Тавантолгойн ажлын хэсгийнхэн буюу ШОГ ГАРААНЫ ЭЗЭД
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Түүний энэ үеэрээ гаргасан үйлдэл олон нийтийн доог тохуу болоод байна. Тэрбээр Тавантолгойг том алимтай зүйрлэж тавьж туух гэж байна гэсэн. Ингэхдээ алимны зураг гаргаж ирээд тайлбарласан нь ийн олны тохуу болгож орхив түүнийг. Учир нь түүний хэвлэсэн алим нь "Аррlе” компаний лого байсан юм. Уг нь АН-ын ГЗ, улмаар УИХ дахь бүлэг нь хуралдан Тавантолгойн асуудлыг хэлэлцэж гаргасан шийдвэрээ олон нийтэд танилцуулахын хооронд тэрбээр өөрийн унаад байгаа нэрээ сэргээхээр ийн хэвлэлийн хурал хийсэн нь ойлгомжтой хэрэг. Гэвч авсан жишээндээ "Аррlе”-ийн лого хэрэглэж ахин онигоонд орчих юм. Өмнө нь шинэ бенз маркийн машин аваад өөрөөс нь ч илүү ухаалаг болохыг нь магтаж твиттертээ жиргээд онигоонд орж байсан билээ тэр. Гэтэл тэрхүү бенз машинаа энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй нь баахан асуудал дагуулсан. Тэгвэл санах ой сайтай шогч нэг нь түүний зургийг эвлүүлээд түүнд ямар бенз байгааг харуулчихсан байна. Мөн тэрбээр саяхан "Монос” компаний эмэнд хордсон хүүхдүүдийн эмчилгээний зардлыг насан туршид нь даана гэж хэлээд бас бөөн асуудалд орсон. Тэгвэл Л.Эрдэнэчимэг сэтгүүлч асуухаар нь сандарсандаа худлаа ярьчихсан гэдгээ тэр хүүхдүүдийн аав ээжид хэлсэн гэх. Энэ шуугианыг дарж, өөрийгөө ард түмний төлөө зүтгэж байгаа Тавантолгойгоо алдах гээд байгаагийн эсрэг байна гэж харуулах гээд бас ийн онигоонд орчих гэж. Олон ч хүн Тавантолгойн асуудал Л.Эрдэнэчимэгээр л дутав гэлцэж байна.Ийнхүү Л.Эрдэнэчимэг анх УИХ-д нэр дэвшихээсээ эхлээд л онигооноос салалгүй байсаар хугацаагаа дуусгах нь дээ. Тэр нэр дэвшиж явахдаа нэг "мундаг” гал унтрааж тэрхүү зураг нь улс даяар тархаж байлаа. Шанага барин ус цацах тэрхүү зураг ч бас цагтаа хит байсан шүү. Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг/2015.04.29/ байгуулсан.
Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн гишүүдэд А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нарын гишүүд тус тус багтаад байна. Энэхүү ажлын хэсэг нь 14 зүйл заалт бүхий удирдамжийг барьж ажиллах гэнэ. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг сонгосон нь олны доог тохуу, инээдийг хүргэж байгаа юм. Гэнэт л Тавантолгойг алимтай /тэгэхдээ АРРLЕ-ийн алимтай зүйрлүүлж” тайлбарлаад байсан нь ийм учиртай байж. Эмийн мэргэжилтэй Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон нөхдүүд дунд гадныханд аллергитэй О.Баасанхүү, С.Ганбаатар нар багтсан нь ч олон хүний дургүйцлийг хүргэж байна. Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийг арай дөнгүүр байж магадгүй гэж байгаа ч тэрбээр сайд болтлоо Оюутолгойн асуудлыг эсэргүүцэж ирсэн нэгэн. Харин А.Бакей, Су.Батболд нар бол хөдөө аж ахуй, төрийн байгуулалт, улстөрийн тал дээр дөнгүүр байж болох ч уул уурхайн гэрээн дээр ай мэдэхгүй гэлцэж эхэллээ.
Харин бизнес хийж байсан Д.Сумъяабазар, М.Сономпил нарын хувьд байж болох хувилбарт тооцогдоно. Мөн Б.Чойжилсүрэн Б.Наранхүү хоёр ч бас бизнесмэн зангаар голыг нь олсон шийдвэр гаргахад нөлөөлж магадгүй гэх. Гэхдээ энэ хоёрыг УИХ-ын чуулган дээр ганц үг ганхийдэггүй болохоор Тавантолгойн асуудал дээр хэрхэн ажиллах нь бас сонирхол татаж байгааг үгүйсгэх арга алга. Тэгэхээр энэ ажлын хэсэг нэг л тийм сулхан харагдаж байна даа.
МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ