БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ОЛОН УЛСЫН МОНГОЛ ЭМНЭЛГИЙН ХОРООНЫ ЭМЧ НАР ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ
"Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 30-нд нээлтээ хийсэн уг арга хэмжээ есдүгээр сарын 4-нийг дуустал үргэлжилнэ. Энэ хүрээнд уран сайхны тоглолт, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо, хятад дууг сайн дуулах уралдаан, кино өдөрлөг гээд өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явагдана. Энэ үйл ажиллагааны чухал нэг хэсэг нь яах аргагаүй уламжлалт анагаахын эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо юм. Уламжлалт анагаах ухааны салбарт дэлхийд нэр хүндтэйд тооцогддог Өвөрмонголын нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар Тодруулбал, Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлгийн хорооны уламжлалтын тасгийн зургаан эмч уг арга хэмжээний хүрээнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийхээр болсон. Тэд уламжлалт анагаах ухааны чиглэлээр үзлэг оношилгоо, эрүүл мэндийн зөвлөгөө, өвчин эмгэгийг намдаах, уламжлалт аргаар эдгээх, таарах танг газар дээр нь үнэгүй олгох зэрэг үйлчилгээг өчигдрийн турш Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр үзүүлсэн юм. Энэ үеэр зүрх судасны, арьсны, цусны, хоол боловсруулах, эмэгтэйчүүдийн, үений мэс заслын, уламжлалт гар заслын, уушигны эмчийн үзлэг тус тус хийж байлаа. Үзүүлж буй иргэдийн дунд үе мөч, хоол боловсруулах, даралт ихсэх, уушигны, сахарын өвчлөл их байгааг Өвөрмонголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны үзлэг хийж буй эмч нар хэлж байсан. Үнэгүй үзлэг оношилгоонд хамрагдах сонирхолтой иргэд их байгааг тэнд дугаарлаж буй иргэдийн дарааллаас харж болох аж. Улсын хоёрдугаар эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн үүдэнд урт дараалал үүсчээ. Тэнд буй хүмүүс одоо би орно, чи орно гээд нэлээд л хэл амтай зогсоцгоох бөгөөд өөр өөрийн дарааллыг хүлээн багтаад орчих юмсан, алдартай уламжлалт анагаах ухааны эмч нарт үзүүлчих юмсан гээд тэмүүлцгээнэ. Арга ч үгүй байх, ковид цар тахлаас үүдэлтэй иргэдийн өвчлөл ихэссэн энэ үед үнэгүй үзүүлээд авахыг хүсэх нь мэдээж шүү дээ. Бид гадна байдлыг ажигласаар дотор ороход эмчид үзүүлэх дарааллаа хүлээсэн иргэд пиг дүүрэн. Үүдэнд нь эмнэлгийн ажилчид, анагаахын их сургуулийн оюутнууд бүртгэл хийн, тусгай хуудас олгон зохицуулалт хийх аж. Эмч нар ч тус тусын ноогдсон өрөөнд үзлэг эмчилгээгээ хийн, нэгийг үзээд гаргахад нөгөөх нь зөрнө, тун ч зав чөлөөгүй ажилласаар. Үзүүлээд гарч буй иргэд өөрт тохирох тангаа үнэгүй аван баярласан талархсанаа илэрхийлээд сэтгэл хангалуун гарцгаах аж.
Энэхүү хамтарсан үзлэгийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНХАУ-ын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулж байгаа юм байна.
-Сумъяа /Өвөрмонголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны уушигны өвчний тасгийн эмч: Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд бид сайн дурын үндсэн дээр үзлэг оношилгоо хийж байна. Миний хувьд нэлээд олон удаа ирж үзлэг, оношилгоо хийж байсан. Харин ковид цар тахлын улмаас сүүлийн гурван жил завсарлаад энэ жил дахин ирж байна. Өнгөрсөн жилүүдэд ирж байхад уушигны өвчлөл арай гайгүй байсан, учир нь танай орны хувьд агаар сайн. Харин сүүлийн үед, миний бодлоор агаарын бохирдол, ковидоос улбаатай байж магадгүй энэ жил өвчлөл их болсон байна. Хэдийгээр соёлын өдрүүд болж байгаа ч хоёр улсын найрсаг харилцааны үүднээс бид эмнэлгийн үзлэг оношилгоо хийж байгаа. Бид өөр шугамаар ч ирж үйлчилгээ үзүүлж байсан. Түүгээр үл барам уламжлалт анагаахын чиглэлээр хоорондоо туршлага солилцож, бие биенээсээ мэддэг, чаддаг зүйлээ суралцсаар ирсэн. Би нас дээр гарсан ч үзлэг оношилгоо хийхээс гадна танай эмч нартай уулзаж суралцах бодолтой ирсэн. Уламжлалт эмч нарын нэг давуу тал бол судас бариад өвчнийг тодорхойлох явдал юм. Бид шаардлагатай бол үзсэн хүмүүсээ цааш нь нарийн шинжилгээнд явуулдаг.
-Тунгалаг/Өвөрмонголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны зүрх судас, цусны өвчний тасгийн эмч/: Манай тасаг цусны төрөл бүрийн өвчнийг эмчилдгээрээ давуу талтай. Мөн манай эмнэлэг өвчтөнүүддээ монгол эмээр /тан/ эмчилгээ хийж, монгол эм зардаг. Эмчилгээний үр дүн их сайтай, тиймээс та бүхнийг манай эмнэлэгт хандвал бид маш сайн эмчилж өгөх болно. Ковидоос үүдэлтэй хүмүүс зүрхний өвчнөөр их өвдсөн байна. 30 хүртэлх насны залуу хүмүүс бие тамирдах, зүрх дэлсэх зовиур их болсон байна. Тиймээс залуучууд их анхаарах хэрэгтэй байна. Бид үзлэгийн дагуу таарах танг шууд олгож байгаа. Тиймээс бага гэлтгүй тангаа зааврын дагуу уугаад, цаашид уух хүсэлтэй бол уламжлалтын эмнэлэгт хандан эмийн саваа үзүүлэн, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аван үргэлжлүүлэн уувал илүү үр дүнтэй байх болно.
-П.Мэдриймаа/ Хан –Уул дүүргийн иргэн/: Би өөрөө эрүүл мэндийн салбарын хүн. Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажилладаг. Манай байгууллага энэ үзлэгийг хамтран зохион байгуулж байгаа. Хэдийгээр би эмч мэргэжилтэй ч урьд нь уламжлалт анагаах ухааны эмчид үзүүлж байгаагүй юм байна. Судсаа бариулаад ерөнхий асуумжинд хариулаад үзлэг явагдаж байна. Их үр дүнтэй санагдлаа, шууд тангаа олгож байна. Үзүүлж буй иргэдийн хувьд судсаа бариулан оношлуулаад, өмнө нь үзүүлж байсан шинжилгээний хариугаа барьж ирээд, харьцуулаад үзүүлэхэд бүр үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Миний хувьд иргэд их хамрагдаасай гэж хүсч байна, нөгөөтэйгүүр үзүүлж буй иргэд маань ийм үйл ажиллагаа зохион байгуулсанд хүндэтгэлтэй хандаж, эмчид үзүүлэх соёлд суралцаасай гэж хэлэх байна.
Ө.Саранцэцэг /Баянзүрх дүүргийн иргэн/: Өвөрмонгол эмч нар үзлэг хийнэ гэсэн сураг сонсоод өглөө эрт ирж, дугаар аваад уушигны эмчид үзүүллээ. Би ковид хоёр ч удаа туссан, түүнээс улбаатай байж магадгүй, амьсгал авахад бага зэрэг хүндрэлтэй болсон. Тиймээс алдартай уламжлалын эмч нарт үзүүлж авах гээд эрт ирснийх амжлаа. Үзлэгээр уушиганд бага зэрэг асуудал байгааг олж мэдлээ, хэд хоног уух тангаа ч үнэгүй авчихлаа. Эмч нар нь сайхан уриалгахан юм. Судас чагнаад, нэлээд юм асуугаад л онош хэлж, зөвлөгөө өгч байна. Ямар ч байсан өгсөн танг нь зааврын дагуу ууна, үр дүнгээ харна гэж бодоод гарч ирлээ. Иргэддээ ийм сайхан боломж олгосон зохион байгуулагч нарт баярлалаа.
Г.Тамир /Сүхбаатар дүүргийн иргэн/: Би мэдээлэл аваад ямар ч байсан уламжлалт анагаахаараа алдартай Өвөрмонгол эмч нарт үзүүлчих юмсан л гэж бодсон. Харин ирж дараалалд зогссоны хүчинд үзүүлээд авлаа. Би зүрх судас, цусны эмчид үзүүлсэн. Ковидоос хойш зүрх бага зэрэг дэлсээд байдаг болсон. Үзүүлээд цааш нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй гэдгээ мэдэж авлаа. Мөн Өвөрмонголд очиж, эдний эмнэлэгт ч үзүүлж болох юм байна. Бас үнэгүй тан өгч байна. Надад хоёр төрлийн тан өглөө, уух зааврыг нь ч мөн адил нарийн сайхан хэлж өгч байна. Ковид туссан, үгүйг их асууж байна. Явдал чирэгдэлгүй алдартай эмч нарт үзүүлээд авна гэдэг аз шүү дээ, болдог бол энэ үзлэгийг хэд хоног үргэлжлээсэй гэж бодож байна.
Сэтгэгдэл байхгүй байна.