“Энэ долоо хоногт аадар бороо орох төлөвтэй”
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал:
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар +39 хэм хүрч халсан. Үүний дараагаар усархаг аадар бороо орох нөхцөл бүрддэг. Тиймээс бид энэ сарын 19-нөөс эхлэн сэрэмжлүүлэг мэдээг гаргасан. Энэ нөхцөл өнөө маргааштаа үргэлжилнэ. Өнөө шөнөдөө төвийн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байна. Энэ долоо хоногт хур бороо орох төлөвтэй. Өнөөдрийн хувьд баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 23-нд баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зарим газраар, 24-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 25, 28-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно. Уулархаг газруудаар цас орно. Салхины хувьд нөөлөг салхи гэдэг нь монголчуудын хэлдгээр борооны өмнө шороо гэж нэрлэдэг. Энэ үзэгдэл аадар борооны өмнө хүчтэй ажиглагддаг. Булган, Төв, Дундговь аймагт энэ үзэгдэл ажиглагдаж, шороон хана боссон. Энэ сарын 23, 24-нд салхи секундэд 13-20 метр секунд хүрч ширүүснэ. Энэ сарын 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.
Сэтгэгдэл байхгүй байна.