Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарт “Ардын жүжигчин” цол томдохгүй
Амжилт гаргахаар нь магтаалаар булж, азгүйтэж бүдрэхэд нь газар дор оруулдаг тэр жишгээр дээрх үгсийг бичсэнгүй гэдгээ эхлээд хэлье. Цаашид ихийг хийж бүтээх хүмүүст өгөх ёстой юмыг нь өгчихвөл илүү эрч хүч нэмэх юм болов уу гэсэн санаагаар бичиглэлээ.
Монголын сонгодог урлагийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал өнгөрөгч долоо хоногт тохиосныг уншигчид мэдэж байгаа. Дөрвөн жилд нэг удаа зохиогддогтоо ч бус, цар хүрээ үнэлэмжээрээ "Дэлхийн сонгодог урлагийн олимп” гэгдсэн ОХУ-ын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын сонгодог урлагийн наадамд Монгол Улсын гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар амжилттай оролцож, гран при шагналын эзэн болсон. Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж шүүгчээр нь олон жил ажиллаж байсан гэдгээр л монголчуудтай холбогдож асан энэ уралдаанд манай дуучид олонтаа оролцсон ч 1990-ээд оны сүүлч хүртэл дорвитой амжилт гаргаж байгаагүй юм. Харин МУГЖ П.Ганбат 1998 онд дөрөвдүгээр байрт орж, хожмынхоо залууст итгэл хайрласан бол 2011 онд МУГЖ Э.Амартүвшин атгаад алдсан байдаг. Тэр цомыг Г.Ариунбаатар аваад ирлээ. Түүний замын зардлыг дааж, уралдаанд оролцох боломжоор хангасан УИХ-ын дэд дарга М.Энхболдод ч монголчууд талархах учиртай.
Г.Ариунбаатар СУИС-ийг дүүргэсэн бөгөөд 2011 онд Москвад болсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын гоцлол дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж, төрийн хишгийг залуудаа хүртсэн уран бүтээлч. Мөн тэрбээр 2012 онд Монгол Улсын шилдэг дуучны тусгай шагнал, 2014 онд Москвад болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрын шагналыг хүртсэн юм. Сүүлийн нэг жил тэрбээр Улаан-Үд хотноо Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа уран бүтээлээ туурвиж байсан.
Сая Москвагаас ирэхдээ Маринскийн театраас ажлын санал хүлээж авсан гэсэн. Өөр ч олон театраас урилга ирсэн гэсэн. Тиймдээ ч "Хүүг нь дэлхийн тайз дуудаж байна” гэж хэлээ биз. Монголын сонгодог урлагаас Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гэсэн хоёр од нэгэн зэрэг гийлээ. Э.Амартүвшин П.Чайковскийн нэрэмжит наадамд үзүүрлэж, Плачидо Домингогийн нэрэмжит уралдаанд тэргүүлж, Кардифф сингерт үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. Г.Ариунбаатар И.Глинкийн нэрэмжит олон улсын наадам, П.Чайковскийн нэрэмжит уралдаан, Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрыг хүртлээ. Одоо төр хишгээ дахин хайрлахад буруудах юм ер үгүй мэт санагдана.
Монголын түүхэнд хамгийн залуудаа Төрийн соёрхол хүртсэн хүн нь МУГЖ Ц.Төмөрбаатар гэдэг.Ю.Цэдэнбалын дүрийг бүтээж, төрийн хишиг хүртэхдээ тэрбээр 24-хөн настай байсан юм билээ. АЖ, Төрийн шагналт Б.Норовсамбуу аравдугаар анги төгсөх жилээ буюу 18-хан насандаа МУ–ын гавьяат жүжигчин цол тэмдэгийн эзэн болж байв. МУГЖ Д.Алтанхуяг мөн л 18-хан насандаа гавьяат болсон. Тэд бүгд төрийн хайр энэрлийг дааж яваа. Харин хамгийн залуудаа ардын жүжигчин болсон тохиолдлыг мэдэхгүй юм. Э.Амартүвшин 29, Г.Ариунбаатар 26 настай. Хэрвээ Ерөнхийлөгч соёрхвол тэд Монголын урлагийн түүхэнд хамгийн залуудаа "Ардын жүжигчин” цол хүртсэн шинэ түүхийн эзэд болох юм. Дуурийн урлагийн домгууд болох АЖ Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан нарын хүрээгүй оргилд энэ хоёр залуу гарчихлаа шүү дээ.