Марадона: 1986 оны шигшээ одоогийнхоос илүү байсан
Хөлбөмбөгийн спортод домог болсон Диего Марадона лхагва гарагт хамт тоглож байсан шигшээ багийнхантайгаа хууч хөөрч суухдаа, 1986 онд Дэлхийн аварга болж байсан Аргентины баг одоогийн шигшээ багаас илүү сайн байсан хэмээн ярьжээ.
Аргентины одоогийн шигшээ баг 2016 оны Америк тивийн цомын тэмцээний /Copa America/ финалын тоглолтод Чилийн шигшээ багт торгуулийн цохилтоор ялагдсан нь хоёр жилийн дотор хоёр тэмцээнд хожигдсон хэрэг юм. Энэ ялагдал нь Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Мессиг үндэсний шигшээ багаас гарахад хүргэсэн билээ.
Марадона одоогийн шигшээ багийг шүүмжлэхээ мартсангүй. Тэрбээр "бид тухайн үед Чилийн эсрэг тоглоогүй, харин бид Германтай тоглож хожсон шүү дээ. Энэ хоёр багийн чанарын ялгааг мэдэж байгаа биз дээ?” гэж 1986 оны Дэлхийн аваргын цомыг хүртсэн багийнхантайгаа "WhatsApp”-ын дуут мессэжээр ярьж байхдаа хэлжээ.
1986 оны Дэлхийн аварга багийнхны хоорондоо аминчлан ярьсан зүйлийг Аргентины хэвлэлүүд задруулж, олон түмэнд түгээсэн байна.
Энэ ярианы үеэр өдгөө 55 настай Марадона хэлэхдээ, Аргентины шигшээ багийн дасгалжуулагчаар түүнтэй хамт тоглож байсан шигшээ багийнхнаас томилохгүй байгаад гомдоллож байжээ.
Марадона ӨАБНУ-д болсон 2012 оны ДАШТ-нд багаа дасгалжуулан хагас шигшээд хүргэсэн юм. Тэрбээр хууч хөөрөх үедээ "секунд өнгөрөх бүр бид хөгширсөөр байна” хэмээн гуниглан ярьж байв.
1986 оны ДАШТ-нд Марадона хагас шигшээ тоглолтод Англитай хийсэн тоглолтод хоёр гоол хийсэн бөгөөд нэгийг нь "бурханы гар"-аар, нөгөөг нь өөрийн ур чадвараар оруулсан нь сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Ингэснээр Аргентины баг 2:1-ээр хожиж англичууд нутаг буцаж байв. Мөн Марадона болон түүний баг 1990 онд Италид болсон ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэж байжээ.
Харин Аргентины одоогийн шигшээ баг зургадугаар сарын 26-нд АНУ-д болсон "Copa America-2016"-д Чилитэй тоглохдоо үндсэн болон нэмэлт цагт 0:0-оор тэнцэн, торгуулийн цохилтоор хожигдсон юм.