Энэтхэгийн зарим бүс нутагт интернэтийг хязгаарлажээ
Энэтхэгийн Засгийн газар тус улсын хойд болон зүүн хойд нутгийн хэд хэдэн бүс нутгийн оршин суугчдын интернэтийг хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргалаа гэж телевизийн "NDTV” суваг мэдээлжээ.
Тус сувгаар мэдээлснээр, Уттар-Прадеш, Баруун Бенгали муж, мөн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа хэд хоногийн турш үргэлжилж байгаа Дели хотод интернэтийг хязгаарласан байна. Тус хотод ням гарагийн орой жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, эмх замбараагүй байдлын үеэр 60 орчим хүн гэмтжээ. Түүнчлэн 100 орчим оюутан баривчлагдсаны дийлэнхийг нь сулласан байна.
Энэтхэгийн парламент иргэншлийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр баталсан нь эмх замбараагүй байдал дэгдэх шалтгаан болсон юм. Уг хуульд өөрчлөлт оруулснаар хөрш Афганистан, Пакистан болон Бангладеш улсын лалын шашин шүтдэггүй иргэд хэрэв эх орондоо хавчлагад өртсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар Энэтхэгийн иргэншил авах бөгөөд энэ нь Энэтхэгийн лалын шашинт иргэдийн дургүйцлийг төрүүлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.