Ноён уулаа аврах өлсгөлөн тэмцэл хурцдаж эхэллээ
Монголчууд хамгийн их иддэг баяраа тэмдэглэсэн энэ өдрүүдэд "Босоо хөх Монгол” бүлгэмийн өлсгөлөн зарласан залуус л өлсөж өнгөрүүллээ.
"Босоо хөх монгол” тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болох эдгээр залуус "Ноён уулаа аваръя” хэмээн тэмцэж өлсгөлөн зарлаад 13 дахь хоногтоо орж байна.
Өлсгөлөн зарлагчдын нэг н.Цэрэннадмидын бие муудсан учир эмч нар энэ сарын 20-нд эмчилгээ хийхээр эмнэлэг рүү авч явсан. Тэгвэл өнгөрсөн шөнө 02.00 цагийн орчимд өлсгөлөн зарлаж буй зарим иргэдийг эмнэлэг рүү авч явах тухай албан бичгийг 103 болон Чингэлтэй дүүргийн цагдаагаас суулт зарлагчдад хүргүүлээд байгаа юм.
Харин тэдний зүгээс уг албан бичгийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлж ажлын цагаар авна гэх шаардлагыг тавиад буцаасан байна.
Мөн өнгөрсөн шөнө "Босоо хөх Монгол”-ын өлсгөлөн зарлагсдыг албадан эмнэлэг рүү авч явах гэж цагдаагийн хүч бөөгнүүлж байгаа тухай болон бүр хуягт машин хотын төвд явж байгаа тухай мэдээлэл тархсан. Гэвч цагдаа нар өнгөрсөн шөнө хүч хэрэглээгүй аж.
Ноён уулаа ухуулахгүй хэмээн тэмцэж байгаа эдгээр залуус өдгөө 100 мянга гаруй хүмүүсийн гарын үсэг цуглуулаад байгаа ба тэднийг УИХ-ын гишүүд, урлаг спортын одод тэр бүү хэл хог түүж архи уудаг хүмүүс хүртэл дэмжиж байна.
Мөн тэд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэлсэн ярьсандаа байдаггүйг шүүмжилсээр л байна. Тэд энэ удаа ийм нэгэн уриалгыг өнгөрсөн шөнө цахим орчноор цацсан юм.
"Гадаадад ажиллаж амьдардаг Монголчууд аа
2015.02.23 энэ үүр шөнийн заагаар болж байгаа зүйлийг Канадын Засгийн газар, Канадын татвар төлөгч ард түмэн болон Сентерра гоулд компаний хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч банк, эзэд нар, хөрөнгийн биржүүдэд дараах утгатай мэдээлэл болгон шуурхай дамжуулна уу. Захидал, мейл, жиргээ, тоот өөр ямар ч хэлбэр байж болох байх, бусдад түгээгээрэй.
Монголдоо дийлдэхгүй асуудал болж: Канадын Сентерра гоулд компани Монголын эдийн засаг суларсан энэ үеийн далимдуулж Монголын ард түмний түүх соёлын өвийн дурсгал болсон Хүннү гүрний ховор нандин бунхан, байгалийн үзэсгэлэнт тахилга шүтлэгтэй уулнаас 50 тонн алт олборлохын төлөө авилгач төр, хулгайч улс төр бизнесийнхэнтэй үгсэн хуйвалдаж 2015.01.23-д парламентаас алт олборлох шийдвэр гаргуулж Монголын ард түмний эсэргүүцэлтэй тулгарлаа.
Үүнийг эсэргүүцэн олон залуус, ээж нар 11 хоног улс төрийн өлсгөлөн зарлаж тэмцсэн ч цагдаа хүчний байгууллага нь хүчээр нугачин дарахаар зэхэж байна.