"Covid-19"-ийн эсрэг биеийг илрүүлэх 100 хувийн мэдрэг чанартай оношлуурыг ХӨСҮТ-д ашиглаж эхэллээ
Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр "Зургаадугаар сарын 02-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн нэг лабораторт нийт 374 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд, тандалтын зорилгоор хийсэн 8 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүн, Зэвсэгт хүчний үүргийн онгоцоор ирсэн 120 зорчигчийн давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 209 хүн, Орхон, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй хүмүүс, Алтанбула боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн давтан шинжилгээ хамрагдсан.
Өнөөдөр ХӨСҮТ-д нийт 178 хүн байна. 141 нь эмчилгээнд буй өвчтөн, бусад нь ажиглалтад байна. Монгол Улсад коронавирусийн нийт 185 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 44 нь эдгэрсэн. Эмчлүүлж буй хүмүүсийн байдал тогтвортой сайжирч байна.
Эмчлэгдэж буй хүмүүсийн ор хоногийн хугацаа нэлээд урт буюу 14-54 хоног, дундаж нь 30 хоног байна. Энэ хүмүүс 5-56 насных бөгөөд 5-15 насны 5 хүүхэд байна.
Коронавирус илэрч буй гол эмнэл зүйн шинж тэмдэг нь хоолой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, халуурах, булчин өвдөх, дотор муухайрах, амьсгал давчдах, ядрах, сульдах байна" хэмээлээ
Мөн "Нэг таатай мэдээ дуулгахад, Германд эмунлогийн бүрэн автомат анализатораар хүний ийлдэс ба сийвэн дэх сарс, коронавирусийн эсрэг биеийг илрүүлэх 99.8 хувийн өвөрмөц, 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Өмнө нь бид энэ талаар мэдээлж байсан. Тэгвэл манай улсын ХӨСҮТ-ийн гепатит интервирусийн лабораторын тоног төхөөрөмжид уг оношлуурыг ашиглан шинжилгээ хийх бэлтгэл ажил өнөөдөр дууслаа.
Үүгээр хүн амын дунд коронавируст халдварын тархалт, дархлал тогтоц, дархлааны хариу урвалыг шинжлэх боломжтой нээгдэж байна. Улмаар ХӨСҮТ-д шинэ коронавирусийн оношлогооны гурав дахь лаборатор ажиллахад бэлэн болж, өнөөдрөөс шинжилгээ хийж эхэлж байна" гэдгийг онцлов.
Сэтгэгдэл байхгүй байна.