13+1 сайдын суудлын тохироо ингэж явагдана
УИХ-ын ээлжит бус чуулганы тов өчигдөр үдээс хойш албан ёсоор зарлагдлаа. Тов зарлагдах эсэх нь тодорхойгүй байсан ч УИХ-ын дарга З.Энхболд бүрэн эрх мэдлийнхээ хүрээнд захирамж гаргаснаар ирэх Даваа гарагаас МАН-ын сайд нарын суудалд сэлгээ хийх асуудал хөндөгдөж эхлэх нь тодорхой боллоо.
Засгийн газрын танхимд суудалтай МАН-ын зургаан сайдын асуудал яригдаж байгаа ч тэдний ард намын угшилтай дэд сайд нарын долоон суудал байгаа юм.
МАН-ын засгийн газар дахь зургаан сайд
- Шадар сайд У.Хүрэлсүх
- Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар
- Зам тээврийн сайд Н.Төмөрхүү,
- Хөдөлмөрийн сайд С.Чинзориг
- Сангийн сайд Ж.Эрдэнэбат
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
- Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан
- ГХЯ-ны дэд сайд Н.Оюундарь
- Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа
- Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар
- БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар
- Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нар багтаж байна.
МАН-ын сайд ба дэд сайд нарын нийт 13 суудал. Дээрээс нь нэмээд өчигдөрхөн Монгол улсын сайд М.Энхсайхан МАн-ын сайд нарыг засгаас хөөвөл өөрөө саналаараа огцорно гэдгээ мэдэгдээд буй. Тэгэхээр 14 сайдын хамааралтай суудлын эзэнг шинээр томилох ажил үйлс ундрах нь ээ.
Төрийн ордны нууц шивнэлдээнээр сайдын суудлуудын эзэд бараг л тодорхой болсон гэх.
З.Энхболд МАН-аас урвасан Д.Арвинд итгэл үзүүлэх үү?
Сайд нарын сунгаанд мэдээж АН-ын даргын үзэмжид ихээхэн нийцдэг нөхдүүд нэрлэгдэж эхэлсэн нь нууц биш. Тухайлбал, МАН-аас урваж, АН-ын "Шонхор” фракцаар овоглох болсон Д.Арвин.
Цаашлаад Зам тээврийн сайдад одоогоор УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх хийж буй А.Гансүх тохоон томилогдсон гэх. Нөгөө талд, А.Гансүхийн хувьд хуучин хашиж байсан сайдын суудлаа намын даргын дотны хүний хувиар эргүүлэн авах нь байх л үзэгдэл.
За тэгээд, үндсэндээ зургаан сайдын дөрвийг нь намдаа авч үлдэж, фракцуудаа эвтэйхэн тэжээгээд, үлдсэн хоёрыг нь ИЗНН, "Шударга ёс” эвсэлд найр тавин өгөх сураг өмнө нь дуулдаж байсан. Мэдээлэл, ерөнхий таамгууд хол зөрсөнгүй.
С.Ганбаатар Хөдөлмөрийн Үндэсний Намаас сайдын суудалд залрах уу?
Харин нэг л хүн шинээр сайд нарын суудалд бүртгэгдэхээр яригдаж эхэллээ. Тэр нь УИХ-ын гишүүн бие даагч С.Ганбаатар. Тэрээр Хөдөлмөрийн Үндэсний намаас сайдын суудалд суух мэдээлэл явж буй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд сүүлийн үед олны дунд нэр хүнд нь тогтмол өсөх хандлагатай байгаа ХҮН-ыг анхнаас нь далдуур дэмжиж, ирэх сонгуулиар уг намаас нэр дэвшинэ гэсэн яриа явж байсан.
Гэсэн ч "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орох үеэрээ ХҮН-ын гишүүн хараахан болчихоогүй байна гэх тодруулгыг өгч байсан удаатай. Ямартай ч энэ удаа С.Ганбаатар гишүүн ХҮН-аас засгийн газрын танхимд дэвшин суухыг үгүйсгэх аргагүй юм.
Долоон дэд сайдын суудлыг хэрхэх бэ?
Дэд сайдуудын долоон суудал одоогоор ил цагаанаар яригдахгүй байгаа ч хамгийн гол хөшүүргийн үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, сайдын суудлууд тэгш бус, гомдолтой байдлаар хуваагдсан байдлыг дэд сайдын суудлууд тэгшилж өгөх онц их ач холбогдолтой юм.
Мэдээж энэ удаа "Манайх ер албан тушаал горилоогүй. Тогтвортой байдлыг л хүссэн” гэх уужуу үгээр сайд, дэд сайдын суудлын тоондоо эмзэглэж явдгаа дуулгаж амжсан ИЗНН-д боломж олгох нь тодорхой. Сайдын нэг суудлаас гадна дэд сайдын томилгоонд эднийд хэдийг өгөх дүр зураг харагдаж байгаа.
Эцэст нь АН-ын хамгийн их болгоомжтой, хянуур, найр тавьсан байдлаар суудал өгөх хэсэг бол "Шударга ёс”эвсэл. Тэр дундаа МАХН. Солонгос улсаас Н.Энхбаярын нууц даалгаврын үр шимээр засаг задрахад хүрээд буй шуум явж байсан. Тийм биш байлаа ч АН илтэд "Шударга ёс”эвсэлтэй хагарч болохгүй нигуртай. Тиймээс ч МАН-ын долоон дэд сайдын суудлын нэгээхэн хэсэг "Шударга ёс”эвсэлийг "найрах ажиллагаа”-нд зарцуулагдана гэх яриа түгэж байгаа.
Энэ маягаар нийтдээ 13+1 суудлыг эзэнтэй болгох ажил намрын чуулган хүртэл магадгүй түүнээс ч урт хугацаанд сүр дуулиантайгаар үргэлжлэх нь ээ.
МАН-ын сайд нарын суудлыг чөлөөлөх яриа дэгдэж эхлэх үеэс албан тушаалын бялуу хуваалтыг хэрхэн хийх талаар элдэв таамаг өнөөг хүртэл хөвөрч буй. Хамгийн түрүүнд онцолбол, шадар сайдын суудалд ерөнхий сайдын сэнтийгээс ардын баатар болтлоо өнгө төрхөө өөрчлөөд буй Н.Алтанхуягийн нэр яригдаж байгаа.
Гэхдээ ямар ч утгаар бодсон АН дотоодоосоо, тэр дундаа "Алтангадас” фракцаас шадар сайдыг томилно гэдэг жинхэнэ үлгэр. Чухам ийм байдал үүсгэхгүйн төлөө л З.Энхболд ажиллах нь лавтай юм.
Шадар сайдын суудлыг олонхын таамаглаж байгаачлан "Шударга ёс”эвсэл авах нь хамгийн оновчтой. Бүр тодруулбал, МАХН авах найраа эртнээс хийгдсэн, АН ч ийм бодлого баримталж байгаа гэх бор шувуу нисэж буй. Шадар сайдын суудалд МАНХ-аас ямархан сонирхол татахуйц нэгэн нэрлэгдсэнийг дорх таамгаас хараарай.
Шинэ сайдууд ингэж томилогдох уу?
1. Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд Э.Батшугар
2. БОАЖНХЯ-ны сайд Д.Оюунхоролын оронд Г.Баярсайхан
3. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд Д.Арвин
4. Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд С.Ганбаатар
5. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын оронд Б.Гарамгайбаатар
6. Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд А.Гансүх
7. Монгол Улсын сайд М.Энхсайханы оронд Н.Батцэрэг нар суухаар болсон гэх яриа явж байна.
Ж.Мядагбадам
Сэтгэгдэл байхгүй байна.