Драмын театрын залуус олон улсын фестивалиас шагнал хүртлээ
Улсын драмын эрдмийн театраас төрөн гарсан залуу хос бол Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд амжилттай оролцож, "Special Performance" шагналын эзэд боллоо. Энэ сарын 6-10-ны өдрүүдэд 19 дэх удаагаа болж буй "World duo arts performing festival 2019" фестивальд Грек, Украин, Солонгос, Монгол, Румын улсын уран бүтээлчид өрсөлдөж, Монголын уран бүтээлчид ийнхүү тусгай байрын шагнал хүртжээ.
Манай жүжигчид анх удаа В.Красногоровын "Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд амжилттай оролцлоо. Уг жүжгийн найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын залуу найруулагч О.Итгэл ажилласан бол жүжигчид, найруулагчийн багийг ахалж "Гэгээн муза” академийн захирал, Ардын жүжигчин С.Сарантуяа хамт явжээ. Мөн фестивалийн үеэр орон орны уран бүтээлчид өөрсдийн драмын театрын урлагаа танилцуулсан мастер класс сургалтыг зохион байгуулсан байна.
Залуу жүжигчин Г.Номууны хувьд МҮОНТ-ийн "Босго тотго”, "Нарны жим” олон ангит кинонд туслах дүрд, сургуулиа төгсөөд "Эмоци” продакшинд ажиллаж байхдаа "Гурван найз” кинонд тоглосон бөгөөд Улсын драмын театрын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад сонгогдон тоглосон. Харин Г.Алтангэрэлийн хувьд тайзны олон дүрээс нь гадна "Аав”, "Зангараг” зэрэг кинонд тоглосон юм.
Сэтгэгдэл байхгүй байна.