Гандуу байгаа тариалангийн талбайн ургацыг ногоон тэжээлд авах болжээ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийтдээ 10 гаруй асуудлыг хэлэлцжээ. Мөн намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл байдал гээд цаг үеийн асуудлаар Засгийн газар хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Зуншлагын байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг авна
Хуурайшилт гангийн улмаас ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад хоёр тэрбум, зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг баталж ногоон тэжээл худалдан авах, улсын нөөцөд малын тэжээл нэмж бэлтгэх зэрэгт шаардагдах нийт 10,6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хөгжлийн банкны ТУЗ-д даалгалаа.
Мөн малын тэжээлийн нөөц, хангамж, эрэлт хэрэгцээг зохицуулах зорилгоор дотоодын гурилын үйлдвэрүүдээс бэлтгэсэн малын тэжээлийн хивэгний экспортыг энэ оны есдүгээр сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт үүрэг болголоо.
ХХААЯ-ны тооцоогоор 2015-2016 онд нийт 58 орчим сая мал өвөлжиж хаваржихад 1,4 сая тн өвс, 150 орчим мянган тн үйлдвэрийн болон таримал тэжээл шаардлагатай байгаа бөгөөд энэ нь нийт мал сүргийг 10 хоног байнгын тэжээлтэй байх хэмжээний нөөц ажээ.
Энэ жилийн зуншлагын нөхцөл байдлаас үзэхэд улсын нөөц болоод аймаг, сумдын хэрэгцээнд шаардагдах өвс, тэжээлийн 70 гаруй хувийг орон нутгийн бэлчээр, хадлангийн нөөцөд тулгуурлан бэлтгэх боломжтой байна. Иймд дутагдаж байгаа тэжээлийг ургац алдсан газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээл, рапсын шахдас зэргийг улс худалдан авч малын тэжээлийн нөөцийг бүрдүүлэх боломжтой гэсэн тооцоог салбарын яам хийж, үүнд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Үрийн болон хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлнэ
УИХ-ын 2015 оны "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоол гаргаж, дараах арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэлээ.
Хүн амын гурилын эрэлт, хангамжийг тогтвортой байлгах зорилгоор дотоодод ургуулсан, стандартын шаардлага хангасан үрийн болон хүнсний улаанбуудайг гурилын үйлдвэр, Тариаланг дэмжих сан, улсын нөөцөд худалдан авах ажлыг зохион байгуулахыг ХХАА-н сайдад даалгалаа.
2016 оны хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний болон үрийн буудай нөөцлөхөд шаардагдах 80 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэр бүрдүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, ХХАА-н сайд Р.Бурмаа, Хөгжлийн банкны ТУЗ-д даалгалаа.
Мөн махны нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80, экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд шаардагдах 100, нийт 180 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг даалгасан юм.
Улсын хэмжээнд мал төхөөрөх, мах боловсруулах 42 үйлдвэр байгаагаас 23 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 60 мянган тн-ын багтаамж бүхий мах хадгалах хөргөлттэй агуулах зоориуд байна. Энэ багтаамжид үндэслэн 2015-2016 онд ОХУ, БНХАУ, Вьетнам улс болон бусад улсад нийт 58 мянган тн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн экспортлох, дотоодын зах зээлд 30 орчим мянган тн мах нийлүүлэх боломжтой байна. Дотоодын махны нөөц бүрдүүлэлтийг энэ оны 12 дугаар сараас ирэх оны 02 дугаар сар хүртлэх хугацаанд бэлтгэн нөөцлөх боломжтой гэжээ.
Худалдан авах ажиллагааны тухай улсын хяналтын дүрэм баталлаа
"Худалдан авах ажиллагааны улсын хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, худалдан авах ажиллагаан дахь төрийн хяналт шалгалт, чанартай худалдан авалтыг бий болоход энэ дүрэм ач холбогдолтой гэж үзэж байна.
Худалдан авах ажиллагааны улсын хяналт нь худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж болон бусад холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилготой юм байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулна
"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвч” батлах тухай УИХ-ын 2014 оны 75 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төсөл батлагдвал тус бүдүүвчийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээ, харъяаллын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” гэж нэмэгдэх юм.
Төсөл батлагдсанаар Үндсэн хуулиар тогтоосон иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах үндсэн эрхээ хэрэгжүүлэх, "Даатгуулагч” төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх үндэс тавигдана. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон түүний салбар нэгжүүд Эрүүл мэндийн даатгалын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж үзлээ.
Тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр төсөлд тусгажээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журамд өөрчлөлт орууллаа
Засгийн газрын "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.
Цаа буга маллан тайгад амьдарч байгаа, хөдөлмөрийн насны, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй цаатан иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн даатгалд 10 хувь, тэтгэмжийн даатгалд нэг хувиар тооцож, улсын төсвөөс нийгмийн даатгалын төв байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд улирал бүрийн эхний сард багтаан шилжүүлнэ.
Цаатан иргэний нийгмийн даатгалын шимтгэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган батлуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгалаа.
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цаа буга маллан тайгад амьдардаг, хөдөлмөрийн насны 164 иргэн байгаа юм.
Г.Ганаа
Сэтгэгдэл байхгүй байна.