Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд�
2. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22
3.П.Ханмөнх (Ironman) 1.13:31
U19 охид (2 тамирчин)
1.Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37
2.Б.Биндэрьяа (Ironman) 2.03:56
U15 хөвгүүд (27 тамирчин)
1.С.Содмандах (Төв бассейн) 24:40
2.Т.Алекс (Виста) 24:51
3.Г.Галбадрах (Хангарьд) 25:01
U15 охид (6 тамирчин)
1.О.Эрдэнэзул (Хангарьд) 28:43
2.Г.Номуунаа (Виста) 31:03
3.Б.Марал (Виста) 32:21
Age group 20-29 нас, эрэгтэй (26 тамирчин)
1.А.Сумьяабат (Улаанбаатар) 1.34:55
2.Ч.Янзганбүүвэй (2-р эмнэлэг) 1.39:19
Age group 20-29 нас, эмэгтэй (4 тамирчин)
1.Э.Оюун-Эрдэнэ (Баянзүрх) 1.49:37
2.Э.Амина (Жардин) 1.49:45
3.Л.Анударь (Улаанбаатар) 2.16:19
Age group 30-39 нас, эрэгтэй (32 тамирчин)
1.С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04
2.Ц.Цэрэнбат (Булган) 1.16:06
3.Л.Батбаяр (Булган) 1.25:28
4.Э.Батмөнгөн (Хан-Уул дүүрэг) 1.27:03
Age group 30-39 нас, эмэгтэй (4 тамирчин)
1.Б.Ариунтуяа (Эрдэнэт) 1.34:55
2.Г.Шинэцэцэг (Энканто) 2.05:00
Age group 40-49 нас, эрэгтэй (14 тамирчин)
1.Б.Түвшинбаяр (Виста) 1.30:50
2.Оливер Тирлуол (Top Gun Team) 1.33:59
3.Ч.Ганхуяг (Team Ard) 1.40:41
Age group 50-59 нас, эрэгтэй (7 тамирчин)
1.П.Гантулга (Хангарьд) 1.30:49
Try-Tri эрэгтэй (89 тамирчин)
1.М.Жамьянпүрэв (Cannondale Mongolia) 21:31
2.Э.Ижилмөрөн (Road Mongolia) 22:04
3.Д.Есүхэй (Ironman) 22:12
Try-Tri эмэгтэй (12 тамирчин)
1.А.Оюун-Эрдэнэ (Road Mongolia) 23:06
2.У.Энх-Ану (Cube Mongolia)
3.Б.Мөнгөнтуяа (ЦЕГ МБА) 25:47
Сэтгэгдэл байхгүй байна.