Амжилт гаргасан тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэрийг шийднэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгахыг даалгажээ.
Манайх олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд үнэмлэхүй амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай. Үүний үр дүнд Монголын тамирчдын амжилт эрс дээшилсэн бөгөөд үүний нэг илрэл нь одоо болж байгаа "Рио 2016” Зуны олимпийн XXXI наадамд спортын 9 төрлөөр 43 тамирчин оролцож байгаа бөгөөд жүдо бөхийн төрөлд Д.Сумъяа мөнгөн медаль хүртэж нутаг эх орноо баярлуулсан гавьяатай байгаа юм.
Харин дээрх хуулийн хэрэгжилт, мөнгөн шагнал олгох ажил сүүлийн жилүүдэд зогссон байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар спортын 13 төрлөөр мөнгөн шагнал авах болзлоо хангасан 2069 тамирчин байгаа бөгөөд тэдэнд олгох 1.7 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа юм.
Иймд тамирчид дасгалжуулагчдынхаа амжилтыг үнэлж энэ мөнгийг олгох, мөн Рио де Жанерогийн олимпоос медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэр, санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэхийг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.