Б.ТЭМҮҮЛЭН: АМЬТАН ТЭЖЭЭНЭ ГЭДЭГ НЬ ТУХАЙН АМЬТНЫГ ХАЙРЛАНА ГЭСЭН ҮГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.
"Momentomoon” хуудасны хөтлөгч Б.Тэмүүлэнтэй уулзаж ярилцлаа. Тэр бага наснаасаа эхлээд амьтадтай ойр өссөн нэгэн. Тиймдээ ч эзэндээ гологдож, гудамжинд төөрсөн, хүний хариуцлагагүй үйлдлийн золиос болсон амьтдад тусалдаг. Заримыг нь өөр дээрээ авч гэр бүлийнхээ гишүүний тоонд оруулж, сайн ээж нь болдог. Хүмүүс "Амьтан л бол амьтан, араатан л бол араатан” гэж хэлдэг. Гэвч үнэндээ хүнээс илүү "араатан” гэж үгүй. Тэд байгалийн шалгарал, жам ёсны хуулиндаа л захирагддаг. Яг л бидэндтэй адилхан сэтгэл зүрхтэй, өвдөж зовдог, өлсөж даардаг. Ингээд Б.Тэмүүлэнгийн гэр бүлийн үнэнч гишүүдтэй танилцах боломжийг уншигч танд олгож байна.
-Багаасаа тэжээвэр амьтадтай ойр өссөн үү, өөр ямар нэг шалтгаан байсан болов уу. Яг хэзээнээс амьтан тэжээж эхэлсэн бэ?
-Багаасаа тэжээвэр амьтадтай их ойр өссөн. Энэ нь аавтай минь холбоотой. Учир нь аав бага байхаасаа амьтад их хайртай, гэрт нь олон тэжээвэр муур байдаг байсан юм билээ.
Намайг төрсний дараа, арван хоногтой байхад манай гэрт нэг муур орж ирж л дээ. Тэр үед манай үеэл ах нар хүрз барьчихаад нөгөө муурыг хөөж явсан гэдэг. Аав үүнийг хараад ах нарыг болиулж өнөөх муурыг гэртээ оруулж тэжээх шийдвэр гаргасан. Түүнээс л хойш манай гэрт үргэлж муур байдаг болсон доо.
-Одоогоор яг ямар амьтад гэртээ тэжээж байгаа вэ?
-Гурван муур, гурван нохойтой.
-Муур мэдээж маш цэмцгэр, цэвэрч басхүү их дэгжин амьтан шүү дээ. Гэхдээ сэтгэлийг чинь татах ямар увидас мууранд илүү их байдаг юм бол оо?
-Муур заримдаа нэг их дээрэлхүү зантай, бас л хайнга амьтан шиг санагддаг. Гэхдээ их зөөлхөн. Бараг л сайн, муугийн тэнцвэр зэрэгцэж оршдог мэт мэдрэмж төрүүлэх нь бий. Шуудхан өвөр дээр үсэрч гараад л унтчихдаг. Тэр тоолонд сэрээчихгүй юмсан гэж хичээнэ. Даарсан үедээ тэврээд унтахад хүртэл хачин дулаахан амьтан. Нөгөөтэйгүүр нүд нь надад их онцгой сэтгэгдэл үлдээдэг. Ер нь муурыг таньж, ойлгоход хүнээс их тэвчээр шаардагдана. Тэд баярлаж, гомдож байгаагаа нохой шууд илэрхийлчихдэггүй хачин нууцлаг амьтад.
-Монголчууд эртнээс таван хошуу мал, нохой зэргийг гаршуулан тэжээж ирсэн. Харин мууранд тийм ч сүжигтэй ханддаггүй ард түмэн. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Муурыг эзнээ үхэхийг хүлээдэг, муу амьтан гэх нь бий. Гэвч энэ бол цэвэр мухар сүсэг гэж боддог. Ямарч ор үндэсгүй, хэн нэгний ам дамжсан ярианаас болж өөрсдийн мухар сүсгээр амьтдын сайн, мууг дэнслэх нь байж боломгүй зүйл.
-Олон амьтныг аварч, тэжээж, өөр дээрээ үрчилж авсан байдаг. Таны хамгийн анх ямар амьтан үрчилж авсан бэ?
-Би өмнө усан гахай л авч тэжээж байсан. Харин жилийн өмнөөс л хэцүү байдалд орсон муур, нохойг авч тэжээх, хүмүүст үрчлүүлэх зэрэг ажил хийх болсон. Өмнө нь бол ганцаас илүү муур тэжээж байгаагүй.
-Тэгвэл энэ ажлыг хэрхэн эхлүүлэх болов доо. Аливаа хүнд ямар нэг зүйлийг эхлүүлсэн мартагддаггүй дурсамж байдаг даа?
-Өнгөрсөн жилийн нэг орой ээж, дүү хоёртойгоо хамт гэртээ орох гээд явж байтал замын хажууд нэг Хаски хэвтэж байсан. Тэгтэл ээж "Одоо хүртэл энд байж байгаа” юм байхдаа гээд гайхах, өрөвдөхийг зэрэгцүүлэн хэлсэн. Ээж уг нь өглөө тэр газарт хэвтэж байхийг нь харсан юм билээ. Би түүнийг машинд дайруулчихсан юм болов уу гэж таамагласан. Би ээж, дүү хоёрыг гэртээ оруулчихоод муурныхаа идүүрэнд ус хийгээд өнөөх нохойд өгч, хажууд нь хэсэг суусан юм. Яг тэр үед өөрийгөө малын эмч гэж танилцуулсан нэг ах хүрч ирээд нохойны амыг гутлын маань үдээсээр боож өгөөд, гэрт оруулж тусалсан. Тэр л үед би анх удаа нохойны групп руу хандаж өнөөх Хаскины тухай бичвэр оруулсан. Гэтэл хэдхэн цагийн дотор 200 гаруй мянган төгрөгийн хандив цугларч, маргааш нь эмнэлэг рүү хүргэж өгөх хүн ч олдсон. Манай монголчууд хэчнээн цайлган, сайхан сэтгэлтэй болохыг тэгэхэд л ёстой нэг мэдэрч билээ.
-Тэр нохой яасан бэ, бэртэл гэмтэл нь хэр их байсан бол?
-Тэр нохойны хувьд жаахан гунигтай л даа. Аарцаг, сүүжний яс болон нуруу нь хоёр газраа хугарчихсан, бөгсөн бие нь мэдээгүй болсноор ямарч найдлагагүй гэсэн. Тиймээс унтуулахаас өөр аврал тэр нохойнд байгаагүй. Энэ явдал надад маш хүндээр туссан, дотроо их ч эмзэглэсэн дээ. Түүнээс л хойш асуудлыг би арай томоор харж, сэтгэх болсон.
-Тэгвэл "Momentomoon” хуудсанд зураг нь нийтлэгдсэн хаски өөр нохой байх нь ээ?
-Тийм. Тэр хаскиндаа Ибүүнаа гэж нэр өгсөн. Өмнөх эзэн нь зодож, жанчдаг бололтой хүзүүвч нь хүзүүнд нь шигдээд цустай хутгалдчихсан байсан. Түүнийг нэг сайхан сэтгэлтэй охин гудамжнаас олоод уг нь хүнд үрчлүүлсэн юм билээ. Гэтэл ийм асуудалтай тулгарчихсан. Тэгээд би түр харж өгч болно шүү гэж хэлснээс хойш бараг л сарын дараа "Эзэн олдоогүй тул, маргааш унтуулахаар боллоо” гэсэн "чат” ирсэн. Би уншингуутаа л уйлчихсан. Шуудхан "би авъя” гэж хэлээд л Ибүүнаагаа гэртээ хөтлөөд ирсэн дээ. Би уг нь нохойноос жаахан айдаг, Ибүүнаа маань ч анх муухай ааштай байсан. Хоолоо харамладаг, биедээ хүргэдэггүй байлаа. Энэ бүхэнд нь шантрах үе тулгарч байсан ч хэдхэн долоо хоногийн дотор өөрчлөгдөж, надад маш хурдан дассан.
-Тэгвэл хамгийн их сэтгэл хөдөлгөсөн түүхтэй нь аль нь вэ?
-Амьтан тэжээхэд хэдий хэр хэмжээний хөрөнгө зарцуулагддаг бол. Хоол ундны хүртээмж, эрүүл ахуйн талын үзлэг шинжилгээ хэр байдаг вэ?
-Үзлэг шинжилгээний тал дээр бол алтан дундаж л даа. Харин хөрөнгө мөнгөний хувьд мэдээж асуудал гарна. Гэвч нэг их мөнгө төгрөг зарцуулагддаггүй. Би ямарч орлогогүй, оюутан хүүхэд. Гэхдээ болгоод, яваад л байна. Зарцуулагддаг мөнгөний талаар яг нарийн тоо бол сайн мэдэхгүй. Ямартаа ч муурны хоол 10 кг нь 1-2 сар бол хангалттай байдаг. Амьтны хэрэгслийг нэг авчихсан байхад бол асуудалгүй. Ер нь тэгээд амьтан тэжээнэ гэдэг тухайн амьтныг хайрлана гэсэн үг. Ийм учраас зардал мөнгийг нэг их асуудал болгоод байдаггүй.
-Бэртэж гэмтсэн болон эзэнгүй хаягдсан амьтадтай гудманд юм уу, хөдөө гадаа таарвал хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Эхлээд гэртээ авчирдаг. Ээжийг ажлаа тараад ирэхэд нь бөөн сюрпризтэй л угтана шүү дээ. Харин ээж минь амьтанд хайртай, намайг дэмждэг болохоор энэ бүхэнд цааргалаж байсан удаагүй. Дараа нь эмнэлэгт үзүүлж, "Азтай савар” ТББ-д ханддаг. Эмчилгээнд байх хугацаанд нь эзэн хайж олоод хариуцлагтай, найдвартай хүнд хүлээлгэж өгдөг дөө.
-Амьтдын эрхийн асуудал дээр юунд хамгийн их эмзэглэдэг вэ?
-Муур, нохой тэжээх чинь хүүхэдтэй болж байгаатай яг л адилхан. Би лав өглөө босонгуутаа амьтдынхаа хоолыг өгч, гаргаж салхилуулдаг. Дараа нь өөртөө анхаардаг. Гэтэл хүмүүс тухайн амьтныг судлаагүй, ямарч ойлголтгүйгээр тэжээж эхэлдэг. Нэг ёсондоо амьтдыг өхөөрдөж авчихаад тэжээж чадахгүй болохоороо гудманд гаргаад хаячихдаг. Тэжээвэр амьтад зүгээр нэг чихмэл тоглоом биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр амьтдад бидэндтэй л адилхан сэтгэл зүрхтэй. Дараагийн асуудал нь хамаагүй үржүүлэгт оруулдаг. Энэ хариуцлагагүй алдаанаас болж олон амьтад гудамжинд хаягдах эрсдэл бий болдог. Үржүүлгэ бол мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил гэдгийг мэддэг байх хэрэгтэй, анхаарах ёстой.
-Нийт ер нь хэчнээн амьтанд тусалж, хэдийг нь үрчилж өөр дээрээ үрчилж авсан бэ?
-Сүүлийн нэг жилийн хугацаанд л энэ ажлыг хийж байна. Тийм ч их биш, өөрийнхөө чадахын хэрээр л амьтдад тусалдаг.
-Тэжээмэл амьтадтай байхийн сул болон давуу тал таны амьдралд хэрхэн тусдаг юм бол?
-Би амьтдаа өөрийн гэр бүл гэж боддог. Надад тэд минь маш их сэтгэлийн таашаал, кайф бэлэглэдэг. Энэ амьтдыг ашиг харж тэжээгээгүй учраас миний л хувьд "сул тал” гэж үгүй. Давуу тал харин олон бий. Багаасаа амьтадтай өссөн хүүхэд ямар нэг төрлийн харшил тусдаггүй гэдэгт би итгэдэг. Үүнийг би өөрийнхөө биеэр туулсан болохоор сайн мэднэ. Нөгөө талаар амьтад дунд өссөн хүн бусдыг ойлгодог, хайрлаж сурсан хүнлэг нэгэн болж төлөвшдөг.
-АНУ-ын нийт өрхийн 56 хувь нь тэжээвэр амьтантай байдгаас 38 орчим хувь нь нохой тэжээдэг. Ер нь муур, нохой хоёр хоорондоо дасан, зохицож амьдрахдаа хэр байдаг вэ?
-Багаас нь хамт өсгөвөл асуудалгүй. Түүнээс биш нэг нохойтой байснаа гэнэт муур аваад ирвэл эхний хэд хоногтоо гэрт дайн үүснэ шүү дээ.|инээв|Харин эзэн нь өөрөө ухаантай байж чадаад муур, нохойгоо аажим аажмаар танилцуулж дасгавал зүгээр. Нэгэнт хоорондоо дасчихсан амьтад бие биедээ үнэнч байж чаддаг. Байхгүйд нь нэгнээ их үгүйлдэг.
-Муурнууд дотроос чинь Лүнирагийн нүд нь их онцгой байсан. Анх түүнийг өөр хүн гудамжнаас олсон юм билээ. Та яагаад энэ муурыг авч тэжээх болсон бэ?
-Тийм шүү. Надад нүд нь их таалагдсан. Би өмнө нь цахимаас олон муурны бичлэг үзэж байсан ч тийм нүдтэй муур харж байгаагүй. Яахав өөр нүдтэй ангорын зургууд бол яг хайж үзэхэд гарч ирдэг юм билээ. Би анх Лүнира шиг нүдтэй муурнуудад дурлачихсан байсан болохоор энэ цагаан ангорыг авчих юмсан гэж их бодсон. Гэтэл би өөрөө хэд хэдэн муур, нохойтой байсан болохоор зориглож чадаагүй, жаахан эргэлзэж байсан. Бас л өвлийн хүйтэнд хөлдөхөө шахсан, зовлонтой амьтан олдсон юм билээ. Гэтэл эзэн олдохгүй их удсан даа. Өөрийн эрхгүй өрөвдөөд л авчихсан. Одоо бол энэ шийдвэртээ огт харамсдаггүй.
-Одоо бол хүмүүс харьцангуй өөрчлөгдсөн. Амьтан зовоохын эсрэг байр суурьтай байдаг шүү дээ. Чиний хувьд амьтдыг зовоохгүйгээр тэжээх өөрийн гэсэн баримталдаг дүрэм бий юу?
-Нэг асуудал бий. Хүмүүс муурных нь үс уналаа гээд хусуулчихдаг. Тэд амьтныг огт хүндлэхгүй, хайрлахгүй байгаа нь харагдаж байна. Учир нь эхлээд муураа бус өөрийнхөө тав тухыг бодож шийдвэр гаргадаг. Энэ бол буруу хандлага. Тийм ч учраас би эхлээд амьтдынхаа тав тухыг тэргүүнд нь тавьдаг. Мөнхүү байгальтай ойр байлгахыг хүсдэг. Харин үржил авах мэс заслыг бол дэмждэг.
-Өглөө нохойгоо салхилуулахаас авахуулаад нэг өдрийн чинь амьдрал ер нь хэрхэн өнгөрдөг вэ?
-Сэрсэн даруйдаа л нөгөө хэдтэйгээ зууралдана. Хоолыг нь өгнө, салхилуулна. Гадаа хамтдаа тоглоно. Заримдаа бид хэд чинь хоорондоо муудалцана, дараа нь эвлэрнэ. Ер нь уйдах завгүй амьдрана шүү дээ.
-Том болоод хүүхэдтэй болохоороо энэ олон амьтдаа яах вэ гэдэг асуултыг хүмүүс таньд тавьж байсан уу?
-Ийм асуулт сонсож байгаагүй. Гэхдээ эрүүл саруул энэ амьтад хүүхдэд ямарч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Дүү маань ч одоо амьтад дунд л өсч байна. Тэр бусдыг илүү ойлгодог, хайрладаг хүн болж буйд нь би итгэдэг.
-Мэдээж тэжээж буй амьтдаа гэр бүлийнхээ нэг хэсэг болгон харж, амьдарч байгаа хүний хувьд тэжээхээс залхах тохиолдол гарч байгаагүй болов уу. Харин энэ ажилдаа "түүртэх” үе байв уу?
-Түүртэх явдал гаралгүй л яахав. Хааяа ядаргаатай санагдана, уур уцаар хөдлөнө. Гэхдээ нэг хараад л тайвширчихдаг. Гараараа зөөлхөн илэхэд л хайр асгарна. Тэгээд л өөрийгөө үгүйсгэж эхлээд нөгөө хэдийгээ эрхлүүлэх ажилдаа орно доо.
-Ер нь тэжээвэр амьтад хүнийг стресс бухимдлаад салгаж, ганцаардлаас нь ангид байлгадаг гэж судлаачид үздэг. Энэ амьтад таны амьдрал ямар утга учрыг бий болгож, бүтээж өгдөг вэ?
-Ганцаардалд хань болдог нь үнэхээр үнэн. Нөгөөтэйгүүр бухимдлаа мартахад тусалдаг. Нэг л их стрессээр дүүрсэн хүн гэртээ орж ирээд л нөгөө хэдийгээ харж, хоол унд гээд шуудхан бухимдаж байснаа мартаж орхидог. Тэд хүний сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч чадна. Намайг уйлахад дэргэд ирж суугаад хань болдог, биеийг минь шөргөөж аргаддаг.
-Тэжээвэр амьтнаа алдах тохиолдол байсан уу?
-Хайртай дотны нэгнээ алдаж буйтай яг адилхан мэдрэмж төрдөг. Дараа нь санаж, уйлах тохиолдол ч их бий. Өөрийнхөө хариуцлагагүй байдлаас болж алдах юм бол бүр ч хэцүү.
-Ирээдүйд амьтдыг аварч, хамгаалах ямар нэгэн сан үүсгэж ажиллана гэж боддог уу?
-Тийм. Одоохондоо хүсч, мөрөөдөж буй зорилго минь энэ. Мөнхүү монголд асуудалтай хүүхдүүд олон бий. Тэдэнд ч мөн туслана гэж боддог.
-Хүмүүс золбин, бэртсэн амьтан олоод чамд хандах тохиолдол их гардаг уу?
-Сүүлийн үед бол маш их хандаж байгаа. "Азтай савар”-ын группээс миний оруулсан бичвэрийг харсан, уншсан хүмүүс зөвлөгөө их авдаг болсон байна лээ.
-Тэр болгонд ямар хандлага илэрхийлэх үү?
-Өөрийнхөө мэддэг юмыг хэлж, зөвлөгөө өгдөг. Ер нь амьтныг хайрлах, аварч хамгаалахыг хүссэн хүн бүр л надад таатай сэтгэгдэл төрүүлдэг.
-Амьтад ч гэсэн өөрсдийн сэтгэл зүрх бий гэсэн шүү дээ. Хүмүүст юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Амьтан авахдаа хариуцлагатай хандаарай гэж хэлье. Үржүүлэгийн асуудлыг бол чаддаг хүмүүс нь л хийнэ гэдгийг дахин сануулмаар байна. Хариуцлаггүй үржүүлэгийн хор нөлөөг "Азтай савар”-аас харж болно. Тэнд сэтгэл эмзэглэмээр олон жишээ бий. Нэг эгч муураа зулзагалуулна, зуун мууртай болно гэхэд нь би "Үржүүлэгийн асуудал дээр анхааралтай хандаарай” гэж зөвлөсөн. Харин нөгөө эгч өөрийнхөө амьтныг өөрөө мэднэ гэх утгатай хариу хэлсэн л дээ. Мөнхүү гэр нь олон өрөөтэй болохоор хэчнээн ч мууртай байж чадна гэсэн юм. Гэтэл сүүлд нэг зулзагыг нь 150 мянгаар зарна гэсэн зар тавьчихсан байсан. Амьтдаар бизнес хийх гэж байгаа бол амьтан тэжээх хэрэггүй гэж л хэлмээр байна. Өөрөө ажиллаж хөдөлмөрлөөд мөнгө олох өчнөөн арга бий.
эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл байхгүй байна.