Зовлонгоор зоологсод буюу коронавирусийн сургаар монголчуудын үнэн төрх илэрч байна
БНХАУ-ын Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн тохиолдол 12 дугаар сарын сүүлд бүртгэгдэж. Хамгийн сүүлийн мэдээллээр олон улсад 2823 хүн халдвар авсан гэж бүртгэгдэж, 81 хүн нас барж, 57 хүн эдгэрсэн байна. Хятадаас гадна 35 оронд вирусийн халдвар бүртгэгдсэн. Монгол Улсад энэ өвчлөлийн тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй. Япон улсаас хамгийн сүүлийн үеийн оношлуур аппарат өчигдөр манай улсад ирсэн. Халдварын голомт болох Хятадын Ухань хотод байгаа манай улсын гучин иргэнийг авчрах асуудал одоогоор эцэслэгдээгүй. Өчигдрийн байдлаар албан ёсны эх сурвалжийн мэдээлэл ийм байгаа. Харин шинэ төрлийн коронавирусийн сургаар монголчууд сандран үймэлдэж байна. Улс орноороо ингэж сандран үймэлдвэл тухайн улс орон сүйрнэ. Сандрах, сандаргах ийм үйл хэрхэвч гаргаж болохгүй. Дайны хажуугаар дажин гэгчээр вирусийн сургаар л манайхан үнэн төрхөө харууллаа. "Уханьд байгаа гучин иргэнийг авчирч яах гээв. Гучийг авчирч гурван саяулаа устгах гээ юү, дэлгүүрүүд хоосорно, хүнсээ бөөгнүүл. Архи уувал сайн гэнэ” гэлцэв. Маргааш дэлхий сөнөнө гэж итгээд лаа, шүдэнз, хоол хүнсээ базааж лагерь явцгааснаас ялгаагүй шаагилдаж байна. Үнэн хэрэгтээ дэлхий сөнөвөл хуйгаараа л сөнөмөөр юм. Лагерьт очоод амь аврагдана ч гэж юу байхав. Яг тэр үеийнх шиг коронавирусийн сургаар байсхийгээд л тэгж гэнэ, ингэж гэнэ гэсэн айдас хүйдэст автуулмаар эзэн нь тодорхойгүй хөөсөрсөн мэдээллүүд эх захаа алдлаа.
Тахал, аюул гамшиг өөрийн гэсэн менежмэнттэй байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Сурталчилгаа, мэдээллээ үнэн зөв явуул, хөл хорио тогтоо, эрсдэлтэй бүсэд хүн битгий явуул, маскаа зүү, дархлаагаа дэмж” гэж байнга сануулж байгаа. Манайхан сонин улс шүү. ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж маскаа зүүгээд дархлаагаа дэмжихийн оронд маскаа зүүхгүй, зах худалдааны төвд л хүнс нөөцлөөд алаан болж байх жишээтэй. Бусад улс орнууд ДЭМБ-ын зааварчилгааг иргэддээ хүргэж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна.
Коронавирусийн голомт болсон нутаг дэвсгэрийг эс тооцвол өвчлөл бүртгэгдээгүй байгаа манайх байтугай бүртгэгдсэн улс орнуудад ч бүх зүйл байдгаараа. Хүүхдүүд сургуульдаа явж, оюутнууд хичээлдээ шамдаж, хүмүүс ажлаа хийж байна. Бид сургаар сандчаад өчнөөн юм болж байна. Хамгийн эхлээд сургууль, цэцэрлэгээ хаачихлаа. Гэхдээ зөвхөн шинэ төрлийн коронавирус биш, томуугаа дийлэхээ больсондоо давхар бантаад хаачихлаа. Ингэмэгц хүмүүс ч улам сандралдаж эхэллээ. Араас нь насны ангилал яриад оюутнуудыг хичээлдээ явуулахгүйгээр хаалаа. Бөөн далим.
Оюутнуудын хичээлийг хойшлуулсан нь сонгуулиар бөөнөөр нь санал өгүүлэх алсын бодлоготой улс төр хийж байна. Үнэхээр хөл хорио тогтоож байна уу гэхээр үгүй юм шиг. Төрийн ордондоо зах ажиллуулж байх юм. Хятадад онц байдал тогтоосон газруудад бүх үйл ажиллагаа зогссон болохоос бусад хот, сууринд сургууль, цэцэрлэг, дээд сургуулиуд хэвийн ажиллаж байна. Хойд хөршийн хэвлэлүүдэд "Вирусийн голомттой Хятадад сургууль, цэцэрлэгээ хаагаагүй байхад Монгол Улс хаачихлаа” гэсэн мэдээллүүд дүүрэн.
Манай улстөрчид маяглаж улс төр хийгээд л, дур дурандаа дэмий ярьж, сошиал сүлжээгээр цацаж байна. Ийм их зантай, том том ярих хэрнээ оношлогоо хийх аппаратгүй, энэнийх нь балгаар эмийн санд маск, ариутгагч бодис, спирт байхгүй болчихсон. Аль хэдийнэ ах дүү нартаа жоорлож, танилууддаа хувааж өгч байгаа. Улстөрчдийн юу ч мэдэхгүй маяглалаас болж нийгмийн сүлжээгээр тохуурхсан худал мэдээ их явж байна. Нэг менежмэнтээр, дэлхийд шалгарсан аргаар явуулахгүй, ингэж ард түмнээ турхираад байвал бужигнаан үүсэхийг үгүйсгэхгүй. Нэг хүн коронавирусийн халдвар авсан л гэвэл эмийн сан руу дайрах, эмнэлэг рүү хүч түрэн орж, тариаг нь булааж аваад өөрсдөдөө шахаад эхэлбэл яах юм. Аюул, гамшгийн үеийн менежмэнтийг хатуу мөрдөж, төр засаг ганцхан хоолойгоор дуугарч байх хэрэгтэй. Элдвээр үймүүлж, худал мэдээлэл түгээж байгаа сошиал сүлжээнд хяналт тавих хэрэгтэй байна. Төр засгаас албан ёсны мэдээллээ ийм телевиз, сонин, сайтаар явуулна гэдгээ нэр зааж, үнэн бодитой мэдээллийг нэр дурдсан хэвлэлээр явуулна гэдгээ зарлах хэрэгтэй байна. Үнэн, худлыг ингэж зааглаж өгье. Эрүүл мэндийн яамнаас өчигдөр л мэдэгдэл гаргасан байна лээ.
"Нийтийн цахим сүлжээгээр шинэ коронавирустэй холбоотой үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг тодорхойгүй хаягнаас эрчимтэй тарааж олон нийтийг хий айдас хүйдэст автуулан түгшээж байна. Иргэд та бүхэн эх сурвалж нь тодорхойгүй аливаа мэдээллийг шууд түгээхгүй байх, зөвхөн албаны эх сурвалжийн мэдээллийг авах, түгээхэд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйтэй, хариуцлагатай хандахыг уриалж байна. Ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна” гэжээ. Хэдэн жилийн өмнө SARS, холер тахал дэгдэхэд нийгмийн сүлжээ болоод ихэнх нь бараг дуулдаагүй өнгөрсөн. Тоймтой хэдэн хэвлэлээр мэдээлэл явж анхааруулаад айдас хүйдэсгүй хэвийн даван туулсан. Одоо бол хүн болгон нийгмийн сүлжээнд байгаа учраас хяналт тавих хэрэгтэй байна. Худал мэдээлэл түгэх их аюултай. Сургаар нь ингэж үймэлдсээр байгаад яг жинхэнэ аюул тулгарахад гар нүцгэн, нэгдсэн зохион байгуулалтгүй, зогсож байх вий. Аюул ослыг нэгдсэн удирдлагатай, зохион байгуулалттай, зоригтой, хатуу сахилга баттай байж туулдаг. Үнэн зөв мэдээлэл аюулын үед маш чухал. Элдэв цуурхал, маазрал, худал мэдээллийг даруй таслан зогсоох хэрэгтэй байна.
Төр засаг ийм үед маш хатуу хяналттайгаар мэдээлэл түгээлт, тараалт, эм тариа, маск, ариутгалын бодис, хүнсний түгээлт тараалтад хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Худал мэдээлэл маш ноцтой. Хэн үнэн, хэн худал ярьж байгааг ялгахын эцэс алга. Энэ олон мэдээллүүд хий дэмий л улсуудыг сандаргаад байдаг. Аюул ослын үед хамгийн гол юм бол үнэн зөв мэдээлэл. Яг үүнтэй адил хамгийн гол дайсан бол худал мэдээлэл. Хэдэн лайкнаас болж амиа өгөхөөс буцдаггүй хүмүүс та бидний амьдралыг эргүүлэх ямар ч мэдээг лайк цуглуулахын тулд нийтэд тавьсныг тааж мэдэх хэцүү. Тэр худал мэдээллийн эргүүлэгт автаж амь амьдралаа золиосолж, буруу шийдвэр гаргуузай. Японд газар хөдлөлт болоход аюулын үеийн мөрдөх ёстой дүрэм журмаа л барина уу гэхээс айж сандарч цочоод байх нь үгүй. Хэрэв гамшгийн үеийн дүрэм, журмыг баримтлахгүй айж сандарч үймээд байвал илүү их хохирол учирч болзошгүйг анхааруулдаг.
Эмч эмнэлгээс түрүүлж онош тавьж, сошиалаар баахан шуугиулж зовлонгоор зоологсод ямар олон болоо вэ. Тэр тусмаа монголчууд бид бие махбодын дархлаанаас илүүтэй оюун санаа, сэтгэлийн дархлаа суугаагүй, эхний давлагаанд л сайн дураараа живчих хүмүүс юм. Бидний үнэн төрх иймэрхүү үед улам тод илэрч байна. Санаж байгаа бол Японд байгалийн гамшиг болоход Наритагийн нисэх онгоцны буудалд онгоц хойшлогдож, олон орны зорчигчид нөхцөл байдлыг ойлгож, тэвчээртэй хүлээж байсан. Манай МИАТ-ийн бүртгэлийн хэсэгт л зорчигчид нь хэрүүл шуугиан тарьж, үймж бужигнасан. "Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлах” гэдэг л энэ буюу.
М.Сүлд
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл байхгүй байна.