Халамж + Өр = Сонгууль
Ерөнхийлөгч Х.Баттулга хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөчид тэтгэврийн зээлийг тэглэж өгнө хэмээсэн нь өнөөдрийг хүртэл шуугиан дэгдээж байна. Сайхан мэдээ нөгөө талдаа ихээхэн эрсдлийг дагуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хэлсэн үг анхаарал татаж байна.
Тэрбээр "ҮАБЗ-ийн шийдвэр гарахаас өмнө банкнаас их хэмжээний зээл гарсан байна. Банкууд арван сая төгрөгөөс дээш дүнгээр 100 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнийг ийм шийдвэр гарна гэдгийг мэдсэн хүмүүс авсан байх магадлалтай. Шалгах хэрэгтэй” гэлээ. Нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй бол 180 мянган ахмад тэтгэврийн зээл аваагүй байна.
Нийт тэтгэврийн зээлтэй байгаа иргэдийн 90 хувь нь буюу 207 мянган ахмад нь 6 саяас доош төгрөгийн зээлтэй. Өөрөөр хэлбэл, 10 саяас дээш зээлтэй нийт 5,000 хүн байна. Иймд зургаан саяас доош төгрөгийн зээлтэй иргэдийн зээлийг 100 хувь чөлөөлөөд түүнээс дээш тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг хувилж бууруулан, иргэдэд тэгш хандах ёстой гэсэн санал Засгийн газрын хуралдаанаар гарсан. 2020 оны төсөвт тэтгэврийн зээлийг тэглэх ганц ч төгрөг тусгагдаагүй гэдгийг Сангийн сайд нь онцлоод буй. Гэтэл энэ цаг үед сар шинийн баяраас өмнө зээлийг тэглэж, бүүр цаашлаад тэтгэврийн зээлгүй иргэдэд бэлэн мөнгө өгөх тухай шийдэлд хүрч байгаад халагламаар. Манай улсад уг нь тэтгэврийн шинэчлэл нэн түрүүнд хэрэгтэй байгаа. Харин үүнийг ярихын оронд шууд өр тэглэх буюу халамж амласан нь Ерөнхийлөгчийг сэтгэлийн хөөрлөөр эл асуудалд хандсан байх магадлалтайг харуулав.
Нэг сая төгрөгийн ваучерийг тавдугаар сарын 1-ээс олгоно УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод өчигдөр хамтарсан хуралдаан хийлээ. Хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх хуультай холбоотой ажлын хэсгээс гаргасан саналуудыг хэлэлцлээ.
Ажлын хэсгээс зургаан сая хүртэлх зээлийг тэглэх, 192 мянган тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох зэрэг саналуудыг гаргасныг МАН-ын бүлэг дэмжсэн юм. Зээл аваагүй 194 мянганд иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэв.
Тус орд үйл ажиллагаагаа эхэлж, бүтээгдэхүүнээ борлуулна хэмээн тооцвол зээлгүй ахмадын нэг сая төгрөг 2021 оны тавдугаар сарын 1-нээс иргэнд очно гэж үзэж байна. Харин зургаан саяас дээш зээлтэй иргэдийн зөвхөн зургаан сая төгрөгийн тэглэх бөгөөд нийт 21478 иргэн байгаа аж.
Ийнхүү хавтгайрсан халамжаас үүдсэн хохиролыг ЖДҮ шиг үүрэх хүнгүй үлдэж мэднэ. Учир нь хэзээ тэрхүү Салхитын мөнгөний ордноос орлого орж ирэх вэ? Өдгөө гоё нэртэй бондын өрийг төлөх асуудлыг санах хүн ч алга бололтой. Халамж өгөөд өр болгоод дараагийн засагтаа үлдээх нь Сонгуулийн систем биш байлтай. Сонгуулийн жилд хавтгайрсан халамжтай төсөв батлачихсан байж гадаад өрөө төлөх жил гэдгээ ч улс төрчид умартаж.
Манай улсын гадаад өр нийтдээ 29.521 сая ам.долларт хүрчээ. Үүнээс зөвхөн урд хөрш болох БНХАУ-д зөвхөн засгийн газрын өр 746 мянган ам.доллар байна. Гадаад өр гэдэгт Засгийн газар, Төв банк, хадгаламжийн байгууллагууд, бусад салбарын нийт гадаад өр болон хөрөнгө оруулагчийн зээлийн нийлбэр багтаж байгаа юм.
Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагуудын өр зээл нь,
-Богино хугацаат зээл 64 мянган ам.доллар
-Бондын өрийн бичиг 149.8 мянган ам.доллар
-Хөрөнгө оруулагчийн зээл 354.9 мянган ам.доллар
-Урт хугацаат зээл нь 202 мянган ам.доллар
-Бусад салбарын зээл богино хугацаат 33.8 мянган ам.доллар
-Урт хугацаат өр 52 мянган ам.доллар
-2021 оны 4 дүгээр сард 500.0 сая ам.долларын Мазаалай бондын,
-2022 оны 12 дугаар сард 1.0 тэрбум ам.долларын Чингис бондын,
-2023 оны 3 дугаар сард 800.0 сая ам.долларын Гэрэгэ бондын,
-2024 оны 3 дугаар сард 600.0 сая ам.долларын Хуралдай бондын гээд өртэй байгаа. Засгийн газрын нийт өр 20 их наяд төгрөг бөгөөд үүний 84 хувь нь гадаад өр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 18.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь манай улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө гэсэн үг. Энэ оны Улсын төсөвт тусгаснаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийт 254 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс 205.7 сая ам долларыг нь буюу 22 төсөл нь хөнгөлөлттэй зээлээр, 48.3 сая ам.долларыг нь буюу 8 төсөл буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ гэжээ. Түүнчлэн ирэх онд Хятадын ардын банкны своп хэлцэл 2020 оны долоодугаар сард дуусах юм.
Dorgio.mn