Манайхнаас бусад нь баялгаа зүгээр өгдөггүй
Гадаадад тэгдэг ингэдэг гэх мөртлөө олон улсуудыг зэрэгцүүлээд хардаг монгол хүн тун цөөн. Нэн ялангуяа баялгаа хэрхэн яаж ашигладгийг сонирхдог хүн огт үгүй. Бараг л манайхаас бусад нь гадаадынханд баялгаа зүгээр өгдөг шахуу юм ярих. Ялангуяа Баабар баялгаа зүгээр өгч гадаадыхныг оруулж ирсэнгүй хэмээн монголчуудыг "зэрлэг”, "янаглан хорлогч”, "эх оронч” гэхчлэн аль байдгаараа доромжлох. Ёстой тийм юм байхгүй.
Ингээд хөгжингүй орнуудыг төлөөлүүлэн АНУ, Франц, "бялхаж цалгиж” байдгаар нь Арабын Нэгдсэн Эмиратыг, хөрөнгө оруулалт татаж эхлэж байгаагаар нь Аргентин, Египет, арай төстэй болохоор нь Казакстан, Литовыг гэхчлэн сонгон аваад эдгээр улс орнууд байгалийн баялгаа ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулалтад ямар ямар шаардлага тавьдаг тухай товч аваад үзье.
Үүнийг үзсэн хэн ч гэсэн хөгжилтэй, хөгжиж байгаа, ядуу буурай ямар ч орон байгалийн баялгаа зүгээр өгдөггүй гэсэн цорын ганц дүгнэлт хийх болно. Энд би зөвхөн тэдгээр орнуудад мөрдөгдөж буй хуулиас тогтоомжоос авсан болохоор бодит үнэн баримт болох нь гарцаагүй. Тэгэхлээр Баабартангууд хортой суртал нэвтрүүлэг хийж, засаг төрийн олонхи эрхмүүд эх орноо худалдаж, түүнээс урвасан гэсэн үг…
Эндээс манайхаас бусад оронд төр засаг байдаг гэсэн нэн ноцтой дүгнэлт гарцаагүй гарна.
Америкийн Нэгдсэн Улс
АНУ-д баялаг ашиглах асуудлыг 1920 онд гаргасан "Уулын түрээсийн тухай”
(Mineral Leasing Act), 1953 онд гаргасан "Эх газрын гадаргын (шельф)
тухай”, 1976 онд гаргасан "Чулуун нүүрс олборлох газрыг түрээслэх тухай”
гэсэн холбооны хуулиуд болон зарим штатын хууль тогтоомжоор
зохицуулдаг.
Дээр дурдсан хуулиуд дараах харилцааг зохицуулна:
Түр хугацаагаар зориулалтаар ашиглахад олгож болох газар авах журам,
газрын төрлүүд, Тухайлбал, дээр дурдсан уулын түрээсийн хуулийн дагуу
нефть хийн түүхий эдийг зөвхөн олж авсан гэж нэрлэгддэг буюу өөрөөр
хэлбэл хувийн өмчид буй болон холбооны албан газруудаас худалдан авсан
газрыг удаан хугацаагаар түрээслэж байж олборлож болно. Мөн түрээслэх
газрын хамгийн доод хэмжээ, газрын хэвлийд хайгуул хийх, ашиглалт
явуулах эрх олж авах нөхцөл, олж авсан санхүүгийн хэрэгслээ төсвийн
түвшин хооронд хуваарилах зэрэг болно.
АНУ-ын хууль тогтоомжоор Америкийн нутаг дэвсгэрийн эх газрын хэсэг дэх
газрын хэвлийг өмчлөгч нь улс, штат, хувь хүн байж болно гэж заасан
байдаг ч хувийн өмчийн эрхийг ихээхэн хэмжээгээр хязгаарласан байдаг.
Уулын түрээсийн хуульд дээр дурдсан өмчтөнгүүд газрын хэвлийн
ашигласнаас олох түрээсийн орлогыг байгалийн объектыг (бонус) ашиглах
эрхийг конкурсын үндсэн дээр хуваарилах үед нэг удаагийн бонус олж авах,
рентийн төлбөр, роялти буюу нефть хийн компанийн өмчид оролцох
хэлбэрээр олж авах эрхтэй.
АНУ-д эх газрын гадаргуу нь (шельф) нь холбооны өмч байдаг бөгөөд уг
газарт (шельф) дахь нефть, хий олборлосны бүх төлбөр улсын төсөвт ордог.
АНУ-ын газрын баялаг ашиглах төрийн зохицуулалтын үндэс нь
түрээс-лицензийн систем байдаг. Гэхдээ газрын хэвлийг боловсруулах
эрхийг олгохдоо түрээс (lease) гэдэг нэр томъёо хэрэглэдэг боловч яг
агуулгын талаасаа төр болон баялаг ашиглагчийн хоорондын харилцааны шинж
чанар нь концесс гэсэн ойлголттой олон талаар дүйж байдаг.
АНУ-ын хууль тогтоомж иргэд болон корпорациудад холбооны засгийн газрын
мэдэлд буй газар дээрх эрдэс баялгийг боловсруулахыг зөвшөөрөхдөө
хамтарсан үйлдвэрийн газар байгуулж ашгаа хуваах буюу бусад төрлийн
гэрээ хэлэлцээрийг байгуулна гэсэн утгатай газар худалдан авах буюу
лизинг ашиглахыг үндэслэл болгодог.
АНУ-д түрээсийн гэрээний хоёр төрлийг ашигладаг:
Өрсөлдөөний нөхцөлд хайгчидтай хийх гэрээ; тухайн газрыг худалдаанд
гаргаад санал ирээгүй удвал дараа өрсөлдөөн байхгүй үеийн гэрээг хийдэг.
Түрээсийн гэрээний нөхцөл нь олон хүчин зүйлээс шалтгаална: гэрээний
хэв маяг (тип), газрын байршил (оффшор буюу эх газрын бүс, Аляска дахь
үндэсний нефтийн нөөц, америкийн индианчуудын газар гэх мэт), орд газрын
хурдсын гүн, лизингийн гэрээ хийсэн хугацаа болон бусад зүйлс. Эхний
төрлийн гэрээгээр олгож буй газрын дээд хэмжээ Канадаас өмнөд орших 48
штатад 2560 акр (1024 га), Аляскад 5760 акр (2304 га) байдаг. Өрсөлдөөн
байхгүй үед олгож буй газрын дээд хэмжээ бүх штатад адилхан 10.240 акр
(4096 га) байдаг.
Одоо энэхүү хоёр төрлийн гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай хийдэг ба
ашигтай үйлдвэрлэлийг дэмжих нөхцлөөр түүнийг сунгаж болдог. Энэ хоёр
төрлийн гэрээний роялти нь олборлолтын өртгийн 12,5%-иас багагүй байдаг.
Олборлосон түүхий эдийг зарснаас олох цэвэр ашгаас улсын авах хувь
30%-иас багагүй байдаг, гэхдээ энэ нь тодорхой газрын шинж чанараас
хамаарна.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авсан концесслогч дараа нь тусгайлсан
олборлогч компанид концессийн эрхээ боломжийг шилжүүлж (олборлолт
жинхнээр явуулах) олборлолтын орлогоос хувь авч болдог.
Гадаад хуулийн этгээд буюу хувь хүн эрдэс баялгийн нөөц бүхий газар
худалдан авахыг хуулиар хориглодог. Хэрэв тухайн орон АНУ-ын иргэнд
бүртгэлийн мөн адил эрх олгодог тохиолдолд гадаад иргэдэд лизингийн эрх л
өгдөг.
АНУ-ын корпорацийн капиталд хувь оруулсан нөхцөлд л гадаадын иргэн
хамтарсан үйлдвэр байгуулж болно. Зарим штатад гадаадын иргэдийн үйл
ажиллагааг хязгаарлах нэмэлт хууль үйлчилдэг, жишээлбэл газрын хэмжээг
хязгаарладаг.
Холбооны буюу улсын мэдлийн газрууд дээр хайгуулыг бүхий л сонирхсон
этгээдүүд чөлөөтэй хийж болно. Геологи хайгуул хийх эрх олж авахын тулд
холбооны захиргаанаас олгодог лиценз олж авах ёстой ба тодорхой
хугацаанд яг тодорхой заагласан газар дээр геологи хайгуулын ажил
явуулах онцгой эрх болгож өгдөг юм.
Хэрэв геологи хайгуулын ажил дууссаны дараа лиценз эзэмшигч аж
үйлдвэрийн орд газар илрүүлбэл тэрээр эрдэс түүхий эд олборлох удаан
хугацааны гэрээ (голдуу 20 жил, бас сунгах боломжтой) хийх давуу эрх олж
авдаг.
Орд газарт түүхий эд олборлох эрх олж авахын тулд АНУ-ын Дотоод Хэргийн
яамны Геологийн Удирдах Газрын сертификат авах хэрэгтэй. Энд тухайн
өгөгдөлд үндэслэн рент, роялти болон тэдгээртэй холбоотой төлбөрийн
хэмжээг зааж өгдөг. Сертификат хийж дууссаны дараа концессионер
олборлолтоо хэрэгжүүлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргадаг.
Уулын олборлох үйлдвэрийн татвар
АНУ-д байгалийн баялаг ашиглагчдаас байгалийн шууд рент авах татварын
аргыг ашигладаг. Татвар авах ийм механизмыг бүтээгдэхүүн хуваах гэрээ
шиг хэрэглэдэггүй.
АНУ-ын нефть хийн аж үйлдвэрийн газруудын төлж буй татвар хуримтлалыг хоёр бүлэгт хуваан үзэж болно:
– Газрын хэвлий ашиглах эрийн төлөө төлөх тусгай төлбөр, татвар болон хураамж.
– АНУ-ын хууль тогтоомжид нийцүүлэн төлж буй үйлдвэр, корпорацуудын татвар.
Газрын хэвлий ашиглах эрийн төлөө төлөх тусгай төлбөр, татвар болон хураамжид дараах зүйлс орно:
– Акраас 2-3 долларын хэмжээ бүхий рентийн төлбөр;
– Роялти. Түүний хэмжээ дунджаар 15% байдаг. Олборлолтын эхний таван
жилд голдуу багасгасан (12-12,5%) татвар авна. Түүнээс гадна ашиг
багатай орд газруудад татварын хувийг эдийн засгийн лимит гэж нэрлэгдсэн
тооцоогоор багасгана, гэхдээ энэ нь баррель нь 80 центээс доош байж
болохгүй.
Зорилтот траст-фондын татвар. Үйлдвэрлэлийг хангах, нийгмийн хүчин
зүйлийг харгалзан эрчим хүч хэрэглэх зорилгоор орлогыг илүү жигд
хуваарилах механизм байдлаар фондуудыг ашигладаг юм.
Эх газрын шельф дээр ажиллаж буй компаниуд дээр дурдсан төлбөрөөс гадна
Эх Газрын гадаргуу (шельф) ашиглах тухай хуулийн дагуу ажил эхлэхээсээ
өмнө нэг удаагийн бонус (үнэн хэрэгтээ ихэсгэсэн анхдагч рентийн төлбөр
юм), мөн 16,66%-ийн хэмжээтэй роялти төлдөг.
Хувийн газар дээрх роялтийн хэмжээг энэ газрын өмчлөгч тогтооно.
Улсын авч буй рентын төлбөр хийгээд роялтийг төсвийн системийн түвшин хооронд дараах байдлаар хуваарилна:
– 62,6%-ийг холбооны түвшинд төвлөрүүлнэ. (10%-ийг холбооны төсөвт, 52,5%-ийг газар нөхөн сэргээх санд)
– 37,5%-ийг харгалзах штатын төсөвт оруулж, дэд бүтэц хөгжүүлэх, нийгмийн болон боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэхэд ашиглана.
Дээр дурдсан тусгай татвар, хуримтлалаас гадна нефть, хийн компаниуд
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу үйлдвэр, корпорацийн татвар төлөх ёстой:
Өмчийн татвар. Үүнийг үндсэн фонд, нефть хийг олборлох, боловсруулах, тээвэрлэх тоног төхөөрөмжинд ногдуулна.
Корпорацийн орлогын татвар. Энэ нь жилийн цэвэр орлогын 35% болдог.
Татварын баазыг компанийн нийт орлогоос ашиглалтын (рентийн төлбөр,
цалин, түлш, эрчим хүчний зардал, тоног, төхөөрөмжийн засвар, үйлчилгээ)
болон суурь (капитал) зардлыг хасах замаар гаргадаг.
Дээр дурдсан бүх татварыг хэрэглэсэн тохиолдолд татварын нийт хэмжээ уулын олборлох үйлдвэрийн ашгийн 50% хүрч ч болдог.
Татварын хөнгөлөлт
Татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн баазыг АНУ-ын Татварын хуулийн
тусгай ангиар зохицуулдаг ба татвар төлөгчдөд ялгавартай хандахыг
зөвшөөрдөг.
Үзүүлж буй хөнөглөлт нь дараах шинжтэй:
Эрдэс түүхий эдийн гаргалтыг дээшлүүлэх татварын зорилтот хөнгөлөлт;
Татварын баазыг багасгах (хэвлийн баялаг хомсдсоны хөнгөлөлт) болон орд газрыг эзэмших эхний үеийн татварын хөнгөлөлт;
Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол хурдасч хасагдсан;
Судалгаа, өрөмдөлтийн татварын зээл;
Төлсөн хувьцаа болон тэдгээрийн бодит өртгийн ялгаа гарсан үед хөнгөлөлт үзүүлдэг.
Франц
Гол харилцааг Францын Уулын хууль болон захиргааны бусад хууль тогтоомжоор зохицуулдаг.
Францын газрын хэвлий ашиглах эрх зүйн зохицуулалт нь цэвэр захиргааны
шинж чанартай бөгөөд концессионеруудын үйл ажиллагаанд захиргааны
байгууллагын өндөр түвшний хяналт тавьдаг онцлогтой.
Тухайлбал, Францын Уулын хуулинд ашигт малтмал хайх, олборлох явдлыг
захиргааны шийдвэрийн үндсэн дээр хийнэ гэж шууд заасан байдаг. (83
дугаар зүйл.)
Хайгуулын ажлыг газар өмчлөгчийн зөвшөөрснөөр юмуу эрх бүхий холбооны
албан газрын зөвшөөрлийг үндэслэн хийдэг. Энэ зөвшөөрөл нь лиценз
хэлбэртэй байх бөгөөд мөн чанартаа эрсдэл бүхий үйлчилгээний (сервис)
гэрээ маягтай байдаг. Ашигтай зүйл олсон этгээд орд газрыг боловсруулах
концесс олж авах өргөдөл өгөх эрхтэй.
Гэхдээ концессийн гэрээг энэхүү олсон этгээдтэй, эсвэл энэ этгээдэд
зохих нөхөн төлбөр төлж, илүү сайн нөхцөл санал болгосон гурав дахь
этгээдтэй байгуулж болдог.
Ашигт малтмал олдсон газрын эзэн зохих концесс авалгүйгээр түүнд
боловсруулалтын ажил эхлэх эрхгүй. Концессыг олон нийтийн санал бодлыг
судлах асуулга явуулж, харгалзах орон нутгийн эрх мэдлийн
байгууллагуудтай зөвлөлдсөний дараа өгч болдог. Түүнээс гадны шилдэг
сайн нөхцөл санал болгосон гурав дахь этгээд газрын өмчтөнөөс түрүүлж
концесс авч болдог.
Концессийг 50 жилийн хугацаатай олгох бөгөөд дараа нь түүнийг 25 жилээс ихгүй хугацаагаар сунгаж болдог.
Концессийн төлбөр нь концессийн газар нутгийн га тутмаас авах төлбөр,
гарган авсан ашигт малтмалын тонн тутмаас авах төлбөр, олборлох эрх
авсны төлөө өгөх тодорхой заасан роялти зэргээс бүрдэнэ.
Концессионер алга болсон буюу дампуурсан тохиолдолд түүний бүх эрх, үүрэг улсад шилждэг. (Уулын хуулийн хэсэг 3, зүйл 29)
Францын хууль тогтоомжийн онцлог нь концессионерт маш олон тооны
шаардлага тавьдагт оршино. Тухайлбал, ажилтнуудын боловсролын түвшинг
дээшлүүлэх, эрдэм шинжилгээ-судалгааны ажил хийх гэх мэт. Чингэхдээ
тухайн шаардлагыг биелүүлээгүй, түүнчлэн захиргааны янз бүрийн
байгууллагын олон янзын нөхцлийн хангаагүй бол концессийг хүчингүй
болгож болно.
Газрын хэвлий ашиглах, экологи, хөдөлмөр хамгаалах салбарын асар олон
тооны хэм хэмжээнд уулын ажлын захиргаа, уулын цагдаа хяналт тавьж
байдаг.
Концессийн хууль тогтоомжид хөрөнгө оруулагчийн эрх дутагдалтай үед энэ
эрхийг захиргааны эрх зүйн хөгжингүй институт болон францын захиргааны
эрхийн бусад механизмаар нөхөж өгдөг.
Аргентин
Аргентинд ашигт малтмал ашиглах харилцааг Уулын хууль, Нүүрс ус
төрөгчийн ашигт малтмалын тухай хууль, Уулын олборлох аж үйлдвэрт
хөрөнгө оруулах тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулж
байдаг.
Аргентины загвар францын сонгодог загвартай олон талаар төстөй боловч нэлээд их ялгаатай.
Жишээлбэл, Аргентины Уулын хууль нь маш өвөрмөц хууль зүйн хүч бүхий
акт бөгөөд түүний зүйл бүрийг засгийн бүх түвшний байгууллага бүр заавал
дагаж мөрдөх ёстойг Үндсэн Хуулинд зааж өгсөн байдаг.
Ашигт малтмалын хайгуул хийх, олборлох эрхийг эрх тогтоох янз бүрийн
баримт бичгээр тогтоож өгдөг. Тодорхой газарт ашигт малтмалын хайгуул
хийх, түүхий эдийн туршилтын олборлолт хийх эрхийг конкурс явуулах
үндсэн дээр олгодог лицензийг үндэслэн олгодог.
Хэрэв лиценз авсан компани ашигт малтмал олсон бол тухайн орд газрыг 25
жилийн хугацаанд ашиглах концессийн гэрээ хийх эрхтэй болно. Хэрэв
ашигт малтмал олоогүй тохиолдолд хайгуулын ажлыг зардлыг нөхөн
олгодоггүй.
Аргентинд эрсдэл бүхий үйлчилгээний (сервис) сонгодог гэрээг ашигладаг
ба түүнийгээ лиценз хэлбэрээр бүрдүүлдэг. Ашигт малтмал олборлох концесс
нь консессионерт авсан газар дээр хангалттай өргөн эрх мэдэл олгодог.
Концессионер нэмэлт зөвшөөрөл авалгүйгээр зайлшгүй дэд бүтцийн
байгуулалт хэрэгжүүлэх, орд газрыг ашиглахад зайлшгүй ашигт малтмал
тээвэрлэх болон бусад ажлыг хийж гүйцэтгэж болддог.
Концессионер улсад концессоор олгосон орд газрын талбайгаас хамаардаг
тогтсон төлбөр (ренталз), олборлосон түүхий эдийн өртгөөс хувиар бодож
тогтоодог роялти төлөх ёстой.
Ренталз нь төвийн төсөвт орж, роялти нь орд газар байрлах мужийн төсөвт ордог.
Концессионер ямар нэг хязгаарлалтгүйгээр өөрийн бүтээгдэхүүнийг дотоод
гадаадын зах зээлд зарах эрхтэй. Гэхдээ дотоод зах зээлийн хэрэгцээг
хангах дотоод бүтээгдэхүүн хүрэлцэхгүй үед Аргентиний засгийн газар
концессионерүүдээс нефть, хий, нефтийн бүтээгдэхүүн болон бусад ашигт
малтмалыг зөвхөн дотоод зах зээл дээр зарахыг шаардаж болно. Энэ үед үнэ
нь уг ашигт малтмалын импортолж буй үнээс бага байх ёстой.
Египет
Египетийн газрын хэвлий ашиглалтын систем нь төрийн эрх мэдэл болон
арилжааны байгууллагын функцийг хослуулсан төрийн компани байуулахад
үндэслэсэн хөгжингүй орнуудад тархсан систем юм.
Египетэд газрын хэвлий ашиглах харилцааг Уурхай болон орд газрын тухай
хууль, Хөрөнгө оруулалтын баталгаа, хөнгөлөлтийн тухай хуулиудаар
зохицуулдаг.
Энд байгалийн баялаг ашиглах концессийн механизм ашигладаг ба
концессийн гэрээ тус бүрийг парламентаар хэлэлцэж, тусгай хууль
гаргадаг.
Концессийн гэрээг хэрэгжүүлэхэд хоёр шаттай: хайгуулын ажил явуулах
шат, мөн хамтарсан үйлдвэр байгуулсан үед бүтээгдэхүүн хуваах гэрээний
нөхцлийг хэрэгжүүлэх шат. Энэхүү концессийн гэрээнд: төр, Египетийн
төрийн корпорац, концессионер гэсэн гурван оролцогч заавал байдаг.
Хайгуул хийх хугацаа 3-4 жил, үүнийг 4 хүртэл жилээр сунгах боломжтой.
Концессионер хайгуулын зайлшгүй бүх ажлыг өөрийн зардлаар хийдэг.
Гэрээнд эдгээр бүх ажлыг хийхдээ концессионер ажлын үе шат бүхэнд гаргах
хөрөнгийн доод хэмжээг маш нарийн зааж өгдөг. Хэрэв энэ нөхцлийг
зөрчвөл гэрээг шууд цуцалдаг.
Хайгуул явуулах хугацаа дуусмагц гэрээ автоматаар дуусвар болно. Хэрэв
ашигт малтмал олоогүй бол зарцуулсан хөрөнгийг нөхөн олгохгүй.
Хэрэв ашигт малтмал олсон бол концессионер салбарын яамнаас 35 жил
хүртэл хугацаатай орд газрыг боловсруулах зөвшөөрөл авна. Орд газрыг
боловсруулах ажлыг хэрэгжүүлэхийн тулд концессионер болон төрийн
корпорацитай тэнцүү хувь бүхий, мөн зөвхөн концессийн гэрээний үндсэн
дээр үйл ажиллагаагаа явуулдаг оператор-компани байгуулдаг.
Концессийн гэрээний хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх гэж
шаардлагатай тоног төхөөрөмж импортоор оруулж ирсэн концессионер гаалийн
татвараас чөлөөлөгдөнө.
Концессийн төлбөрийг дараах байдлаар хийдэг. Эхлээд олборлосон нефтийн
тодорхой хэсгийг оператор компанийн зардлыг нөхөх, түүнчлэн орд газарт
хайгуул хийсэн концессионерийн зардлыг нөхөхөд зарцуулна. Үүнийн нөхөөд
үлдсэн нефтийг концессионер, төрийн корпорац хоёр хуваан авдаг.
Хэлбэрийн хувьд концессионер ашгийн татвар, роялти болон бусад төлбөр
төлдөг. Гэхдээ үнэн хэрэг дээрээ энэ бүх төлбөрийг төрийн корпорацийн
тооцон авч буй нефтийн хувьд оруулсан байдаг. Ингэхлээр төрийн корпорац
бүхнийг мэднэ гэсэн хэрэг.
Концессийн гэрээний хүрээнд үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбогдсон
оператор-компани, концессионерийн бүх актив гэрээний хугацаа дуусмагц
төрийн корпорацийн өмч болно.
Олон улсын олон хөрөнгө оруулагчид газрын хэвлийн ашиглах Египетийн
системийг том төсөл хэрэгжүүлэхэд хэт нүсэр, сонирхолгүй гэж шүүмжилдэг.
Гэхдээ л 2001 онд бага зэрэг өөрчлөлт хийсний дараа хэвийн ажилласан.
Арабын Нэгдсэн Эмират
Арабын Нэгдсэн Эмират бол ашигт малтмал, голдуу нефтийг концессийн
гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж гаршсан улс бөгөөд энд хайгуул хийх,
өрөмдөх, олборлох, нефть зарах зэргийг концессионерын үүрэгт маш нарийн
зааж өгдөг юм.
Үүний ердийн нэг жишээ бол Абу-Дабу-гийн эмират Attock Oil компанитай
хийсэн гэрээ бөгөөд энд 1500 кв.км талбайг бүхий газрын хэсэг дээр нефть
хайх, өрөмдөх, олборлох, зарах эрхийг 35 жилийн хугацаагаар олгосон юм.
Концессионерын үүрэгт дараах зүйл орсон:
– Геологийн анхдагч хайгуул явуулах (үүнд 8 сар өгсөн)
– Хайгуулын өрөмдлөгийг оролцуулсан бүрэн хайгуул. Энэ нь концессод
гарын үсэг зурснаас хойш 6 сараас хэтрэхгүй эхэлсэн байх ёстой.
– Энэ ажлыг хэрэгжүүлэх зардал ажлын эхний жилд 4 сая доллараас
багагүй, хоёр дахь жилд 10 сая доллар, гурав дахь жил 11 сая доллар,
цаашаа дөрвөөс найм дахь жилд тус бүр 5 сая доллар оруулна.
– Бонусыг ингэж төлнө: концессийн гэрээнд гарын үсэг зурсны дараа 30
өдрийн дотор эхний бонус (3 сая доллар), арилжааны нефть нээсний (30
өдрийн турш өдөрт 5 мянган баррель гарвал) дараа хоёрдахь бонус (2 сая
доллар), олборлосон нефтийн экспортын хэмжээ өдөрт 100 мянган баррель
давсан үед гурав дахь бонус (6 сая доллар), энэ хэмжээ өдөрт 200 мянган
баррель давбал дөрөв дэх бонус (12 сая доллар), нефтийн экспорт өдөрт
500 мянган баррель давбал тав дахь бонус (12 сая доллар) төлдөг.
– Олборлосон нефтийн өртгийн 16%-тай тэнцэх роялти төлнө. Энэ төлбөрийг
эвсэл мөнгөөр, эсвэл нефтээр төлнө. Сонголтыг Абу-Дабу-гийн засгийн
газар хийнэ.
– Орлогын татвар (Income Tax) 60%-иар, мөн хөрөнгийн татвар төлнө. (үл хөдлөх хөрөнгөөс 10%, хөдлөх хөрөнгөөс 5%)
– Түүнээс гадна гэрээнд концессионер хайгуул хийсэн газрын хэсгийг
засгийн газарт буцаан өгөх ёстой. (эхний жил 35%, таван жилд 50%, найман
жилд 75%)
Концессионерт хамтрагч фирмээ сонгох бүрэн эрх байдаггүй, тийм жагсаалт засгийн газарт байдаг ба тэнд зөвшилцөж сонгох ёстой.
Олборлолтын хэмжээ өдөрт 100 мянган баррель хүрсэн үед концессионер дараах үйлдвэрлэлийн аль нэгийг эрхлэх боломжтой:
– Экспортод гаргах метанолын үйлдвэрлэл
– Шахмал нефтийн хийн үйлдвэрлэл
– Азотын бордооны үйлдвэрлэл
– Нефтийн десульфуризация (хүхрээс цэвэрлэх)
– Байгалийн шахмал хийн үйлдвэрлэл
Эдийн засгийн хувьд хамгийн ашигтай гэж үзсэн тэр үйлдвэрлэлд
концессионер өөрийн ашгийн 10%-иас багагүйг хөрөнгө оруулалт болгон
оруулах үүрэг хүлээнэ.
Хайгуул, ордын ашиглалт, нефтийн тээвэрлэлт зэрэг бүх ажил дэлхийн
хамгийн дээд зэргийн технологийн болон экологийн стандартад нийцэх
ёстой.
Абу-Дабу-гийн Засгийн Газар концессийн үйлдвэрийн газрын 60% хүртэл
хувийг авч, концессионерт орлогын харгалзах хэсгийн эргүүлэн өгөх эрхтэй
байдаг.
Ийм гэрээнд "better terms” гэсэн бусад нөхцлүүдийг голдуу тусгаж өгдөг
ба тэнд хэрэв засгийн газраас дурын компанитай хийсэн концессийн гэрээнд
ирээдүйд засгийн газарт ашигтай нөхцөл байдал бий болсон бол энэ тал
руу харгалзах сайжуулалтыг хийнэ гэж тусгасан байдаг.
Казахстан
Казахстаны ашигт малтмал ашиглах харилцааг Газрын хэвлий ба газрын
хэвлий ашиглах тухай хууль (1996), Нефтийн тухай хууль (1995) болон
Ерөнхийлөгчийн зарлигуудаар зохицуулдаг. 1999 онд тухайн хуулиудад
ихээхэн засвар оруулж, лицензийн системийг концессийн гэрээний системээр
сольсон.
Казахстаны хууль тогтоомжоор дараах төрлийн концессийг ашигладаг:
– Хайгуулын ажил явуулах гэрээ контракт (эрсдэл бүхий үйлчилгээний гэрээ)
– Олборлох ажил явуулах гэрээ контракт (сонгодог концесс)
– Бүтээгдэхүүн хуваах тухай гэрээ болон хамтарсан (совмещенный) хайгуул, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ контракт
Казакстаны Засгийн Газрын тогтоолоор (2001) баталсан газрын хэвлий
ашиглах ажил хийх (операц явуулах) Загвар гэрээ гэж байдаг. Энд хайгуул,
олборлолт, хамтарсан хайгуул, олборлолтыг бие даасан механизм биш,
харин концессийн нэг гэрээний хүрээнд гүйцэтгэж буй операцуудын дэс
дараалсан гинжин хэлхээ гэж зааж өгсөн.
Хайгуулын ажил явуулах гэрээгээр концессионер ашигт малтмал байж
болзошгүй газрыг хүлээн авч, түүн дээр өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил
явуулдаг. Хэрэв хайгуулын үр дүнд ашигт малтмал олоогүй бол газрын
хэвлий ашиглагч хайгуулд зарцуулсан зардлаа нөхөн авах эрхгүй.
Ашигтай илрэл олсон тохиолдолд концесионер энэхүү газар дээр ашигт
малтмал олборлох онцгой эрх олж авдаг. Хайгуул, ашиглалтын хамтарсан
гэрээ хийх нь коцессионерыг ашигт малтмал олсон тохиолдолд олборлолтын
гэрээ нэмэн хийх явдлаас чөлөөлдөг.
Газрын хэвлий ашиглалтын хүрээнд концессионер нь казакын болон гадаадын
хуулийн болон биет этгээд байж болно. Харин концеслогч нь Засгийн
Газрын бүрэн эрхт байгууллагууд байдаг.
Хайгуулын гэрээг 6 жилээр хийдэг ба концессионер түүнийг дээд тал нь 4
жилээр сунгаж болдог. Олборлолтын гэрээг 25 хүртэл жилээр хийдэг, харин
ашигт малтмалын том бөгөөд өвөрмөц нөөцийг 45 хүртэл жилээр гэрээлж
болдог. Хайгуул, олборлолт хавсарсан гэрээг хайгуул, олборлолтын үеийг
харгалзан хийх ба сунгах боломжтой байдаг.
Концессийн гэрээг биелүүлэх үед концессионер казакын боловсон хүчнийг
илүүд үзэх, казахын үйлдвэрийн үйлчилгээг авах, Казакстанд үйлдвэрлэсэн
тоног төхөөрөмж, материал авах зэрэг үүрэг хүлээнэ. Улс оронд аль нэг
бараа, үйлчилгээ байхгүй тохиолдолд газрын хэвлий ашиглагч гадаадын
байгууллагын бараа, үйлчилгээг зөвхөн Засгийн Газрын зөвшөөрлөөр авч
болно.
Концессионерүүд ажил хэргийн эрсдлийг даатгах, концессийн гэрээгээ
биелүүлэхтэй холбоотой өмч хөрөнгө болон иргэн-эрх зүйн хариуцлага
хүлээх ёстой байдаг. Түүнчлэн хүрээлэн буй орчны бохирдолтой холбоотой
эрдлийн даатгал хийдэг, мөн иргэн-эрх зүйн хариуцлагын зэрэгцээгээр
хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын хор уршгийг арилгах боломжит
зардлыг тусгасан гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагыг гэрээнд
тусгадаг.
Казакстаны хууль тогтоомжоор олборлосон ашигт малтмалыг концессионероос
авах тэргүүн ээлжийн эрхийг улс эдэлдэг ба үүний дээд хэмжээ, үнэ
тогтоох журам, цалин хөлсний асуудлыг концессийн гэрээнд тусгадаг.
Газрын хэвлийн хэсгийг концессор өгөхдөө хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн
конкурст ялагчид өгдөг, гэхдээ үндэсний компаниуд зохих эрх мэдэл бүхий
байгууллагуудтай шууд гэрээ хийх үндсэн дээр энэ газрыг авч болдог.
Үндэсний компани гэдэг нь ашигт малтмал ашиглах гэж Казакстаны
Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдсан, хувьцаа нь 100% улсад
харъяалагддаг хаалттай хувь нийлүүлсэн нийгэмлэгүүдийн хэлдэг.
Гэхдээ конкурсын саналыг ямар шалгуураар үнэлэх, конкурс зохион
байгуулах процедур зэргийг хууль тогтоомжид нарийн заагаагүй учраас
конкурсын ялагчийг тодорхойлох үед авилгал гарах боломж их байдаг.
Казакстаны хууль тогтоомжид газрын хэвлий ашиглах салбарт концессионер
барьцаа хэрэглэх эрхтэй байдаг. Гэхдээ ийм барьцааг тодорхой концессийн
гэрээгээр ажил хийхийн тулд зөвхөн санхүүгийн хэрэгсэл татах зорилгоор
хийж болно, хэрэв ингээгүй бол барьцаа хүчингүй болно.
Барьцааны гэрээг эрх бүхий байгуулагуудад заавал бүртгүүлэх ёстой ба
энэхүү бүртгэлээс өмнө гэрээ хүчин төгөлдөр болдоггүй. Газрын хэвлий
ашиглах эрх нь барьцааны зүйл болохыг хүссэн тохиолдолд барьцаалагчид
(барьцаалагч нь банк байхаас бусад тохиолдолд) концессионерийн бүхий л
эрх, үүрэг шилжинэ.
Литов
Литовт Газрын хэвлийн тухай хууль (1995) болон бусад хууль
тогтоомжуудаар ашигт малтмал ашиглах харилцааг зохицуулдаг. Газрын
хэвлий улсын өмч байдаг, түүнийг улс мэддэг ба олборлосон ашигт
малтмалыг бас л улс мэдэж хуваарилдаг.
Мөн нүүрс устөрөгчийн түүхий эдтэй холбоотой харилцаа болон татвар авах харилцааг зохицуулсан хэд хэдэн норматив акт байдаг.
Литовын хуулиар үнэт эрдэс, кварцын элс зэрэг металлын бүлгийн талаар
тусгай хууль гаргасан. Эдгээрийг яамд биш, Литовын Засгийн Газар мэдэж
зөвшөөрөл олгодог.
Газрын хэвлийг аж үйлдвэрийн хаягдал булах, радио идэвхит болон хортой
бодис хадгалах, нефть, хий болон бусад эрдэс бодис хадгалах зэрэгт
зориулж зөвшөөрөл өгөх асуудал зөвхөн Засгийн Газрын онцгой эрхэнд
байдаг.
Хэрэв тодорхой хэсэг дээр газрын хэвлий ашиглах нь бусад улсын хэвлийн
байдалд нөлөө үзүүлэх тохиолдолд Литовын Засгийн Газар онцгой эрх
эдэлдэг.
Литовд газрын хэвлий ашиглах нь ашиглалтын гэрээний үндсэн дээр
хэрэгждэг. Гэрээнд олборлох, зарах, хэвлий ашиглагчид экспортлож байгаа
ашигт малтмалын тоо хэмжээг зааж өгдөг. Энэ хэмжээг эдгээр асуудлыг
хариуцаж байгаа Литвын Засгийн Газар буюу байгууллагуудын шийдвэрээр
өөрчилж болно.
Газрын хэвлий ашиглагч нь хуулийн дагуу газрын хэвлий ашиглах эрх олж
авсан Литвын буюу гадаадын биет болон хуулийн этгээд байж болно.
Литвийн газрын хэвлийн тухай хууль тогтоомжид хөдөлмөрийн үндэсний зах
зээлийг хамгаалах, литовын таваар үйлдвэрлэгчдийг хамгаалахад чиглэгдсэн
хэм хэмжээнүүдийн тусгаж өгсөн байдаг.
Хууль тогтоомжийн дагуу лиценз олгохдоо хүсэлт гаргагчдад тусгай
боловсрол байгаа эсэхэд онцгой анхаарал хандуулдаг. 1995 онд Литовын
Засгийн Газрын тогтоолоор газрын хэвлийг судлах (геологийн) ажил хийх
хүсэлт гаргагчид тусгай боловсрол бүхий геологич, геофизикчид, дээд дунд
тусгай боловсрол бүхий өрөмдөгчид хангалттай тоогоор байх ёстойг зааж
өгсөн. Хэрэв хангалттай тооны мэрэгжилтэн байхгүй бол энэ нь зөвшөөрөл
өгөхөөс татгалзах нэг үндэслэл болдог.
Гадаадын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, үйлчилгээ оруулах, ашиглах
явдлыг хязгаарладаг. Гурван тохиолдолд л гадаад техник оруулж ирж болно:
Литвад байхгүй, оруулж ирэх нь эдийн засгийн хувьд ашигтай, шинэ
технологитой үед л зөвшөөрдөг.
Литовын хууль тогтоомжийн онцлог нь хуулиар геологийн судалгаа хийх
зөвшөөрөл нь хайгуул хийх шинэ лиценз авах, судлагдсан талбайд олборлолт
хийх, хайгуул хийсэн талбайд олборлолтын лиценз олж авах давуу эрх
болдоггүй.
Геологийн судалгаа хийх, орд газрын хайгуул хийх лицензийн хугацаа 3
жил бөгөөд түүнийг ахин 3 жилээр сунгаж болно. Хууль тогтоомжоор ашигт
малтмалын олборлолтын лицензын дээд хугацааг тодорхойлоогүй, гэхдээ
олборлолтын горим, боловсруулалтын эдийн засгийн үр ашгийг харгалзан
тогтоодог. Энэ хугацааг гэрээ болон ажлын хөтөлбөрт тусгадаг бөгөөд
түүнийг Литвийн Засгийн Газрын шийдвэрээр өөрчилж болдог.
Литовт лицензийг конкурсын үндсэн дээр олгодог. Конкурсыг хоёр үе
шаттай явуулна. Эхний шатанд бүх хүсэлт гаргагчдыг урина. Ингээд комисс
конкурсын хоёр дугаар шатанд оруулах этгээдүүдийг сонгодог. Энэ хоёр
дугаар шатанд үлдсэн өрсөлдөгчид нефтийн ажлын техник-эдийн засгийн
тооцоогоо танилцуулна, комисс үнэлгээний үндсэн дээр ялагчийг 30
хоногийн дотор тодруулдаг.
Газрын хэвлий ашиглах хэд хэдэн функцийг хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө
удирдах байгууллагууд ихээхэн үүрэгтэй байдаг. Нэгдүгээрт, Литовт эдгээр
байгууллагууд газрын хэвлий ашиглахад зориулагдсан газрыг хураан авах,
олгох, түрээсээр өгөх асуудлуудыг шийддэг. Хоёрдугаарт, мөн тэд ундны
цэвэр ус, үйлдвэрлэлийн газар дорх ус, мөн газар дорх дулааны эрчим
хүчийг ашиглах зөвшөөрөл олгодог. Гуравдугаарт, ашиглах төслийг
тэдгээртэй тохиролцдог бөгөөд ингэхгүй бол ажил эхлэх боломжгүй. Ер нь
Литовын нутгийн удирдлагын байгууллагууд ихээхэн өргөн эрх мэдэлтэй.
Литовт газрын хэвлийг конкурсгүйгээр ашиглах эрх олж авах цорын ганц
тохиолдол байдаг. Энэ нь Газрын өмчлөгч, түрээслэгчид нар өөрийн
хэрэгцээнд тусгай зөвшөөрөлгүйгээр байгалийн баялгийг ашиглаж болдог.
Гэхдэ зарж худалдаж болохгүй.
Нефть, хийн олборлолтын татварыг Литовын "Нефть, хийн нөөцийн татварын
тухай” хуулиар зохицуулдаг. Худалдааны үнийн 20%-иар суурь татварыг
тогтоох ба энэ нь Засгийн Газраас тогтоосон хяналтын үнээс бага байж
болохгүй.
Хэрэв орд газрыг улсын хөрөнгөөр хайж олсон бол дээр дурдсан хувийг 9
пунктээр нэмэгдүүлнэ. Хэрэв нүүрс ус төрөгчийн олборлолт явагдаж байгаа
орд газрын геологийн хайгуулыг улсаас гадна, харин хэрэглэгч өөрөө
хийсэн бол уг орд газарт улсаас хайгуул хийхэд гаргасан зардалтай дүйцэх
хэмжээгээр 9 хувиас нэмж хувь тооцно.
Литовын хууль тогтоомжоор хууль зөрчигчдийг ноцтой хүнд шийтгэдэг.
Олборлосон нефть, хийн хэмжээг нуусан бол нуусан зүйлээс арав дахин их
татвар авдаг.
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
Сэтгэгдэл байхгүй байна.