Сэтгэлийн гүн рүү яруухан эгшиглэгч Б.БАЯРЦЭЦЭГ
Түүнд "ЯРУУ” гэх үг тун ононо. Юугаараа тэр яруу вэ гэвэл Монголын рок попын ертөнцөд уянгалаг дуу хоолой, дууг үг бүрээр нь мэдэрч, урлаж дуулдгаараа тэр яруу нэгэн. Түүний дуунууд санасан, хүлээсэн, бодсон, шархалсан, шаналсан хэн бүхнийг сэдрээж, уянгалаг аялгуугаар хүний сэтгэлийн дотоод өнгө аясыг тэр чигт нь дамжуулан илэрхийлдгээрээ өөр. Анх хип хопын хамтлагуудтай дөрөө харшуулж, дууных нь дахилтыг уянгалаг хоолойгоороо чимж, түүнийг гарч ирж байх үед хүмүүс "Энэ дууны дахилтыг дуулсан дуучин хэн бэ” хэмээн түүнийг эрж, хайж, таниж байсан гэдэг. Тэр л эрлээс тэр хүмүүст танигдаж, өөрийн дуу хоолойгоо гайхуулсаар явж. Тэгээд бид түүнийг "Люмина” хамтлагийн "Хүнийх”, "Шүрэн бугуйвч” киноны дуу, "Шөнө дундын бүжиг” жүжгийн дуу, "Элсний нүүдэл” киноны дуу, "Тэнгэрт харвасан од” киноны дуугаар нь эчнээ танина. Ингээд харахаар бидний сэтгэлд үлдэж, аманд аялагддаг киноны дуунуудыг тэр өөрийн дуу хоолойгоороо амилуулж, түүний дууг нь дуулсан уран бүтээлүүд ч үзэгчдэд их хүрч байсан.
Түүний хоолойнд уянгын дуунууд ихэд зохицдог. Тэр дундаа кино болон жүжгийн дуу түүний дууны урын сангийн ихэнх хувийг эзэлнэ. Нэг тийм дотно, эсвэл алс мэдрэмжийг түүний дуунууд төрүүлж, тэр Монголын рок попын ертөнцөд "Шүрэн бугуйвч”, "Шөнө дундын бүжиг”, "Учрал” киноны дуу, "Аз жаргал” киноны "Чамайг би мартаагүй” зэрэг хүний дотоод сэтгэл рүү өнгийсөн уран бүтээлийг өөрийн уран яруу хоолойгоороо шаглан дуулсаар өнөөдрийг хүрсэн. Тэгэхдээ тэр дууныхаа гүнд орж, зарим дуундаа амьдарч, жүжиг, кинондоо өөрөө тоглож, дүрийнх нь өмнөөс шаналж дуулдаг. Тухайлбал, "Чамайг би мартаагүй” дууг тэр хэн нэгнийг санасан, үгүйлсэн Б.Баярцэцэгээр дуулж, өөрийгөө дуу бүртээ бүрэн оршоож, алив уран бүтээлийн дотроос нь мэдэрч, амин сүнсийг нь олж дуулдаг. Түүний дуулсан дууг өөр хэн нэгэн дуулсан ч түүнээс давахгүй. Тэр ингэж цааш замгүй болтол, дахин давтагдашгүйгээр дуулдаг. Тэр энэ байдлаа "Содон аялгуу" дууныхаа үгээл илэрхийлдэг. Тус дуунд,
Өөрийнхөөрөө дуулахыг минь та сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй
Өр зүрхэнд минь содон аялгуу
Өнгө нэмэн таны зүрхэнд шингэнэ... гэж өгүүлнэ. Тэр ийм л содон аялгууг, өөрийнхөөрөө, бусдын зүрх сэтгэл рүү түрэн дуулдаг уран бүтээлч.
-Анх хамтлагуудын дуунд эмэгтэй хоолой оруулдаг байсан-
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд долоон айлын дундах охин болон мэндэлсэн тэрбээр таван настайгаасаа ээжийнхээ байгууллагын концертэд дуулж, тус аймгийн хоёрдугаар арван жилийг дүүргэтлээ урлагаас холдоогүй байна. Анх дуу хөгжимд дөнгөж татагдсан жаахан охин байхад нь аав, ээж хоёр нь түүнд анхны систем хөгжим өгснөөр дэлхийн одуудын дууг сонсож, дуучин хүн гэж ийм байх ёстой гэсэн мэдээллийг өөртөө тэр авч байжээ. Тэгээд л нутгийнхаа урлаг соёлын бүх уралдаанд байр эзэлж, шилдгээр шалгардаг байж. Тэрбээр энэ тухай "Би багаасаа л дуулж, бүжиглэж, дуу зохиох зэргээр урлагийн авьяастай байсан” хэмээн ярьжээ.
Багаасаа урлагт сонирхолтой, дуулж бүжиглэдэг байсан болохоор урлагийн хүн болно хэмээн эрс шийдсэн байж. Гэвч тэр СУИС-ийн дулаачийн ангид шалгалт өгөхөөр очтол дуу, бүжиг, этюд гээд бүхий л зүйлээрээ тэнцсэн ч ганцхан шүдний байрлалаасаа болоод тэнцээгүй гэдэг. Тэгээд Хөдөө аж ахуй их сургуулийн нягтлан бодогчийн ангид суралцжээ. Хэдий өөрийн сонирхлоосоо өөр мэргэжлээр суралцаж байгаа ч тэрбээр дуугаа орхилгүй дуулсаар, тухайн үед гарч байсан хамтлагуудтай хоршин дуулдаг болжээ. Энэ тухай тэрбээр "Би ганц "Ice Top” гэлтгүй олон хамтлаг, дуучинтай хамтарч дуулсан. "Болор” хамтлаг, дуучин Т.Ариунаа, "Люмино”, "Фанк Пит” гээд л. Бүp долоо, найман жилийн өмнөөс хип хоп хамтлагуудтай нөхөрлөж, дуунд нь эмэгтэй хоолой оруулж байсан” хэмээн ярьсан байдаг. Ингэж л тэр өдгөө Монголын рок попын гал тогоонд хориод жилийг өнгөрүүлж, өнөөдөр хэдийн өөрийн гэсэн өнгө төрхтэй уран бүтээлч болон тогтжээ.
-АНГЛИ, ОРОС ХЭЛЭЭР ТОРОХГҮЙ ДУУЛАГЧ-
Өвөрмөц уянгалаг хоолойноос гадна түүний нэг онцлог шинж чанар бол тэр дуугаа орос, англи хэл дээр дуулдаг. Багаасаа Орос найзтай байсан, орос хэлийг гарамгай сурсан бол англи хэлийг бол өөрөө бие даан сурсан гэдэг. Тэгээд л Орос, Англи хэлээр торохгүй дуулж, гадаад руу өөрийн олон уран бүтээлийг таниулсан нэгэн. Энэ тухай тэрбээр "Жил бүр орос дууны тоглолт хийдэг.Тэр дуунуудад миний аав, ээжийн үеийнхэн их дуртай. Намайг бага байхад аав, ээж хоёр орос дуучдын концертыг байнга үзнэ. Манай Алтанбулаг чинь Орос Монголын хил дээр байсан болохоор ээж, аавыгаа дагаад Орос руу гарч, хоол хүнс цуглуулна. Тэр дуунууд хит болж байхад би юугаа ч мэдэхгүй хүүхэд байсан” хэмээнэ. Ийнхүү тэр ганц Монгол дууг ч биш Орос, Англи дууг уянгалаг сайхан дуулж орос нэртэй хоёр ч тоглолтыг үзэгчдэд хүргээд буй.
-ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГЭЭ АЖИЛЛАГЧ-
Дээр бид дуучин Баярцэцэгийн тухай өгүүлсэн бол энэ хэсэгтээ Б.Баярцэцэгийг өөрөөр мөн танилцуулах нэг зүйл бол тэр өөрөө өөртэйгээ ажиллагч. Өсвөр наснаасаа эхлэн өөрөө өөртэйгээ ажиллаж одоогийн ямар ч дуучинд байхгүй, өвөрмөц сайхан хоолойг тэр бий болгожээ. Өөрөөр хэлбэл, хаанаас ч сонссон Б.Баярцэцэг байна гэх танил хоолой тэр өөрийн хөдөлмөр авьяасаар бий болгосон. Байнга усанд сэлж, дасгал хөдөлгөөн хийж, цагаан хоол идэж, эрүүл мэнддээ анхаарч, урлагийн хүний гоё сайхан байх зарчмыг ягштал мөрддөг тэрбээр 40 настай мөртлөө 20 настай мэт харагддаг хэмээн урлагийнхан дундаа яригддаг. Үнэхээр энэ бүхэн хувь хүн өөрөө өөртэйгээ ажиллаж байгаагийн нэгэн илрэл.
Б.Баярцэцэгийн түүх, амьдралын хэв маяг, уран бүтээл товчхондоо ийм замналтай. Түүнд байгаа, бусдаас ялгарах түүний гол онцлог бол уянгалаг яруу хоолойгоороо үзэгчдийн дотоод сэтгэл рүү урсан орогч. Тэр одоо ч дотоод сэтгэл рүү урссан уран бүтээлээ төрүүлсээр, дуулсаар байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна.