Дэлхийн шилдэг гэрэл зураг: Боливи эмэгтэйчүүд
Дэлхийн шилдэг гэрэл зураг шалгаруулах томоохон наадмуудын нэг бол Сони компаниас зохион байгуулдаг "Sony photography awards” юм. Жил бүр уламжлал болон явагддаг энэ тэмцээний энэ жилийн шилдгүүд хэдийнэ тодорчээ.
Найм дахь жилдээ зохиогдож буй энэ жилийн наадамд 171 орны гэрэл зурагчдын 173444 бүтээл ирснээсөнгөрсөн жил дэлхий дахиныг айдас хүйдэст автуулсан хөнөөлт Эбола цусархаг халууралт өвчний талаархи сэтгэл эмзэглүүлэм зурагнууд, Боливи улсын эмэгтэй бөхчүүдийн барилдаан зэрэг олон гайхалтай бүтээлүүд шилдгүүдийн жагсаалтад багтжээ. Шилдгүүдийн жагсаалтад дээгүүр байрт шалгарсан нэгэн бүтээлийг өнөөдрийн "Дэлхийн шилдэг гэрэл зураг” буландаа онцолж байна.
Дээрх зургийг Италийн гэрэл зурагчин Риккардо Бонони гэрэл зургийн хальснаа буулгасан бөгөөд түүний энэ бүтээл "Sony photography awards-2015” наадмын "Спортын гэрэл зураг” төрлийн тэргүүн байрт шалгарчээ. Боливи улсын эмэгтэйчүүдийн хувьд идэвхитэй ажил эрхлэлтээрээ Латин Америкдаа тэргүүлэгч орон аж.Дэлхий нийтэд түгээмэл байдаг "эмэгтэйчүүд сул дорой байдаг” гэх ойлголт Боливи эмэгтэйчүүдэд бол тохирохгүй гэнэ билээ.
Учир нь тэд эр хүнээс дутуугүй хүчтэй. Боливи улсын хэмжээнд хүн амын тоогоороо гуравдугаарт бичигддэг Ла Паз хотын хамгийн ядуу буурай тосгонд хөдөөгийн фермер бүсгүйчүүд долоо хоног бүрийн ням гарагт рингэн дээр уулзаж, олон нийтийн өмнө барилддаг байна. Рингэн дэх эмэгтэйчүүдийн гал гарсан барилдааны үеийн торгон агшныг зурагчин Бонони гэрэл зургийн дурандаа буулгаж амжсан нь энэ. Дашрамд дурьдахад, тэд үндэсний "Чолитас” гэх хувцас болон дугуй бүрх малгай өмсч, тулалддаг байна.