Тавантолгойг тойрсон улстөржилт
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх эсэхэд санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулав. Үүнтэй хамт УИХ-ын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүхээр ахлуулсан дэд ажлын хэсэг ч ажилдаа ханцуй шамлан орсон. Ажлын дэд хэсгийнхэн амралтын өдрийг умартан хуралдаж байгаа ч дорвитой үр дүн гарахгүй байна. Анхнаасаа Тавантолгойн ажлын хэсгийг байгуулсан нь эрх зүйн чадамжтай юу гэдэг асуудлыг гишүүд хөндөж эхэллээ.
Учир нь УИХ-ын дарга З.Энхболд зарим гишүүнд урьдчилж дуулгахгүйгээр шууд л ажлын хэсгийн гишүүнээр нэрийг нь зоосон гэх гомдол ч гарч байгаа аж. Яг ийм гомдлыг УИХ-ын гишүүн М.Сономпил хэлж, ажлын хэсгээс гарах өргөдлөө өгөөд байгаа юм. Түүний араас УИХ-ын гишүүн Су.Батболдыг гарч магадгүй гэсэн мэдээлэл ч байна. Тавантолгойн хэлэлцээрээр хамгийн их улстөржсөн түшээдийг ажлын хэсэгт орууллаа гэсэн олон нийтийн шүүмжлэл байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан энэ ажлын хэсгийнхнийг цахим ертөнцийнхөн "мөрөөдлийн багийнхан” хэмээн нэрлэж байна.
Тавантолгойн үндсэн болон дэд ажлын хэсэг байгуулсан нь УИХ-ын дарга З.Энхболдын бас нэгэн ов мэх хэмээн харах хүн ч цөөнгүй бий. Учир нь ажлын хэсэгтэй, хэсэггүй Тавантолгойн хэлэлцээр цаашаа явахгүй нь нэгэнт тодорхой болсныг АН, МАН-ын гишүүд шударгаар хүлээн зөвшөөрөх боллоо. Тодруулбал, АН-ын фракциудын хөлд Тавантолгойн гэрээ салмарч дуусах нь гэдгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр маш тодорхой хэлсэн. Тэрбээр "Тавантолгойг УИХ-аар хэлэлцэнэ. Аваад ир гээд байсан. УИХ-д өргөн барихаар буцаагаад байх юм. Дахин өргөн барихаар нь хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ чинь гадаад талдаа ямар ч итгэл өгөхгүй байна. Хэлэлцэх гээд байгаа юм шиг үгүй ч юм шиг. Төрийн гурван өндөрлөг нэг толгойтой ч юм шиг гурван толгойтой ч юм шиг.
Энэ гурван толгой дээр Х.Баттулга, А.Гансүх нэмэгдээд Тавантолгой төсөл таван толгойтой бужигнаад байхаар ард түмэн учраа олохгүй байх нь зөв шүү дээ. Энд дандаа танай фракци хоорондын зөрчил байна. Хөрөнгө оруулагч компани фракци болгоны дарга нартай ярих ёстой юм уу. Танай намын хурал болоод нэг шөнийн дотор Тавантолгойн хэлэлцээрийг тас зогсоож байна. Уг нь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар орж, УИХ-аар хэлэлцэх байсан ч зогсчихлоо. Одоо бол нам шийдэж байна шүү дээ. Тэгэхээр хууль хууль гэхээсээ илүүтэй хандлага чинь гай болж байна. Тавантолгойн төсөл дээр хэн нь томыгоо харуулах гэсээр байгаад бүр дордуулсан нөхцөлөөр гэрээ хийхвий” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд "Шийдлийн” Засгийн газар Тавантолгойн хэлэлцээрээ урагшлуулж чадах гүй учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огцрох өргөдлөө өгч, Засгийн газраа тараах ёстой гэж байр сууриа илэрхийлэв. Тавантолгойг тойрсон улстөржилт сүүлийн өдрүүдэд улам л хүчээ авч байна. Учир нь хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр МҮОНРТ-ээр "Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгат нэвтрүүлэг гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэв. Энэ тухай удирдлагууд нь мэдээгүй байснаа твиттер хуудсаараа зарлаж байгаа юм.
Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тавантолгойн гэрээнд хувьцаа эзэмшигчийн саналыг оруулахаар бороотой өдөр шүхэртэй санал асуулгыг Чингисийн талбайд зохион байгуулсан. Жагсагч гишүүн маань ард түмнээсээ асуухгүйгээр байгалийн баялгаа гадныханд ашиглуулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Өмнө нь хэд хэдэн удаа Тавантолгойн талаар мэдээлэл хийхдээ "Тавантолгойн ордыг социализмын үед Оросын геологичид 100 сая ам.доллараар хайгуул хийсэн. Тэдний судал гаагаар 6.3 тэрбум тонн нөөцтэй энэ ордын 30 хувь нь хатуу, 70 хувь нь коксжих нүүрс болох нь тогтоогдсон. Австралийн болон барууны орнуудын стандартаар хийсэн судалгаагаар 7.3 тэрбум тонн нөөц илэрсний 70 хувь нь коксжих нүүрс хэмээн тогтоосон. Зөвхөн 6.3 тэрбум тонн гэж тооцоолоод 1 тонн нүүрсийг 30 ам.доллараар бодоход 180 тэрбум долларын хөрөнгө газар доор байна. Энэхүү хөрөнгийг тооцоо судалгаагүй зөвхөн гадаадынханд найр тавьсан байдлаар шийдвэрлэж болохгүй” гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх эсэхэд санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд мэдээлэл хийж, Тавантолгойг алимтай зүйрлэж, монголчууд том алимаа хөрөнгө оруулагчдад алдаад өөрсдөө жижиг зүсэмтэй үлдэх гэж байгааг сануулсан. Энэ мэдээлэлтэй уралдаад МАХН-аас Тавантолгойн гэрээг дэмжихгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэв. МАХН-ын мэдэгдэлд "Тавантолгойн орд газрыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байх зарчмыг баримтлах ёстой. Тавантолгойн орд газар бүх ард түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын иргэн бүр эзэмших учиртай. Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулахыг шаардаж байна” гэсэн юм. Энэ бол Төрийн ордонд өрнөж байгаа үйл явдал.
Энэ гэрээтэй холбоотойгоор Төрийн ордны гадна ч халуун улс төр өрнөв. Тэр дундаа твиттерийн идэвхтэй жиргээчид нэгдэж, Тавантолгойг урагшлуулахыг шаард сан богино хэмжээний нэвтрүүлэг хийснээ цахим сайтуудад байршуулсан байв. Дээр нь Монголын баялаг бүтээгчдийн хөдөлгөөнөөс гэрээний асуудлаар мэдээлэл хийж, УИХ-ын гишүүд болон иргэний нийгмийнхэнд том төслүүдээ гацаахгүй, хамтдаа урагшлуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Хэрвээ улстөрчид хоосон популизм хийж, уул уурхай, дэд бүтцийн төслүүдээ чөдөрлөсөөр байвал баялаг бүтээгчид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ ч мэдэгдээд авсан удаатай.
Энэ зуур парламентад суудалгүй намууд Тавантолгойн гэрээг үзэглэснээр цөөн хэдэн улстөрчид хагартлаа баяжих гэж байгааг яаран сандран сануулав. Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор сүүлийн хэдэн долоо хоног ард түмэндээ хайртай улстөрч, баялаг бүтээгч, эдийн засагч, хуульч, эдийн засагчид амаа цуцтал цэц булаалдлаа. Сүүлдээ иргэд хэнийх нь үгэнд итгэхээ мэдэхээ байлаа. Ерөөсөө дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүйн үлгэр Тавантолгойн жишээ болов. Улстөрчид учир зүйгээ олохгүй Төрийн ордонд сүржин мэдэгдэл хийж байгаа нь иргэдийг талцаж хуваагдахад хүргэж байна. Тавантолгойг тойрсон том, жижиг улс төр хэзээ дуусах юм бүү мэд.
Ц.Оюунтунгалаг