АНУ-ын Ерөнхийлөгч Ялалтын баярт оролцохгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аугаа Эх орны дайнд ялсны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохгүй гэдгээ ОХУ-ын талд дипломат шугамаар мэдэгджээ.
"АНУ-ын Ерөнхийлөгч Ялалтын баярт хүрэлцэн ирэхгүй гэсэн мэдээллийг бид дипломат шугамаар авсан. АНУ тус арга хэмжээнд ямар түвшинд оролцохыг ОХУ-ын Засгийн газар одоогоор мэдэхгүй байна” гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна.
Аугаа Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парад ирэх тавдугаар сарын 9-нд Москва хотын Улаан талбайд болно. Баярын арга хэмжээнд оролцох урилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун, ТУХН болон ШХАБ-ын гишүүн орнуудын, мөн Европын удирдагчдад илгээсэн гэж өмнө нь мэдээлсэн билээ. Ялалтын баярт оролцоно гэдгээ Энэтхэг, Куба, Франц, Чех, Венесуэл, Беларусь, Армен болон Болгарын удирдагчид мэдэгдсэн байна.
Гитлерийн эсрэг эвслийн бүрэлдэхүүнд орж байсан улс орнуудын удирдагчид Ялалтын 75 жилийн ойн баярт Москвад хүрэлцэн ирэх хэрэгтэй гэж Оросын Ерөнхийлөгч өмнө нь ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэжээ. Гэхдээ тэрбээр энэхүү арга хэмжээнд гадаадын орнуудын удирдагчид оролцох нь ерөнхийдөө хэр ач холбогдолтой вэ? гэдэг асуултад хариулахдаа, энэ бол "огт чухал биш”, учир нь "энэ бидний баяр” юм гэж цохон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.