Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…

0

 

Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…

 

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон тус компанийн Худалдан авалт хариуцсан захирал Н.Цэрэнсамбуу нар Засгийн газрын ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ цаг үеийн нөхцөл байдал, хөрс хуулалт нүүрс олборлолтын тендер шалгаруулалтын талаар ярив.

 

 

Энэ үеэр Н.Цэрэнсамбуу "Эрдэнэс Тавантолгой ХК-аас Цанхын баруун уурхайн хөрс хуулалтын тендер шалгаруулалтыг зарласан. Шалгаруулалтын нээлтийг хийхэд нэгдүгээр багцад гурван ААН, хоёрдугаар багцад хоёр ААН орсон. Бүх мэдээллийг tender.gov.mn харж болно” гэсэн юм. tender.gov.mn сайтаас хөрс хуулалтын 600 тэрбум төгрөгийн Тендерт шалгарсан "Моннис майнинг” ХХК-ийн тендрийн бичиг баримттай танилцаж үзлээ. Анхаарал татсан мэдээлэл нь Монгол Улсын Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал байсан. Тендерийн үндсэн шалгууруудын нэгт: "Тендерт оролцогч нь харилцагч банкнаасаа хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй байна” гэсэн заалт байв.

Тендерт шалгарсан "Моннис майнинг” ХХК нь Хөгжлийн банканд 126 Тэрбум төгрөгийн найдваргүй зээлийн ангилалтай байгаа нь ил тод болсон. Гэтэл тендерийн материалдаа "Моннис майнинг” ХХК нь зөвхөн дөрвөн банкны (ХХБ, Голомт банк, Капитрон банк, Хас банк) өр төлбөргүй гэсэн бичгийг хавсаргажээ. Хөгжлийн банкнаас ямар нэгэн бичиг алга. Тус компани тендерийн үндсэн шалгууртаа ч тэнцэхгүй байгаа юм биш үү. Аль эсвэл хугацаа хэтэрсэн өр төлбөртэй, чанаргүй зээлдэгчийн ангилалд орсон компани тендерт шалгарах боломжтой юм уу. Тендерт оролцохын өмнө өөр банкинд данс нээгээд тэндээсээ "өр төлбөргүй” гэсэн бичиг авч төрийн тендерт оролцоод ялах боломж байдаг юм байна гэдэг ойлголт авлаа. Энэ Тендерийн хуулийн "цоорхой” юу?

Мэдээллийг бид нягталж тендерийн үнэлгээний А3 сертификат авсан үнэлгээчдээс дээрх асуудлыг асуулаа. Тэд "Тендерт оролцогчдын ирүүлсэн бичиг баримтыг хуулийн дагуу хянан шалгах хүрээнд Нийгмийн даатгал, Шүүхийн архив, Монгол банкнаас өр зээлтэй эсэх мэдэгдлийг албан ёсоор авч үнэлгээ хийдэг” гэв. Хянан шалгах процесс бол аль ч тендерт хийгддэг энгийн зүйл гэнэ.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч, мөн Худалдан авалтын газрын дарга нар нь Сангийн яамд насаараа ажилласан, Монголд Тендерийн хуулийг хамгийн сайн мэдэх таван хүний нэг гэхэд хилсдэхгүй хүмүүс. Гэтэл ийм хуулиас гадуурх үйл ажиллагаа явуулсан болчимгүй үйлдэл. Бид хардах эрхтэй?

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын газрын дарга Н.Цэрэнсамбуу нь тус тендер шалгаруулалтыг хуулийн дагуу, ямар ч гаднын нөлөөлөлгүйгээр шалгаруулсан, та бүхэн веб сайтаар ороод үз хэмээн хээв нэг яриад зогсож байна. Энэ улсад хууль гэж ер нь байна уу, "Төрийн өрийг – Төрийн мөнгөөр нь төлүүлнэ” гэдэг л зарчим үйлчилж байгаа нь тод харагдах юм даа.

Дээрхээс дүгнэхэд: Хөгжлийн банкны өр "өр биш”, тендерийн хууль "хууль биш” ажээ. Сангийн яам өөрөө "гайхамшиг юмаа”.

Tasal.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.