Хэрсүү л байгаарай даа, сонгогчид минь
Монголчуудын ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө хэрсүү, ухаантай байх өдөр хоногууд эхэллээ. Монгол төрийг 2020-2024 онд жолоодох 76 эрхмийг тодруулах сонгуулийн сурталчилгаа албан ёсоор нээлтээ хийж, 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121, нийт 606 нэр дэвшигч өчигдөр үнэмлэхээ гардлаа. Одоо тэдний дундаас 76-г нь сугалж, УИХ-ын гишүүн болгоход сонгогч бидэнд 21 хоногийн хугацаа байна.
Өөрөөр хэлбэл, ирэх 21 хоногт нэр дэвшиж буй 606 хүн өөрсдийгөө хэрхэн сурталчилах, юу амлах, яаж аяглах, хөгөө чирэх, хөөрхөн царайлах нь бус сонгогчид хэр ухаантай, алсын хараатай, хэрсүү сонголт хийх вэ гэдэг нь л чухал. Монгол Улсын ирэх дөрвөн жилийн өнгө, монголчуудын амьдрал, улс төр, эдийн засаг, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд гээд бүх салбарын өвчнийг "эмчилж” чадах улстөрч төрүүлэх эрх нь нэр дэвшигчдэд бус сонгогчдын гарт бий нь хамгийн сайхан эрх, бас боломж юм даа.
Тийм ч учраас сонгогч хэр ухаалаг, сайн сонголт хийнэ, тийм л улстөрч УИХ-д биднийг төлөөлж, тэр хэрээр ажил, амьдрал ундарч урагшилна гэсэн үг. Өнгөрсөн жилүүд шиг авлигач, тендерчин, ЖДҮ-чин, хүчиндэгч, казиночин, эрх мэдэл, албан тушаалаа ашиглагч, ард түмнийг дорд үзэгч, төрийн албыг төрлийнх болгогч, тойрогтоо нэг ч үзэгддэггүй, ирэхээрээ ах дүү, төрөл төрөгсдөө шагначихаад давхиад явчихдаг зэрэг хүн сонгочихоод "Ийм ч хүн сонгох гэж дээ” гэж халаглаж суухгүйн тулд энэ өдрүүдэд л бид нам, эвслүүд, бие даагчдын мөрийн хөтөлбөр хийгээд амлалтуудыг маш хариуцлагатай, анхааралтай сонсох, дүгнэх хэрэгтэй.
"Монголчууд оюуны чадамж, сэтгэн бодох авьяас, мэдлэгээрээ дэлхийд дээгүүрт ордог ч нэгдэж, хамтарч чаддаггүй” гэх үгийг гаднынхан хийгээд монголчуудаасаа өчнөөн л сонсож байсан биз дээ. Тэгвэл энэ сонгуулиар ядаж ганц удаа, ирээдүйнхээ төлөө УИХ-ыг мэдлэг, чадвар, сэтгэлтэй гишүүдээр бүрдүүлэхийн төлөө нэгдмээр байна. Тэднийг хэрхэн таних вэ гэж үү.
Тэр ч бүү хэл Монгол Улсыг тэр чигт нь орон сууцжуулж, ард иргэдийн халамж, цалин, тэтгэвэрийг 100 дахин нэмнэ гэвэл гэж л байг. "Миний төлөө саналаа өгвөл ах дүү, төрөл төрөгсдийг чинь өндөр цалинтай ажилд оруулж, хүүхдүүдийн чинь их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг дааж, өөрийг чинь төрийн албанд ажилд оруулна” гэж бурвал бураг.
Одоо нэр дэвшиж буй 606 хүн дотор сайн нь ч бий, саар нь ч бий. Үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу хэн ч УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж болно. Энэ зарчмаар нэр дэвшигчид ирэх өдрүүдэд өөрсдийгөө сонгуулахын их хүсэл, бачууралд автаж, алив сайн сайхнаа харуулж, сурталчилах гээд үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгаахаас бусдыг хийх нь дамжиггүй. Тэд ертөнцөд байхгүй үлгэр, домгийн амлалтууд өгвөл өгч л байг. УИХ-д 4, 8, 16, 20, 24 жил суухдаа хийж чадаагүй ажлаа ирэх дөрвөн жилийн бараг эхнийхэд нь амжуулчихна аа гээд худлаа ам гарвал гарч л байг. Тэр ч бүү хэл Монгол Улсыг тэр чигт нь орон сууцжуулж, ард иргэдийн халамж, цалин, тэтгэвэрийг 100 дахин нэмнэ гэвэл гэж л байг.
"Миний төлөө саналаа өгвөл ах дүү, төрөл төрөгсдийг чинь өндөр цалинтай ажилд оруулж, хүүхдүүдийн чинь их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг дааж, өөрийг чинь төрийн албанд ажилд оруулна” гэж бурвал бураг. Бүр "Надад санал өгснөө баталбал төдөн төгрөг бэлнээр өгнө.
Тэдэн хүнээр санал өгүүлж чадвал тус бүрт нь тэдийг, өөрт чинь тэднийхээс тэдээр илүүг өгье” гэж наймаачин зан гаргавал гаргаг. Тэднээс энэ битгий хэл амлалт, шаардлага, заль мэх, гуйлт, бачуурал, аргаа барах үйл явц, жүжиг гарна. Гарч болох бүх арга мэх, заль, сууг нь гаргуулж байж л хэн бэ гэдгийг нь танина. Хамгийн гол нь сонгогч та мэдлэг, чадвар, сэтгэлтэй хүн сонгосон байхад л улс төрд дээрх мэт арга зальт этгээд шургалахгүй гэсэн үг. Энд гэхдээ орхиж, үлдээж болохгүй хэд хэдэн чухал зүйл бий.
Монгол төрд өдгөө хамгийн их үгүйлэгдэж буй зүйлийн нэг нь төрийн залгамж халаа. Шинэ хүн, шинэ бодлого сонгож байгаа нь гээд улсын хэмжээний бүтээн байгуулалт, аюулгүй байдал, өмнө нь амжилттай, үр өгөөжтэй хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжихээргүй, таягдан хаяхаар сонголт хийж болохгүй. Өмнө нь тодорхой хэмжээний төсөв, цаг хугацаа зарцуулсан, улсын хэмжээний, үндэстний эрх ашгийн төлөөх ажлуудыг бодлогоор үргэлжлүүлэх төрийн залгамж юу юунаас чухал.
Иймд УИХ-д хэдэнтээ сонгогдсон ч нэр цэвэр, урдах ажлаа хийгээд, бүтээгээд явж байдаг төрийн жинхэнэ түшээ сонгогчдын сонголтын цэсэнд байх нь зүйтэй. Өмнөх парламентаас төрийн залгамж халаагаа үргэлжлүүлээд аваад явчихаар, дараагийн үе, залуу улстөрчиддөө юухнаар ч үлгэрлээд, хамтдаа хөгжөөд, мэддэгээ хуваалцчихаар туршлагатай, буурьтай, нэр төртэй улстөрч цөөнгүй бий. Хэнийг сонгох нь мэдээж сонгогч таны эрх.
Үүнээс гадна эв нэгдлийг сонгох нь юу юунаас чухлыг өмнөх гурван ч парламентаас бид хангалттай харж, горыг нь ч чамлахааргүй амссан. Тодруулбал, дотроо эв нэгдэлгүй, биенээ дэмждэггүй бол хэчнээн мундаг, туршлагатай, мэдлэгтэй улстөрчдөөс УИХ бүрдээд нэмэргүйг хамтарсан Засгийн газар байгуулаад ч, олонх, дийлэнх болоод урагшилж өгдөггүйг бид мэднэ.
Тиймээс аливаа бодлого, шийдвэрийг хамтдаа гаргаж, түүнийгээ зангидсан гар шиг нэгдмэл байдлаар дэмжиж, ажил хэрэг болгох, үр дүнд хүрэх, зөвийн төлөөх хүчтэй сөрөг хүчин байх баг, бүлэг ирэх УИХ-д ус агаар мэт хэрэгтэй. Энэ нь сонгогчид бодлогын хувьд аль болох багаар нь, олноор нь дэмжвэл ард иргэдэд ашигтай гэсэн үг.
Мөн асар хурдтай хөгжиж, даяарчлагдаж буй өнөө цагт шинжлэх ухаан, эрүүл мэнд төдийгүй бараг бүх салбарт дэлхийн хөгжлөөс тээр хол хаягдаж, хоцрогдсон монголчуудад шинийг эрэлхийлэгч, шинжлэх ухаанч, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх мэргэшсэн, мэдлэг, боловсролтой боловсон хүчин Монголын төрд яах аргагүй дутагтаж буй.
Ядаж л боловсролын салбарт сурах бичгийн стандартыг тогтоох, эрүүл мэндийн салбарт шинэчлэл авчрах, шинжлэх ухааны салбарыг бодлого, санхүүгийн хувьд өөд нь татах, хэл, соёлын дархлаагаа улам батжуулах гээд хийх зүйл тэдэнд маш их бий. Энэ мэтээр Монголын төрд дутагдаж буй зүйлсийг бичвэл уртаас урт жагсаалт хөвөрнө. Хамгийн чухал нь эдгээрийг мэдэрч, мэдэж хийх бодлогыг зангидах төрийн түшээг сайн судалж, зөв хүнээ сонгох нь сонгогч таны үр хүүхэд, ирээдүйнхээ өмнө хүлээж буй үүрэг, өндөр хариуцлага юм.
3.5 сая хүн амаас 606 нь "Намайг сонгооч” гээд УИХ-ын ээлжит сонгуульд нэрээ дэвшүүлээд ороод ирлээ. Одоо бидэнд тэдний амлалт, мөрийн хөтөлбөрийг нухацтай, сайтар судалж, хэрсүү сонголт хийх алхам л үлдлээ. Сонгогчид хэрсүү байж чадвал ирэх дөрвөн жилд биднийг хэрсүү улстөрчид удирдах нь дамжиггүй билээ.
Тоймч Б.Энх
эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл байхгүй байна.