УИХ-ын гишүүн П.Анужингийн аав Р.Буд тэрбумаар хэмжигдэх тендер авч байна
Дундговь аймгийн замд өнгөрөгч 3 дугаар сарын 29-ний өглөө ачааны автомашин, автобустай мөргөлдсөний улмаас 3 хүн нас барж, 18 хүн бэртэн, зарим нь хөгжлийн бэрхшээлтэй болоход хүрсэн. Энэ явдлаас 7 хоногийн дараа Дархан-Улаанбаатарын зам цөмөрсөн. Эдгээр замын чанар, аюулгүй байдлыг хэн хариуцах ёстой вэ. Дундговь аймгийн зам л гэхэд маш нарийхан, осол гардаг өдөр нэлээд мөс тогтсон байжээ. Осол гарахад замын байдал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Шаардлага хангахгүй, стандарт, норм зөрчигдсөн, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй энэ мэт автозамуудын арчлалт, ашиглалт, аюулгүй байдлыг дээшлүүлэх, засуулах, хяналт тавих үүрэгтэй албан тушаалтан бол Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын (Замын ашиглалт, засварын хэлтэс) дарга. Энэ албан тушаалыг одоо Ч.Сугармаа гэдэг хүн хашиж байна. Дундговийн замд гарсан осол, Хөшигийн хөндийн замд 17 автомашин мөргөлдсөн осол зам арчлалттай шууд хамааралтай байж мэднэ. Цаг агаар муудахад аливаа засмал зам дээр АЗЗА-ын компани ажиллаж, цас, мөс, бороонд хаагдсан хэсгийг цэвэрлэх, хэсэгчлэн түр хаах зэрэг арга хэмжээ авах ёстой. Үүнийг Ч.Сугармаа бодлогын түвшинд удирдаж, Зам тээврийн хөгжлийн төв тухайн замыг арчлах, засах учиртай. Гэтэл холбогдох мэргэжилтнүүд үүнд анхаарсангүй. Дээрх ослууд гарах үеэр Ч.Сугармаа, Замын хөгжлийн төв Төрийн өмчит үйлчилгээний газрын дарга Х.Пүрэвжаргалын хамт Австралийг зорьсон байжээ. Тэдний гадаад томилолтын зардлыг 2023 оны 10 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт шийдэж өгсөн байдаг. Үүнд 57 сая төгрөг зарцуулжээ. Асуудал дагуулсан Дундговийн замыг засах, арчлахад 2023 онд 700 сая төгрөг төсөвлөсөн бол олон улс, улсын чанартай, орон нутгийн замыг арчлахад 33 тэрбум төгрөг зарцуулсан ч гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл алга. Харин ч олон хүний амь нас, эрүүл мэндийг авч одсон.Ч.Сугармаа Монгол Улсын автозамын аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Гэтэл тэр үүнд анхаарах сөхөөгүй, тендер будлиулж явна. Р.Буд "Ар си Эс” компаниар халхавчилж 3 тэрбумын тендер авчээ Ховд аймгийн Мөнхайрхан сум чиглэлийн хатуу хучилттай 63.5 км автозам, Ховд аймайг зэрэг сум, Мянгад, Буянт Чандмань сум, Архангай аймаг Өгий нуур зэрэг сумдад хийгдэж замын ажлыг зөвлөх үйлчилгээний 3 орчим тэрбум төгрөгийн тендерийг авсан. Үүгээр зогсохгүй 2022, 2023 онуудад Зам тээврийн яам, Замын хөгжлийн төвөөс зарлагсдан томоохон тендерт тогтмол шалгарч иржээ.Р.Будын "Кеаро” нэртэй компани нэгдүгээр сард зарлагдсан 3 тэрбумын тендерийг нэгэн үед Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байсан гэгдэх Д.Баасанхүү агсаны "Ар Си Эс” компаниар дамжуулан авчээ. Ийн туслан гүйцэтгэгчээр "Кеаро” компани ажиллаж буй. Ч.Сугармаа: ЗТХЯ, Замын хөгжлийн төвд даргын албан тушаал хашиж байсан зарим хүмүүс ажлаасаа гармагц замын компани байгуулсан Энэ асуудлын талаар Ч.Сугармаа хэлэхдээ, "Р.Буд дарга компани байгуулсан нь үнэн. Би ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл өгдөггүй. Ер нь замын салбарт насаараа ажилласан инженерүүд тэтгэвэрт гарсан хойноо компани байгуулдаг. ЗТХЯ болон Замын хөгжлийн төв гээд газруудад ажилладаг байсан хүмүүс шүү дээ. Тухайлбал, Нийслэлийн Замын газрын даргаар ажиллаж байсан "Мөнхөд-Ашидын зам” компанийн Д.Нанзаддорж. Мөн манай яамны агентлагийн даргаар ажиллаж байсан Б.Энхтөр. Тэр хүн "Хязгааргүй хөдөлгөөн” компаниа байгуулаад, бурхан болсон. "Ар Си Эс” компанийн Д.Баасанхүү гэж дарга байсан, мөн л бурхан болсон. Түүний хувьд Аялал жуулчлалын яам гэж байхад газрын даргаар ажилладаг байсан юм. Компанийг нь одоо хүүхдүүд нь ажиллуулдаг. "Ар Си Эс” компанийн туслан гүйцэтгэгчээр Р.Будын компани орсон нь үнэн. Ер нь Р.Буд автозамын компани байгуулж зөвлөх үйлчилгээний тендерт ордог” хэмээн ярьсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Р.Анужингийн аав гэгдэх Р.Буд Зам тээврийн хөгжлийн төвийн даргын албан тушаалаасаа буухаасаа өмнө өөрийн гэсэн хүмүүсээ ЗТХЯ-нд шургуулж ийн эцэст нь Зам тээврийн хөгжлийн яам, Хөгжлийн төв зэргээс зарлагдсан томоохон зөвлөх үйлчилгээний тендерүүдийг авч сууна. Үүнд Ч.Сугармаа хэрхэн нөлөөлөв.
Р.Буд ийн ЗТХЯ, Зам, тээврийн хөгжлийн төвд өөрийн хүмүүсээ ийм аргаар үлдээсэн. Ингээд замын зөвлөх үйлчилгээний тендер авахын тулд Замын байгууламжийн ТЭЗҮ-ийг ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцдэг. Үүнийг хэлэлцсний дараа тухайн компани тендерт оролцох эрх нь үүснэ. Гэтэл энэ зөвлөл нь тодорхой хугацаатай байсныг 2022 оноос хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл хэзээ ч хуралдах боломжтой болсон нь тэр. Энэхүү зөвлөлийн даргаар Ч.Сугармаа ажилладаг.
Хамгийн сонирхолтой нь Ч.Сугармааг ЗТХЯ-нд шургуулсан Р.Буд гэх УИХ-аас буусан. Гэхдээ тэр Зам тээврийн хөгжлийн төвийн дарга гэх албан тушаалаа хүлээлгэж өгөөд олон жил болж байгаа ч одоо ч АЗЗА болон Замын хөгжлийн төв, 200 мянгаас 1 сая 300 мянга хүртэлх төгрөгийн цалин авч байгаа юм. Үүгээр зогсохгүй ЗТХЯ, Замын хөгжлийн төвөөс зарлагдсан тендерүүдийг Ч.Сугармаагийн хамаарал бүхий хүмүүсийн компани хайр найргүй авч үндэсний автозамын компаниудын өрсөлдөх замд садаа болж буй. Иймд Ч.Сугармаагийн ахалдаг Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Автозамчдын холбоо үзэх болжээ. Ч.Сугармаагийн ард Р.Будаас гадна Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан байх магадлалтайг нэгэн эх сурвалж дурдлаа. 300 саяас дээш төсөвтэй тендерийг "Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ авдаг гэв үү 2023 оны зун Автозамчдын холбооны хуучин тэргүүн Т.Бямбааг ЗТХЯ-наас Ч.Сугармаа, Х.Пүрэвжаргал нар өрөөндөө дуудан уулзаж, "10-300 сая төгрөгийн тендерийг хувийн хэвшилд өгье. Томоохон тендерүүдийг Зам, тээврийн хөгжлийн төвд авъя” гэжээ. Үүнийг Автозамчдын холбоо зөвшөөрөөгүй аж. ЗТХЯ-наас зарласан тендерт "Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ оролцож байгаа хууль зөрчсөн үйлдэл гэж тус холбоо үзэж байна. Дэд сайд Л.Халтар ашиг сонирхлын зөрчилтэй юү Л.Халтар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын суудалд сууснаар автозамын компаниуд шударгаар өрсөлдөх боломж хаагдсан гэнэ. Дэд сайд 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гаргасан А/35 тушаалыг хүчингүй болгож, 2022 оны 3 дугаар сард "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр барих автозам, замын байгууламжийн барилгын ажлыг "Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх, техник, технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэсэн утгатай тушаал гаргажээ. Дэд сайд ашиг сонирхлынхоо үүднээс ийм тушаал гарган, өөрийн хамаарал бүхий хүмүүс, компаниар дамжуулан, томоохон замуудын зөвлөх үйлчилгээний ажлыг тендергүйгээр авч, хувийн хэвшлийн зөвлөх компаниудын өрсөлдөх боломжийг нь хязгаарлаж байна бус уу. ЗТХЯ-наас 2022 онд Зам, тээврийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн автозамын жагсаалтыг харуулъя. Энэ жагсаалтад тэрбумаар хэмжигдэх өртөгтэй ажлууд багтжээ. Автозамчдын холбоо үүнийг эсэргүүцэж, 2023 оны 8 дугаар сарын 3-нд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод албан бичиг хүргүүлжээ. ЗТХЯ, Зам, тээврийн хөгжлийн төвтэй гэрээлэн, автозамын зөвлөх үйлчилгээний тендер авч байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтыг зөрчиж байгааг уг бичгээр сайдад мэдэгджээ. Уг хуульд "Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээний зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан, нэг төрлийн ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж, тендер шалгаруулалт явуулна” гэж заасан байна. Шууд гэрээ байгуулж болохгүй, тендер зарлана гэжээ. Уг албан бичгийн хариу "2022 оны А/59 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан, 12 төсөл, хөтөлбөрийн техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэх тендерийн сонгон шалгаруулалт зарлахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий компаниуд сонгон шалгаруулалтад оролцоогүйн улмаас тендер удаа дараа хүчингүй болж, эхний хагас жил дуусахад, зам барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Зам, тээврийн хөгжлийн төвтэй зөвлөх үйлчилгээний гэрээг шууд байгуулахаар шийдвэрлэсэн” гэж иржээ. Сайдаас ийм хариу авсан компаниуд С.Бямбацогт сайдыг ч ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэх болжээ.
Ч.Сугармаа сарын 60 сая төгрөгийн орлоготой
Тэр өөрийгөө ЗТХЯ-нд 2023 оноос эхэлж ажилласан хэмээн хэлсэн ч түүний хөрөнгө орлогын мэдүүлэг ярьснаас нь зөрүүтэй буюу 2021 оноос эхлэн ЗТХЯ-ны Авто замын бодлого, зохицуулалтын газрын даргаар томилогдсныг илтгэж буй. Түүнд ийн худал хэлэх ямар шалтгаан байв. Цалин, орлого, хөрөнгө зэргээс нь харвал энэ хүн хувийн ажил, амьдралаа дээд зэргээр анхаарч, сайн ажиллаж байгаа юм байна. Харин төрийн ажлаа яагаад ингэж анхаардаггүй юм бэ? Амжихгүй бол ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ. "Чи чадахгүй байна” гээд ажлыг нь авчих албан тушаалтан ч алга гэж үү? Та бүхнийг төрийн албыг хувийн ажил болгон бантагнуулж явах хооронд чинь зам дээр осол гарч, хүн үхэж байна.
https://time.mn/uM0.html |
Сэтгэгдэл байхгүй байна.