Д.Сумъяабазарын сүүлийн сум нь Ж.Сандагсүрэн
НИТХ-ын сонгуулийн дүн мэдээ албан ёсоор зарлагдаагүй байхад нийслэлийн дараагийн Хотын дарга хэн байх вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд орлоо. Энэ сунгаанд гарын таван хуруунд багтах хүмүүсийг нэрлэж байгаа. Эдгээрээс Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар хамгийн магадлал өндөр.Гэхдээ томилгоог эцсийн байдлаар зарлах хүн нь УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар. Нийслэлийн МАН-д ялалт авч ирсэн 34- суудлын 10 нь Сонгинохайрхан дүүргийнх. Энэ утгаараа ч тэр, Нийслэлийн МАН-ын хороог удирдсан Д.Сумъяабазарын хувьд ч өөрийнх нь "төрхөм” Сонгинохайрхан тул дараагийн Хотын дарга нийслэлийн баруун захаас тодрох магадлал өндөртэй.
Намдаа үнэмлэхүй ялалт авч ирсэн Сонгинохайрхан дүүргийн МАН-аас нийслэлийн Засаг даргын сунгаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нарын нэр яригдаж байна. Р.Дагва даргын хувьд өнгөрсөн хугацаанд НИТХ-ын даргаар ажилласан. Мөн хотын төлөөлөгчдөө сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд залж чиглүүлсэн хүн. Энэ утгаараа хотын даргад нэр нь яригдаж байгаа. Гэхдээ энэ удаа түүнийг өнжөөж, Хотын Ерөнхий менежерээр ажиллуулна гэсэн бор шувуу улс төрийн хүрээнд нисэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.