МАНАЙ БӨХЧҮҮД ЗАЛУУЧУУДЫН АЗИЙН АВАРГААC ЗУРГААН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ энэ сарын 15-18-ны өдрүүдэд Тайваний Тайжун хотод болж, өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, БНСУ, Япон, Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Энэтхэг зэрэг 18 орны 168 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөв.
Манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Ё.Батдархан, Б.Идэрсайхан нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай нутагтаа ирэхээр боллоо. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д Б.Цэцэгбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэд залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын 12, 13 тамирчин болсон юм.
Эрэгтэйчүүдийн 120 кг-д М.Лхагвагэрэл мөнгө, 55 кг-д Б.Ариунболд, 84 кг-д М.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Чимгээ хүрэл медаль хүртэв. Түүнчлэн манай дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.