Маулен Ашимбаев Казахстаны парламентын даргаар сонгогджээ
БНКазахстан улсын парламентын дээд танхим болох Сенатын даргаар Маулен Ашимбаевыг сонгосон тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Берик Уали мэдэгдлээ. М.Ашимбаев өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байжээ.
М.Ашимбаевыг сонгохын өмнөхөн Казахстаны Сонгуулийн төв хорооноос Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарлигийг үндэслэн Сенатын депутат Дарига Назарбаевагийн бүрэн эрхийг цуцлах тухай шийдвэр гаргасан байна. Ерөнхийлөгч Токаев парламентын дээд танхимын даргын /спикер/ албан тушаалд үр бүтээлтэй ажилласан Д.Назарбаевад талархал илэрхийлжээ.
Шинээр томилогдсон спикер 49 настай М.Ашимбаев Казахстаны Ерөнхийлөгчийн туслах, Тамгын газрын орлогч дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч, эрх баригч "Нур Отан” намын тэргүүн дэд даргаар тус тус ажиллаж байв.
Казахстаны парламентын дээд танхим болох Сенат 49 гишүүнтэй ба тэднээс 15-ыг нь Ерөнхийлөгч томилдог ажээ. Бусад депутатыг төлөөлөн сонгогч депутатууд болох маслихатуудын хурлаар томилдог байна. Депутатуудын бүрэн эрхийн хугацаа нь 6 жил. Сенатын даргаар ажиллах хүний нэрийг Ерөнхийлөгч дэвшүүлэх ба түүнийг Сенатын гишүүдийн нууц санал хураалтаар спикерээр сонгодог.
Сэтгэгдэл байхгүй байна.