Хотын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гэж хэн бэ
Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр өөрийн хамтран ажиллах, баг бүрэлдэхүүнээ танилцууллаа. Энэ томилгооноос хамгийн анхаарал татах албан тушаал нь мэдээж, хотын 1-р орлогчийн асуудал. Учир нь энэ албан тушаалтанд хотын даргын дараа орох эрх мэдэл, үүрэг хариуцлага ногдож байгаа. Энэ утгаараа дээрх суудалд хотын амьдралыг мэддэг сайн менежер очиж, Улаанбаатар хотын захирагчийн ачааг үүрэлцэх учиртай. Энэ удаагийн хотын даргын 1-р орлогчоор Ж.Сандагсүрэнг томиллоо.
Ж.Сандагсүрэн 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Математикийн загварчлал, эдийн засагч мэргэжилтэй. 2001 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас ажлын гараагаа эхэлж байсан юм. Тэрээр 2016 оноос өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ажлыг анх хүлээн авахдаа тус дүүргийн нийгмийн үйлчилгээний хоцрогдлыг арилгана гэж амлаж байсан юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрээр дүүргийг удирдахдаа өгсөн амлалтуудаа бүрэн биелүүлжээ. Тодруулбал, Ж.Сандагсүрэнг Засаг даргаар томилогдохоос өмнө буюу 2016 оны үед дүүргийн жилийн төсөв 30 орчим тэрбум төгрөг байсан. Харин өдгөө энэ тоо 180 тэрбумд хүрээд байна. Энэ хөрөнгө оруулалтын үрээр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон бусад төрийн байгуулагаас авах үйлчилгээний хүртээмж эрс сайжирч, өмнө хоцрогдолтой байсан үзүүлэлтүүд өөрчлөгджээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэд Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн ажилд 2020 оны сонгуулиар дүн тавьж, түүнийг амлалтадаа хүрдэг улстөрч хэмээн дахин итгэл хүлээлгэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгоод байна.Тэрээр өчигдрөөс Нийслэлийн Засаг даргын 1-р орлогч хэмээн хариуцлагатай албанд томилогдоод байна.
Сэтгэгдэл байхгүй байна.