Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Бадрах хууль бусаар мод бэлтгэжээ
Зарим иргэд хүн амьдрахын эрхэнд л байгалиас хулгай хийж амьдралаа залгуулдаг гэж ярьдаг. Тэгвэл яг үнэн хэрэгтээ амьдралаа залгуулах гэсэн иргэд баян хүний зараалаар тэдэнд хууль бус аргаар мод бэлтгэж өгснийхөө шанд хэд арван төгрөг авсан болоод өнгөрдөг нь өнөөдрийн бодит амьдрал.
Манай сонин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймагт хууль бусаар мод бэлтгэдэг "Шинэ Бадрах” компанийн захирал Д.Бадрах гэгч эрхмийн талаар хүргэж байсан.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус компанийг хууль бусаар мод бэлтгэж байсныг нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлсэн байна.
Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, байгаль орчны салбар зөвлөлийн тэргүүн Д.Бадрах гэгч эрхэм, эрх мэдэл албан тушаалаа ашиглан хувийнхаа компаниар тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний модыг хууль бусаар бэлтгүүлж байсан нь тогтоогджээ.
Аймагтаа л 1994 оноос хойш өнөөг хүртэл модны зах зээлийг атгаж байгаль эхийн буянаар хөрөнгөжсөн гэх Д.Бадрах нь хууль бусаар мод бэлтгэж олон удаа цагдаагийн хаалга татаж байсан ч ямар ч ял зэмгүй өнгөрч чаддаг байжээ. Учир нь түүнийг хуулийнхантай их л сүлбээтэй ойр дотно байдаг учраас түүний хулгайн модны хэргийг хэрэгсэхгүй болгодог байсан байна. Уг нь мань хүн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдохдоо орон нутгийнхаа иргэдийг хэрэгцээний модоор хангана гэж уулын амыг тэр чигт авч байсан юм.
Гэтэл түүний энэхүү амлалт орон нутгийн иргэдийн төлөө биш зөвхөн өөрийнхөө амжиргааг дээшлүүлж халаасаа түнтийлгэх гэсэн атгаг муу санаа байжээ. Тухайлбал, Д.Бадрах "Түшиг”, "Цагаан-Нуур” суманд модны хэд, хэдэн хөрөө рам ажиллуулаад зогсохгүй дээрх хоёр газарт нөхөрлөл гэсэн сайхан нэрээр халхавч хийж уулын амыг тэр чигт нь авч байжээ.
Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тус аймгийн Түшиг сумын нутаг Моностойн давааны ар талд” Гурван ховил” гэх газарт Д.Бадрахын компанийн "ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгслээр 3.6 метрийн урттай гуалин уулнаас тээвэрлэж яваад онхолдож гурван хүн нас барсан түүх ч бий. Хамгийн гол нь амиа алдсан иргэд түүнд хэрэгцээнийнх нь модыг бэлтгэж яваад хорвоогоос хальсан гэдгийг тус аймгийн иргэд өнөөг хүртэл ярьдаг юм. Хамгийн асуудалтай нь цагдаагийнхан Сэлэнгэ аймагт ажиллахдаа зөвхөн энэ оны эхний есөн сарын байдлаар Д.Бадрахын эзэмшил гэгдэх "Түшиг”, "Цагаан-Нуур”, сумын нутгаас ойн арчилгаа, цэвэрлэгээ нэрийн дор хууль бусаар 4470 шоо метр мод огтолсныг нь тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Ер нь тус компанитай холбоотой хууль бус мод бэлтгэсэн их олон асуудал байдаг боловч тэр болгон хуулийнхан шалгадаггүйд иргэд ч бухимддаг юм билээ.
Өөрөөр хэлбэл, 2012 оны аравдугаар сард "Д.Бадрахыг хууль бусаар алт олборлож, ой мод сүйтгэсэн хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэсэн ч бас л тус аймгийн цагдаагийнхан хэргийг нь хэрэгсэхгүй болгож байжээ. Тиймээс түүний энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохоор нутгийн иргэд нь Зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмынханд хэл дуулгаж шалгалт хийлгүүлсэн гэх мэдээлэл ч бий.
Ямартай ч энэ удаад "Шинэ Бадрах” компанийн удирдлага болох Д.Бадрахыг хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт шалгах болсон нь төрийн нэрээр бамбай барьсан хууль завхруулагч, дээрэм тонуулчин шиг авир гаргагчдыг төр хэдий болтол толгойг нь илсээр байх вэ.
Өглөөний сонин
Р.Саруул