Б.Пүрэвдорж: Амьдрал мэдэхгүй сайдууд худлаа ярихаа болиорой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.04.12/ нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газрын сайд нарыг худлаа ярихгүй байхыг сануулав.
Энэ тухай тэрбээр "Хоёр сайд малчны хотноос нэг сая төгрөгөөр үхэр гараад Улаанбаатар хотод 5 сая болж зарагддаг гэж хоёр сайд худлаа ярихаа боль. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Та нарын санал авах гээд байгаа баруун аймгийн үхэр дунджаар гулууз нь 120 кг татдаг. "Хүчит шохор” зах дээр нэг кг үхрийн мах 16 мянган төгрөгөөр зарагддаг. Үхэр дээд тал нь 1,8 сая төгрөг болж байгаа. Амьдрал мэдэхгүй нөхдүүд худлаа ярихаа болиорой.
Мал аж ахуйн салбарыг хөгжүүлж болох байсан. Та бүхэн найман жил засаглахдаа нэг ч үйлдвэр бариагүй. Дарханд аж үйлдвэрийн парк барих гэж оролдсон чадаагүй. Эцэстээ Эмээлтэд аж үйлдвэрийн парк барина гэж ярьсан ч бас л чадаагүй. Шон ч босгоогүй” гэж шүүмжлэв.
Засгийн газраас өчигдөр /2024.04.11/ Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг яаралтай горимоор мэдүүлсэн тул УИХ-аар өнөөдрөөс хэлэлцэж эхэлсэн.
Хуулийн төсөлд заасан зохицуулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авах үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарын зүгээс малчны хотонд байгаа үхэр 1 сая төгрөгийн үнэ хүрч байхад ченжүүд авч ирээд Улаанбаатар хотод махыг нь зарахад 5 сая төгрөгт хүрдэг гэснийг Б.Пүрэвдорж гишүүн ийн үгүйсгэв.
Г.ХОРОЛ
Сэтгэгдэл байхгүй байна.