Монголын уран бүтээлчид дэлхийд танигдаж эхэллээ
Энэ бол Монголын ардын язгуур урлаг дэлхийд гайхагдаж чадахын нэг баталгаа, илрэл байсан. Дэлхий дахин Монголын, Чингисийн хэмээх ганц өнцгөөс харж байсан бол ардын урлагийг гайхан шагшиж, тэр талаас нь харах боломжтой боллоо. Энэ бол "Хөсөгтөн” хамтлагийн гавьяа. Дээрээс нь Монголын циркчид, уран нугараачид дэлхий дахинд үнэхээр гайхуулж чадаж байгаа. Геннисийн амжилт хүртэл тогтоосон. Сүүлийн үед Монголын жүжигчид тив, дэлхийн хэмжээнд гарч эхэлж байна. Юуны өмнө жүжигчин Б.Амарсайхан "Марко Поло” кинонд тоглолоо. Холливудын ертөнцөд хөл тавьж чадсан гэхэд болно. Одоо түүнийг олон найруулагч ямар нэг хэмжээгээр сонирхож байгаа байх. Дээрээс нь жүжигчин Р.Анхням "Чонон сүлд” кинонд тоглож, Азийн төдийгүй дэлхийн хэмжээнд танигдах эхлэлээ тавьсан. Магадгүй дараа дараачийн удаа Хятадын, Францын кинонд ч тоглох боломжтой.
Одоо дэлхий дахин манай улсыг шилдэг жүжигчдээр маань төлөөлүүлж харж байна. Энэ бол Монголын уран бүтээлчид ямархуу энтэй байгааг харуулж байгаа юм. Цаашлаад "Марко Поло” киноны хоёрдугаар улиралд олон монгол жүжигчин тоглохоор болоод байгаа. Нийтийн хэсгээс авахуулаад гол гэсэн дүрүүдэд сонгогдсон. Гэвч манай уран бүтээлчдэд ганц зовлон байгаа нь хэлний бэрхшээл. Б.Амарсайхан бол Англи хэлээр чамгүй сайн ярьж чаддагаа "Марко Поло” кинонд тоглох үеэрээ харуулсан. Тиймдээ ч энэ кинонд оролцон тоглож чадсан.
Гэтэл сүүлд Монголоос шалгаруулж авсан жүжигчид Англи хэлний мэдлэггүй учраас орчуулагчтай ажиллаж байгаа юм билээ. Хэдийгээр сонгогдсон ч гэсэн хэлний мэдлэггүйгээсээ болоод хасагдах вий дээ. Мөн цаашдын карьерт нь ч нөлөөлнө шүү дээ. Ер нь бол жүжигчид хэлний мэдлэгтэй л байх хэрэгтэй. Дуучид, хамтлагууд яах вэ. Орчуулагчаар дамжуулаад ойлголцоод, очоод уран бүтээлээ хүргээд л боллоо. Тэр дундаа сонгодог урлаг гэдэг дуугаар л ойлголцдог нэг хэлтэй. Дараа нь хүнтэй ярилцахад орчуулагчаар дамжуулсан ч нэг их асуудал болохгүй. Яах вэ, өөрөө хэлтэй байвал сайн л биз. Давуу тал болно. Харин жүжигчид маань болж өгвөл Орос, Англи, цаашлаад хятад хэлтэй байвал зүгээр байна. Өнөө цагт Монголын түүх, соёлыг дэлхий нийтээрээ сонирхож байна.
Тэртээ 13, 14 дүгээр зууны үед Монголын түүх, соёлыг сонирхохоор олон гадны жуулчин, эрдэмтэн мэргэд, уран дархан хүмүүс манайд ирж байсан. "Марко Поло” бол зөвхөн нэг хэсэг нь. Монголын аль ч хааны тухай кино хийхэд дэлхий дахиныг байлдан дагуулсан уран бүтээл болох боломжтой. Тэр дундаа техник технологи өндөр хөгжсөн Холливудын ертөнцөд энэ бүхэн асуудал биш.
Тиймдээ ч эхнээсээ манайхтай холбоотой түүхээр кино хийгээд эхэллээ. Цаашид энэ давалгаа улам хүчтэй болох байх. Тэр бүхэнд Монголын жүжигчид хэрэгтэй болно. Ахуйгаа сайн мэддэг энэ тэр гээд олон хүчин зүйлээс хамаарч монгол жүжигчдийг сонгоно шүү дээ. Тийм болохоор олон жүжигчин Англи хэлтэй болмоор байна. Бүр салбарыг нь хариуцдаг газраас нэгдсэн журмаар сургаж болно шүү дээ. Тэгж чадвал манай кино урлаг, жүжигчид дэлхийн тавцанд гарах боломжтой. Тэгэхгүй орчуулагчтай гүйгээд байвал учир дутагдалтай шүү дээ. Түүний оронд Англи хэлтэй Хятадын юм уу, Солонгос, Японы жүжигчин аваад тоглуулчихна. Ядаж л тэдэнтэй өрсөлдөхөд бидэнд, манай жүжигчдэд хамгийн түрүүнд хэл хэрэгтэй байна.
Н.ПУНЦАГБОЛД