Дуучин С.Сэрчмаа: Анх хуримаа хийж байсан тэр үе дээрээ эргээд очих юмсан...
Өвөрмонголын томоохон бизнесмэнтэй ханилж, өөрөөс нь нэлээд хэдэн насаар ах гэдгийг ч тоолгүй үр хүүхдийг нь төрүүлж өгсөн дуучин С.Сэрчмаа ийнхүү санаа алджээ. "Тэнгэрийн ивээл” кинонд туслах дүр бүтээж явахдаа анх нөхөртэйгээ танилцаж байсан тэрбээр төд удалгүй урд хөршид суралцахаар одсон бөгөөд хятадын хэл соёлыг судалж буйгаа хэвлэлд ярьсан байдаг. Энэ нь ч учиртай. "Хайрын дууч” гэгддэг залуухан, царайлаг бүсгүйг үнэтэй бэлгээр урхидаж чадсан өвөрлөгч эр С.Сэрчмаагийн ээж аавыг нь хүртэл гэртээ урьж байсан гэдэг юм билээ.
Тиймээс хил дамнасан сүртэй хуримандаа монголын рок попын оддыг урьсан С.Сэрчмаа тун удалгүй Хураа нэртэй хөөрхөн охиноо төрүүлсэн ч, олныг атаархуулсан энэ амьдрал нь удаан үргэлжлээгүй. Хөрөнгөө нууж, охиноо аваад зугтсан баян нөхрийнхөө араас багагүй эрэл сурал болж явсан дуучин бүсгүй арайхийн Хураагаа олж аваад эх орондоо ирсэн түүхтэй. Өдгөө өөрийн гэсэн продакшн байгуулан, өнгөрсөн амьдралаараа кино хүртэл хийж яваа тэрбээр нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо "Хэрэв цаг хугацааг буцаах боломж олдвол анх хуримаа хийж байсан тэр үе дээрээ эргэж очих юмсан. Тэгвэл бүх зүйл өөрчлөгдөх байсан ч юм билүү” хэмээжээ.
Б.Содон