Б.БОЛОРЧУЛУУН:Би биедээ 30 гаруй сая төгрөгөөр шивээс хийлгээд байна
Монголын анхны цээжин биен дээрээ битүү шивээстэй иргэн бол Бямбацогтын Болорчулуун билээ. Монгол шивээсний урлагийг хөгжүүлэхийг хүсдэг тэрбээр нийт 30 гаруй сая төгрөгийг шивээс хийлгэхэд зарцуулжээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шивээс хийлгэх болсон шалтгаан байв уу. Анхны шивээсээ хийлгэсэн түүхээсээ хуваалцаач?
-Найзуудыгаа шивээс хийлгэж байгааг хараад өөр дээрээ хийлгэх санаа төрсөн. 2006 онд анх удаа шивээсний машин биедээ хүргэж, шивээстэй болж байлаа. Том жижиг нийлсэн шивээс дундаас хамгийн том нь нуруун дээр байдаг лууны шивээс, цээжин дээр байдаг гавлын ясны шивээс. Намайг муу зүйлсээс хамгаалаад байгаа юм шиг санагдаж, бэлгэшээдэг.
-Сүүлийн жилүүдэд хүмүүс шивээсийг илүү ойлгодог болсон санагддаг. Цээжин бие дүүрэн шивээсийг нь хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
-Цөөн шивээстэй байхад олны нүдэнд төдийлөн өртдөггүй байлаа. Харин одоо бол цээжин хэсэг битүү шивээстэй учраас жаахан жийрхэж, буруугаар ойлгох гээд байдаг. Намайг сайн мэддэггүй хүмүүс болохгүй, бүтэхгүй нэгэн гэж хардаг байх.
-Ажилд нь хийлгэсэн шивээс нь саад болсон үе бий юү?
-Би нягтлан бодогч мэргэжлээр төгссөн ч, мэргэжлээрээ ажиллаж байсангүй. Аавынхаа ажилд тусалж байгаа гурван жил БНСУ-д ажиллаж байгаад ирсэн. Солонгосчууд ч гэсэн аюултай, муу хүн байж магадгүй гэсэн харцаар хүлээж авдаг байлаа. Эх орондоо ирээд "Matrix” салонд үсчин хийсэн. Ажлаа хийж байхад гайхсан, харь гарагийг хүн харсан юм шиг хүмүүс их таарсан даа. Тун удахгүй шивээсчин найзтайгаа хамтран ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаа.
-Ойрхон давтамжтайгаар шивээс хийлгэхээр өвдөлт нь багасдаг уу?
-Өвдөлтөө тэсэж, дасаж эхэлдэг юм билээ. Тэгээд шивээс хийлгэхгүй удах үед дахиад шивээс хийлгэмээр санагддаг болсон.
-Шивээсийг нь гэр бүлийн гишүүд хэрхэн хүлээн авсан бэ?
-Гэр бүлийнхнээсээ их айдаг байсан, нуугаад л гэртээ ордог байсан даа. Нэг нэгээр нь нэмсээр битүү шивээстэй болсон байна. Гэрийнхэн маань миний зорилго, дуртай зүйлийг маань хүндэлдэг учраас намайг хориглоогүй. Харин хэзээ ч битгий нүүрэн дээрээ шивээс хийлгээрэй гэж захидаг.
-Монгол Улсын цээжин дээрээ бүтэн шивээс хийлгэсэн анхны хүн юм билээ. Энэ талаар яривал?
-Дуртай зүйлээ дутуу хийлгээд байгаа юм шиг санагдсан учраас зорилго тавьсан. Золиос, зорилго хоёрын үр дүнд анхны цээжин биеийн бүтэн шивээстэй хүн болсон.
-Ингэж их шивээс хийлгэсэн дээ харамсаж байв уу?
-Огтхон ч харамсаж байгаагүй. Хүмүүс эвгүй харж сөрөг сэтгэгдэл үлдээхэд нь "Би энэ хүмүүсийн ярьж байгаа шиг муу билүү” гэж гайхдаг байсан. Миний биелүүлэхийг хүсдэг мөрөөдөлд энэ хэмжээний золиос хэрэгтэй л байж гэж боддог. Ирээдүйд миний нэр Монгол Улсад шивээс хөгжиж, өөр түвшинд хүргэсэн хүмүүсийн нэг хэмээн дурсагдана гэж бодох их сайхан.
-Хийлгэх гэж хугацаа шаардсан шивээс бий юү?
-Нуруун дээрх шивээсийг хийж дуусгах хугацаа аль хэдийн болчихсон. Гэхдээ дуусаагүй 10 жил болсон байна. Эхлүүлсэн шивээсчин бид хоёрын цаг таарахгүй байгаа юм. Уг нь хоёр сарын дотор дуусах ажил. Эхлүүлсэн хүнээр нь дуусгах ёстой гэж бодсон учраас өөр хүнээр үргэлжлүүлэн хийлгээгүй.
-Хүмүүсээс ирдэг сэтгэгдэл дунд мартагддаггүй үг байдаг уу?
-"Чамайг үхсэний дараа хэрээ ч тоож идэхгүй болж дээ” гээдэг үг хамгийн муухай байсан. Хүн гэдэг нөгөө хүндээ ямар санагдахыг бодолгүйгээр амнаасаа үг унагааж, нөгөөгөө хэмлэж байдаг. Тэгээд "Эхнэр нь яаж тэвэрдэг байна, хөөх муухай юм аа” гээд дурдаад байвал дуусахгүй муулна. Одоо ч сөрөг үгсийг тоохоо больж дээ. Ер нь "Бурхан хүртэл хүнд таалагдаагүй учир цовдлуулсан” гэдэг шүү дээ. Бүх хүнд таалагддаг хүн байхгүй байх.
-Залуучуудад хандаж хэлэхийг хүсдэг үг байдаг уу?
-Хийж байгаа зүйлийнхээ эцсийнх нь үр дүнд харах тууштай, хүчтэй байгаарай.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна.