Дэлхийн яруу найргийн нийслэлд “дэнж хотойтол” наадсан тухай тэмдэглэл
Хол юмаа энэ Колумб гэдэг улс” гэж бодохуйд хорин дөрвөн цаг гаруй онгоцонд чилж, хорин дөрвөн цагаас ч илүү хоёр гурван улсын онгоцны буудал дээр хүлээхийн "жаргал”-ыг эдэлсэн минь нүдэнд харагдах шиг. Сөүлээс Нью-Йорк руу "Кал”-ын онгоцонд суумагцаа цаг нөхцөөх санаатай өмнөх дэлгэцээ оролдон кино шүүрдэхэд "Пабло Эскобар”, "Алслагдсан диваажин” гэх кино таардаг байгаа. Үзлээ дээ. Үнэхээр аймшигтай юмаа. Мэдэллин хотын гудамжийг тэр чигээр нь цусаар будаад хаячихсан байна. Дэлхийн хар тамхины нийслэл Мэдэлин хотын хаан Пабло Эскобар гэгч үнэхээр аюултай этгээд болохыг Холливудын энэ киноноос мэдлээ. "Колумб улс бол хар тамхины үүр уурхай. Мэдэлин хот бол дэлхийн хар тамхины нийслэл” гэсэн базаахгүй бодолд автан сэтгэл түгшсээр Нью-Йоркоос Мэдэллин хотын зүг Колумбын "Авианка” компаний гал улаан "Бойнг” онгоцыг хөлөглөн нисвэй. Өмнөд Америкийн испани, индиан, португали цус холилдсон нөхдүүд дотор япон солонгос нь мэдэгдэхгүй нэг нөхөр таван цаг гаруй нисч байж мөнөөх айхтар хотдоо хөл тавилаа даа. Онгоцноос буумагц дэлхийн бүслүүрийн халуун агаар нэвт цохиод усан хулгана болох байх гэж бодсон минь алдаа байж. Учир нь 2001 онд Мэдэллин хотноо болсон Яруу найргийн 16 дахь олон улсын наадамд Монголын төлөөлөл нэрт зохиолч Чинагийн Галсан гуай маань оролцсон билээ. Аливаа нэг наадам энэ тэрд явахдаа тухайн орны тухай хэн юу бичиж тэмдэглэж үлдээж вэ гэдгийг шүүн үздэг номоороо хэрдээ хайгуул хийсэн ч тоймтой юм олоогүй юм. Тэгээд Ч.Галсан гуай руу утас цохиж асуухад тэсч тэвчихийн аргагүй халуун байдаг, дээлтэй явах юм бол шууд бүтэж үхнэ, хоол унд нь дандаа халуун орны гадил энэ тэр, жимс шарж иддэг улс, асар их байлддаг бололтой юм билээ гэсэн "мэдээлэл” өгсөн юм л даа. Галсан зохиолчийг очиход Колумбийн засгийн газар хар тамхины бүлэглэлүүдтэйгээ ид байлдаж байсан бололтой юм билээ. Гудамж талбайд буутай цэрэг ганцаараа харуулд гарвал шууд нуруунд нь хутга зооно, эсвэл сум зоодог учраас цэргүүд нь нуруу нуруугаа налан харуулд гарч байсан гэнэ лээ. Ч.Галсан зохиолчийг л гэхэд хоногийн 24 цаг буутай цэрэг нүд цавчилгүй хамгаалж байсан гэж байгаа. Ийм аймшигтай мэдээлэл сонссон би эргэж хургах шахуу онгоцноос гарч хонгилоор алхав. Гааль, паспортын шалгалт гээд аль ч улсын хил дээр байдаг "бартаа”-г даваад угтан авагчдын танхим руу ороход нэрийг минь томоор бичсэн самбар барьсан хоёр хүүхэн, гурван залуу зогсч байна. Мэнд усаа мэдэлцэн уулзаад гадаа гарч агаар амьсгалахуй мөнөөх айхтар халуун мэдэгдсэнгүй. Тосч авсан залуучуудаас аймшигтай их халуун байдаг гээ биз дээ, өнөөдөр сэрүүхэн байна уу гэж асуувал "Колумб улс жилийн нэг л улиралтай. 20-28 хэмийн халуунтай "Мөнхийн хавар”-аараа байдаг” гэж байна. Надаас арай өмнөхөн ирсэн хоёр гурван орны найрагчтай танилцаж аваад буудлын зүг дөрөө харшуулав. Колумбчууд Мэдэллин хотоо Меджны гэж хэлэх ба 50 сая хүн амынх нь дөрвөн сая гаруй нь энэ хотноо аж төрөн суудаг юмсанж. Нийслэл Богота хотдоо 10 сая гаруй хүн суудаг аж. Олон улсын яруу найргийн наадмыг зохион байгуулахад 120 гаруй хүн оролцож байгаа гэнэ. Чанар чансаагаараа дэлхийд дээгүүрт ордог Мэдэллиний наадам нь 2006 онд Нобелийн шагналыг хорооноос "Альтернатив Нобел” буюу Нобелийн шагналтай дүйцэхүйц лут арга хэмжээ гэж үнэлэгдсэн бол 2009 онд Колумб улсын засгийн газраас "Үндэсний өв соёл” гэж өргөмжлөн зарлаж баталгаажуулсан байна. Аймшигтай нэвт хөлөрсөн халуунд бус сэвэлзсэн салхитай бүрхэгдүү тэнгэртэй Мэдиллин хотноо Каркас хэмээх гудамжинд байрлах "Гранд хотел” зочид буудлын 609 тоот өрөөнд найман хоног амьдрахаар төвхнөсөн хойноо надаас өмнө энэ наадамд уригдан ирж оролцож байсан Оросын нэрт найрагч А.Вознесенский, Е.Евтушенко нар аль өрөөнд бууж байсан юм бол гэж сониучирхсан юм. Ч.Галсан зохиолчийн яруу найргийн наадамд оролцож байсан тэр хэцүү цаг үе Колумб улсын хар түүх болон үлдсэн бололтой. Гудамж, талбайд нь нэг ч буутай цэрэг энэ тэр үзэгдсэнгүй. Зохион байгуулагч залуус "Колумб улс танд таалагдаж байна уу, анхны сэтгэгдэлээ хуваалцаач” гэж сонирхоход нь Оросын "Газар уснаа явагч” хүн буюу "Ихтиандар” гэж кинонд латин Америкийн хотуудын гудамжийг анх удаа харж байснаа хэлэв. Мөн ирэх замдаа Солонгосын онгоцонд Пабло Эксобарын тухай кино үзсэнээ хэлэв. Нэг ёсондоо жаахан жихүүн бодолтой ирсэн гэдгээ илэрхийлсэн хэрэг. Гэтэл тэд "Манай улс газар дороо зэс, нүүрс гээд арвин их баялагтай. Америкчууд баялагт маань шунаад хар тамхины мафи ихтэй энэ тэр гэдэг хар пи-арыг их тараасан. Гэмт хэргийн үүр уурхай гэдэг л юм. Нью-Йоркт ч, Чикагод ч Мэдэллинээс дутахгүй гэмт хэрэг гарч л байгаа шүү дээ” гэлцэж байлаа. Залуусын үг үнэн санагдсан. Тэнд байх хэд хоногт би ажил төрөлдөө яарсан шогшсон энгийн хүмүүсийг, шоргоолжны үүр бужигнах шиг ажилсаг дүр зургийг олж үзсэн болой. Мэдэллин хот бол ердийн хот юм гэдгийг хангалттай харсан. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэг шиг хар тамхины наймаа арилжаа байдаг нь илт байв. Мэдэллиний гудамжнаас хамарт содон үнэр хаа хааяа ханхалж байсан бөгөөд нутгийн хүнээс асуухад хашишийн үнэр гэж хэлсэн нь үүнийг баталж байлаа. Монголчууд минь үндэсний их баяраа тэмдэглэн дэнж хотойтол наадамдаж байх тэр өдөр 11 цагаас хэвлэлийн бага хурал болж, Мэдэллиний олон улсын 25 дахь яруу найргийн наадам, дэлхийн яруу найрагчдын хоёрдугаар чуулган албан ёсоор эхэллээ. Нийт 45 орны 100 гаруй найрагчдын шүлэг зохиолыг зураг танилцуулгатай нь хэвлэсэн жилдээ нэг гардаг "Прометей” яруу найргийн сэтгүүлийн шинэ дугаарыг хэвлэлийн бага хуралд оролцож байгаа бүх хүнд тарааж өгөв. Энэ удаагийн наадамд Мексикийн их яруу найрагч Натали Хернандсаас эхлээд олон орны мундаг яруу найрагчид цуглажээ хэмээн тус наадмыг санаачлагч Колумбын нэрт яруу найрагч Фернандо Рендон гуай олонд зарлаж байна. Рэндон найрагчийн хүү Луйс Рэндон ч бас яруу найрагч төдийгүй энэхүү наадмын гүйцэтгэх захирлын алба хашдаг аж. Түүний эхнэр хүртэл энэ хэд хоногт "Гран хотел”-ын нэг давхрын лобби танхимд зөөврийн компьютерийн ард суун зааж чиглүүлэх ажил хийж байв. Арга ч үгүй юм даа. Зуу гаруй найрагчийг өдөр бүр хэдэн хэсэг болгон хуваарилж Мэдэллин хотын өнцөг булан бүрт шүлэг уншуулна гэдэг амар ажил биш юм байна. Наадмын долоо хоногт дэлхийн яруу найрагчдын 2-р чуулган нь "Колумбд энх тайван хэрэгтэй” уриан дор явагдаж яруу найргийн 150 гаруй уншлага болсон гээд л бодчих. Долоохон хоногийн дотор 150 гаруй уншлага шүү дээ. Албан ёсны нээлт 16 цагт Лос Десос нэртэй цэцэрлэгт хүрээлэнд эхлэв. Нээлт эхлэх үед шүлэг сонсохоор цэцэрлэгт хоромхон хугацаанд битүү хүн цуглаж байна. Үнэхээр гайхалтай. Дороо дэвсэх юмаа хүртэл бариад ирчихсэн тайзны өмнөх цардмал талбай дээр газар суугаад шүлэг сонсох нь таатай. Бороотой өдөр бол шүхрээ барьж ирээд шүлэг сонсдог юм билээ. Рэндон гуайн эхнэр нь бас яруу найргийн наадамд гар бие оролцон найрагчдын нэр усыг зарлан сайхан гэгч нь хөтлөөд явчих юмаа. Шүлэг сонсохоор цугласан олон хүнийг хараад миний бие үнэхээр барьц алдаж байлаа. Хамаг шар үс босоод бие арзайгаад л... Урд өмнө нэг биш удаа яруу найргийн наадамд оролцож явахдаа шүлэг сонсохоор ийм олон хүн цуглаж байхыг үзээгүй юм. Литва, Македон гээд бас ч гэж хэд хэдэн улсад болдог наадамд оролцож байхад ингэж их шүлгэнд шимтэн цугладаг хүмүүсийг хараагүй билээ. Аргагүй л агуу их зохиолч Г.Г.Маркесийг төрүүлсэн ард түмэн мөн байна. Ийм ард түмний дотроос Маркес шиг зохиолч төрөхгүй яахав гэж бодогдож байлаа. Хэвлэлийн бага хурлын үеэр яалт ч үгүй монгол төрхтэй туранхай өндөр бор залуу цус нэгтэй ах минь гэсээр надтай уулзсан нь Афганистаны Хазара найрагч Басир Ахан байлаа. Хаа байсан Өмнөд Америкт хазар-монгол найрагчтай "Бид чинь үндэс язгуур нэг шүү дээ” гээд эрийн гурван наадмын тухай, Чингис хааны тухай англиар яриад зогсч байх юм гэж зүүдэлсэн ч үгүй явж дээ. Нээлтийн үеэр өмсч очсон их эзэн хааны хөрөг бүхий футболка цус нэгт дүү найрагчид ихэд таалагдаж намайг Монголоос ирсэн хүн гэдгийг илэрхийлсэн юмсанж. Их хааны үр сад хэдэн зууны дараа хаа холын нутагт хааныхаа дүрээр бие биенээ олж уулзаж байгаа нь сайхан хэрэг юм шүү. Хэвлэлийн бага хурлын дараа англи хэл дээр хэвлэгдсэн "Монголын нууц товчоо” ном болон уртын дууны цомогтой хамт өнөөх футболкийг Басир Аханд бэлэглэж орхив. Хазара-Монгол найрагч баярлаж байна гэж тоймгүй. Мань хүний эцэг эх болон дүү нар нь Кабулд амьдардаг, өөрөө бол эрдэм номын мөр хөөн Итали улсад очиж Венецээс 25 км газар зайтай Падуа хэмээх жижиг хотод амьдрах болсоор зургаан оныг үджээ. Басир Ахан найрагч маань наадмын туршид төрөлх хазара хэлээрээ шүлгээ уншихаас гадна итали хэл дээр бичсэн шүлгүүдээ дуудаж явсан нь бахархалтай. Бас итали хэл дээр шүлгийн номоо хүртэл гаргасан байна. Жилдээ нэг удаа "Болор цом” гэж наадам хийгээд монголчуудаас өөр улсад яруу найргийн ийм агуу наадам байхгүй гэж хөөрцөглөдөг бидний хувьд сурах юм их л байна даа. Толгой холбож хэдэн үг хэлснээ яруу найраг гэж тунхаглаад монгол хүн бүр яруу найрагч гэх болсоор хэдэн ч оныг үдэв. Харамсалтай. Гэтэл яруу найргийн наадмыг улс орон даяараа хөрөнгө мөнгө гарган зохион байгуулаад орон орны яруу найрагчдын шүлгүүдийг орчуулан ном болгож хэвлээд олон түмэндээ уншуулж оюуны цэнгэл эдлүүлдэг улс Колумб, Македоноос эхлээд зөндөө байна. Македон гэснээс энэ наадамд Македон улсыг төлөөлөн "Стругагийн үдшүүд” яруу найргийн наадмыг зохион байгуулагчдын нэг Мите Стефовски найрагч оролцож байлаа. Би түүнд Монголдоо ийм яруу найргийн наадам зохиох мөрөөдөлтэй явдагаа хэлбэл "Хамгийн гол нь оролцогч найрагчдын олон цөөндөө биш шүү. Жинхэнэ сайн яруу найрагч оролцож байвал болоод явчихдаг юм. Наадмын чанар чансаа чухал болохоос тоо чухал биш” гэсэн үнэт зөвлөгөө өгөв. Харин Мэдэллиний наадмын зохион байгуулагчид "Бидэнд наадам зохион байгуулах арвин их туршлага бий. Зохион байгуулалтын тал дээр туслах болно. Хэл дуулгаарай” гэсэн бүлгээ. Нээлтийн маргаашнаас эхлээд номын сангууд, их дээд сургуулиуд, гудамж талбай гээд Мэдэллин хотын хүн зон их цугладаг газар орон орны найрагчид төрөлх хэлээрээ шүлгээ уншиж эхлэв. Гудамж талбайд зассан тайзан дээр шүлгээ уншиж эхлэхэд тэр дороо хүмүүс цуглаад бүтэн цаг алгаа ташиж, зүрхээ дарж, нүдээ аниад чагнадаг ховорхон ард түмэн юм билээ гэж Чинагийн Галсан зохиолчийн хэлж байсан үнэхээр үнэн байлаа. Наадмын тав дахь өдөр миний бие Куба, Сири, Ирланд, Америкийн найрагчтай хамт Мэдэллин хотоос тавь жаран мод газрын зайтай Сан Себастъян де Палмитас хэмээх тосгонд шүлгээ уншив. Үүл хөлийн дор хөвөх өндөр уулсын оройд залрах энэ тосгоны номын санд тосгоны хөгшин залуу эр эмгүй битүү цуглаад орж чадаагүй нь гадаа нь шаваад онгорхой цонхоор шүлэг уншихийг сонсож зогсох нь гайхалтай. Зохион байгуулагчдаас Г.Маркесийн "Зуун жилийн ганцаардал” романд гардаг Маконда тосгонд очиж үзэх хүсэлтэйгээ хэлэхэд "Мэдэллинээс нэлээд хол онгоцоор явах хэрэгтэй болно. Цаг их орно” гэв. Макондо одоо тосгон биш болсон багахан хотын дайтай томорсон гэнэ. Өдөр нь нохой гаслам халуун гэх агаад үдшийн сэрүүнд нь хотынхон ажлаа хийдэг ажээ. Колумб улс дэд бүтцээ их сайн хөгжүүлсэн нь алхам тутамд харагдаж байлаа. Уулын хяр, оройгоор л гэхэд толь шиг тэгшхэн зам тавьж хүн амынхаа харилцаа тээврийн асуудлыг бүрэн шийдээд зогсохгүй хажуу талын уулын оройд байх өөр тосгон руугаа хүртэл кабелийн цахилгаан шатаар хүрч очих болтол нь асуудлыг шийджээ. Гэхдээ олон хүн янз бүрийн үзэл бодолтой байдаг болохоор засаг төрөө муулах хүн захаас аваад зөндөө байлаа. Жишээ нь наадмыг нээж Мэдэллин хотын дарга үг хэлэхэд "Энэ нөхөр хотынхоо төлөө юу ч хийхгүй байна. Зам засч, байшин барих энэ тэр бол мөнгө нь байхад хэн ч удирдаад хийлгэж чадна. Мэдэллинээс 30 минут метрогоор явж байж хүрдэг миний амьдардаг жижиг хотод шөнө бүр буудалцаан болж хүн үхэж байна. Гэтэл энэ новш ву ч хийхгүй байна” гэх мэтээр ярьж байсан нь Э.Бат-Үүл дарга хүүдээ хамгийн их итгэдэг учраас барилга барьдаг тендерийг өгдөг хэмээн бидний муулдагтай адилхан санагдаж инээд хүрч байсан билээ. Юутай ч ард түмнийхээ оюуныг 25 жилийн турш яруу найргаар тэжээж байгаа төр засагтай байх сайхан юм аа. Нэгэн үдийн хоолны үеэр Мексикийн яруу найрагчид байна гэсээр хоёр бор нөхөр ширээнд минь ирж суув. Нэг нь "Энэ хүн бол Мексикийн их яруу найрагч Натали Хернандес” гэж нэгнийгээ танилцуулж байна. Тэр хоёр "Ирэх оны 10-р сард Мексикт маш том яруу найргийн наадам болно. Энэ наадам Мэдэллиний наадамтай адил жил бүр уламжлал болгон зарлагдсаар удаж байгаа. Монголын яруу найрагчдыг урьж оролцуулах хүсэлтэй” гэж байна. Ер нь бол испани хэлтэнүүд яруу найрагт үнэхээр дуртай ард түмэн юм байна. Тэднийг дуу хуур, яруу найраггүйгээр төсөөлөхөд бэрх юм байна гэдгийг би өнгөрсөн өдрүүдэд сайн ойлгосон юм. Испаний их яруу найрагч Гарсия Лорка намайг үхэхэд гитартай минь оршуулаарай гэж дэмий ч нэг шүлэглээгүй бололтой. Палестиний яруу найрагч хурсан олны өмнө гарч ирээд шүлгээ унших гэхэд цугласан олны дундаас хоёр гараа зангидсан нэг эр босч ирээд "Вива, вива Палестина” гээд хашгирахад цэнгэлдэх хүрээлэн тэр чигээрээ дэмжин нижигнэх нь сүртэй. Эквадор улсаас ирсэн Августа Родчигес гэдэг залуу найрагч мөн л ирж уулзаад "Энэ оны 11-р сард төрөлх хотдоо яруу найргийн наадам зохион байгуулах гэж байгаа Азиас монгол найрагчдыг уримаар байна” гэлээ. Замын зардлыг нь төлж чадахгүй ч найм хоног зохиогдох наадмын байр, хоол гээд бүгдийг нь хариуцана хэмээн шууд л нарийн ширийн асуудлаа хэлж байна хөөрхий. Өөрөө Мэдэллиний наадамд оролцох гээд замын зардалгүй болчихоод аргаа барж байхад нь Фернандо Рендон найрагч Эквадороос ирж буцах онгоцны зардлыг нь төлсөн тухай ярихад нь хаа газрын уран бүтээлчид адилхан халаас нимгэн байх юм даа гэж бодож суусан юм. Наадмын дөрөв дэх өдөр Колумб даяар машид алдартай нэгэн их сургуулийн танхимд Аргентин, Тайланд, Хойд Ирланд, Чилийн найрагчтай хамт шүлгээ уншив. Яруу найрагч Артур Фуэнтэс гэдэг нөхөр "Постмодерн дөрвөн улирал”, "Шидэт шүлгүүд”, "Сентименталь хүн судлал” гээд цуврал шүлгүүдийг маань испани хэлнээ орчуулсан байсан ба миний бие монгол хэлээрээ уншиж дуусмагц жүжигчин Валерия Жиральдо гэгч бүсгүй испаниар дуудаж явлаа. Энэ удаагийн уншлагын дараа хамт шүлэг уншсан Аргентиний яруу найрагч Карина Маккио шүлгийн номыг минь өөрийн хэвлэлийн компанид испани хэлээр хэвлэх хүсэлтэй байна гэв. Энэ олон найрагчдын дунд шүлгээ дуу дуулж байгаа юм шиг хамаг бие арзайтал уншдаг нэг залуу байсан нь Чилийн яруу найрагч Оскар Сааведра Виллароел байлаа. Оскар нь Пиночетийн дарангуйллын үед англи хэлийг "Америкийн империалистуудын хэл” гэж сурталчлан судлахыг хориглосон. Латин Америкт капитализм хэрэггүй гэх зэргээр ярьж Че Гевара шиг хувцасласан нь бас л содон. Хувьсгал энэ тэр гэснээс нэгэн орой Колумбчууд румба, сальса бүжиг хэрхэн бүждэгийг сонирхохоор Рэндон найрагчтай хамт хурлын танхим шиг том танхимд ширээ засаад Ленин багш болон Че Геварагийн хөргийг ханандаа залж румба, сальса бүжиг амьд хөгжмийн хамт тоглох тайзнаа Колумбын Коммунист намын 85 жилийн ойн баярын мэнд хүргэе гэж бичсэн сонин газар оров. Рэндон найрагч энэ намын идэвхтэй дэмжигч бололтой бүжгийн завсарлагаанаар тайзнаа гарч цаг зүүсэн гараа зангидан сүртэйгээр үе үе үг хэлж байв. Дэлхийн яруу найргийн шинэчлэлийн төлөө гэх уриатай Мэдэллиний яруу найргийн наадам түүний энэ төрөлхийн тэмцэгч чанартай бас холбоотой биз ээ. Яруу найргаар ийнхүү бүтэн долоо хоног амьсгалж амьдрахад онгоцны зардлыг минь ивээн тэтгэн тусалсан Голланд улсын хун тайж Клаусын сан болон Монгол улсын Боловсрол Соёл Шинжлэх ухааны яаманд талархаж буйгаа хэлээд мэргэн уншигчдын оюуныг олон үг бичиж чилээхээс сэрэмжлэн дуусгая. Монгол яруу найргийн хойч үе маань "Болор цом” гэж тулгаа тойрон дэвхцэлгүй дэлхийн яруу найргийн наадмуудын тайзнаа "Монгол” гэж алдраа дуудуулан олуулаа зогсох болтугай хэмээн цаг ямагт бодож явсан бүлгээ.
Сэтгэгдэл байхгүй байна.