Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?

0

Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?

 

Хөгжлийн банкинд 100-аад тэрбумын өртэй, "чанаргүй зээлдэгч” Моннис майнинг ХХК нь "Эрдэнэс тавантолгой”-н 1.3 их наядын тендерт хууль зөрчиж шалгарсны ард хэн гээч улстөрч байгаа вэ? 

 

Нүүрсний хулгайг таслан зогсоох даалгавар өвөртлөн "Эрдэнэс тавантолгой” ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхэт төлөөлөгч (БЭТ)-өөр томилогдсон Ж.Ганбат Хөгжлийн банкинд 100-аад тэрбум төгрөгийн өртэй, "чанаргүй зээлдэгч” Моннис майнинг ХХК-ийг 1.3 их наяд төгрөгийн тендерт ялагчаар шалгаруулжээ.

Тодруулбал, "Эрдэнэс тавантолгой” компаниас 2023.02.13-нд зарласан 1,294,944,126,620₮ /нэг их наяд хоёр зуун ерэн дөрвөн тэрбум есөн зуун дөчин дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга зургаан зуун хорин төгрөг/-ийн төсөвтэй ЭТТХК/202302001 дугаартай тендер шалгаруулалтын 2-р багцад "Моннис майнинг” компанийг шалгаруулсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, төрөөс маш их хэмжээний хөнгөлөлттэй зээл аваад түүнийгээ зориулалт бусаар ашигласан. Гэвч өрөө төлдөггүй, найдваргүй зээлдэгчид төрийн өмчит компани дахин ийм их хэмжээний тендер буюу Монгол Улсын бүтэн жилийн төсвийн 5 хувьтай тэнцүү хэмжээний өртөгтэй тендерийг өгч байгаа нь "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн өнөөгийн удирдлага буюу Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат авилга авсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.  Эсвэл улсад олон тэрбумын өртэй, дээр нь их наядын тендерт ногоон гэрлээр ялдаг давуу эрхтэй "Моннис майнинг” хэн гээч улстөрчийн цүнхний компани вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ордоны хов сонсохнээ, Моннис майнинг ХХК-г тус тендерт шалгаруулах үүргийг Засгийн газрын томоохон албан тушаалтан өгсөн гэнэ.

Нөгөө талдаа "Эрдэнэс Тавантолгой” компанид гаарсан хулгай буюу тендер сонгон шалгаруулалт, хөрс хуулалтын явцад улстөрчдийн халаас руу урсдаг олон их наяд төгрөгийн хулгай өнөөдөр ч үргэлжилж байгааг гэрчилнэ.

Улсын хар дансанд орсон "Моннис майнинг” ХХК-ийн Хөгжлийн банктай холбогдсон муу түүхийг сануулъя. Тус компани УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад буюу 2018 онд Хөгжлийн банкнаас "Уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 107.4 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Харамсалтай нь, Хөгжлийн банкны асуудлаар хийгдсэн УИХ-ын нээлттэй сонсголд шинжээчийн танилцуулсан дүгнэлтээр, тус зээлээ зориулалтын бусаар ашигласан тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, Моннис майнинг ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөс тусгай нөхцөлт хадгаламжид 15 тэрбум төгрөг хийж, мөн зээл зээлийн хүүгийн төлбөрт 2 тэрбум төгрөг, бусад үйл ажиллагааны зардалд 0.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Хөгжлийн банкны хулгайн эргэн тойронд хийсэн УИХ-ын нээлттэй сонсголын дүгнэлт гарч амжаагүй шахуу байхад, түүнээс хэд дахин том дүнтэй, хэдэн их наядаар хэмжигдэх тендерийн асуудал босож ирсэн нь энэ. Том даргад "такс”-аа өгчихвөл Хөгжлийн банкныхаа зээлийг Эрдэнэс тавантолгойн тендерээр буюу төрд өгөх өрөө төрийн өөрийнх нь мөнгөөр төлж болдог юм уу?

Та бүхэн www.tender.gov.mn сайт руу ороод ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ цэсэн дараад ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮН товчлуур дээр дараад ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН КОД хэсэгт ЭТТХК/202302001 кодыг хийн ХАЙХ товчин дээр дарсанаар дээрх тендерийн үр дүнг харах боломжтой.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.