17 орны залуу боксчид Улаанбаатарт өрсөлдөж байна
Боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-нд "Буянт-Ухаа” спортын ордонд эхэлсэн. Эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдаж буй тус тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Иран, Ирак, Япон, Казахстан, БНСУ, Филиппин, Шри-Ланка, Тайланд, Тайвань, Тажикистан, Узбекистан, Монгол зэрэг 17 орны 200 шахам боксчид өрсөлдөж байгаа юм.
Тэмцээн долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд 17-ны ням гаригт Ази тивийн шилдэг ширэн бээлийтнүүд тодорно.
Азийн АШТ-ий тулаанууд өдөр бүр 14:00 цагаас эхэлж байна.
Монгол Улсаас уг тэмцээнд 7 эрэгтэй, 9 эмэгтэй нийт 16 тамирчин хүчээ сорьж байгаа. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Э.Сүхбат, 52 кг-д Б.Алтантулга, 57 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д А.Жандос, 69 кг-д Ц.Луваанжалбуу, 75 кг-д Б.Гантулга нар хүчээ сорин тулалдана. Харин охидоос 48 кг-д Б.Жанаргүль, 51 кг-д А.Хулан, 54 кг-д Б.Золжаргал, 56 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун, 75 кг-д Ц.Намуун-Урсгал нар хүч, ур чадвараа сорих юм. Мөн охидын хүнд жин /81, +81 кг/-д хоёр тамирчинг нэмж өрсөлдүүлэхээр бэлтгэлийг нь базааж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна.