Нарантуул захаас өмсгөл хувцас авч өмсөөд, хэн нэгэнд мөнгө төлөөд бөө болчихдог юм биш…
Т.Ангар гэх энэ зайран залуутай өнгөрсөн өвөл танилцсан юм. Тэрээр Хөвсгөлийн Дархадын зайран нэгэн боловч яриа хөөрөө нь ихэд энгийн. Т.Ангар зайран яриандаа бөө мөргөлийн зан үйлийг зарим бөө удган зайран нар буруу хэрэглэснээс болж өнөө цагийн хүмүү бөө мөргөлийг буруу ташаа ойлгоход хүрээд байгааг дурьдах юм билээ. Түүнийг хүмүүс эрдэм чадалтай бөө гэж ярих ч тэрээр "миний чадал гэж юу байх вэ, тэнгэрийн улаачийн үүрэг гүйцэтгэдэг төдий” хэмээн энэ тухай ярихаас цааргалах нь эрдэмт хүний даруу гэдгийг өөрийн эрхгүй санагдуулж байлаа. Ямартай ч түүний гэрийн хашаанд өлгөсөн бөөгийн олон хувцас хунар, манжиг хэрэгсэл түүнийг энгийн нэгэн биш гэдгийг нотлох мэт. Бөө болно гэж итгээд хийрхэлт автсан, уг буулгалаа гээд завсрын хий сүнс, тийрэн буулгасан хүмүүс Т.Ангар зайран дээр ирж энэ хүнд эцүү хар дарсан "зүүднээсээ” хал балгүй нэг мөсөн салдаг гэнэ. Зайран эдгээр өмсгөл хувцасыг цуглуулж байгаад бөөнөөр нь хол газар аваачиж шатаадаг гэнэ билээ. Ямартай ч Хар дархадын Т.Ангар зайрантай ярилцсан ярилцлагыг уншигчиддаа хүргэе
– Та манай уншигчидад өөрийгөө товч танилцуулахгүй юу
– Намайг Ангар гэдэг. Би Хар дархадын Хуулар овгийн зайран хүн. Миний хувьд бөө мөргөлийн зан үйлд оролцож эхлээд арав гаруй жилийг ардаа орхиод байна.
– Монголчууд бидэнд дунд бөө зайран олноор төрөх болсонтой холбоотойгоор бөөгийн зан үйлийг буруу зөрүү ойлгох явдал нэлээд байна. Одоо бүр айл өрх бүр овог удамдаа заавал нэг бөөтэй байх ёстой юм шиг хандлага бий боллоо. Энэ байж болох зөв үйл хэрэг үү, "тэнгэр”-ээс үүнийг зөвшөөрдөг үү
– Мэдээжийн хэрэг уг удам, үндэс мөчиргүй хүн гэж байхгүй. Гэхдээ монголчууд эртнээс нааш уул усаа шүтэж, өвөг дээдэсээ тахиж ирсэн уламжлалтай. Энэ бол зөв зүйтэй хэрэг. Өнөө цагт олон жил тасарсан ийм зан үйл нэхэгдэж байгаа нь ч үнэн. Сүүлийн 100 гаруй жил хаалттай, шашин шүтлэг хориотой байсан үеэс болж өвөг дээдсийн сүнс, онго шүтээн болж удам судар, үр хүүхдийнхээ оюун санаанд бууж, шүтлэгийнхээ хэлбэрийг нэхэж байгаа яах ч аргагүй үнэн. Харин үүний дунд тэнгэр, газар лустай харьцдаг бөө буюу удган зайраны хэмжээнд хүрэх нь яагаад ч олон байх учиргүй. Хуучин цагт нь гэсэн удган зайран тоотой цөөн байсан. Одоогийн шиг айл өрх бүрд нэг удган зайран төрдөг тийм хаана ч байгаагүй. Хэн нэгэнд мөнгө төлөөд, хувцас хунар Нарантуул захаас авч өмсөөд дээд тэнгэртэй харьцдаг бөө болчихдог юм биш. Хүнд шавь ороод, мөнгө төлөөд, бөөлөх зан үйл заалгаад тэнгэрийн бөө болчихно гэж юу байх вэ. Бөө хүнд байдаг увидас чадвар бол тухайн хүнд заяагдмал төрөлх чанар болохоос биш олдмол аргаар, хэн нэгнээр заалгаад сурчихдаг зүйл биш. Манайхан жаахан буруу ойлгоод байна.
– Зарим бөө нар олон шавь босгодог, тэр бүү хэл 200-300 шавьтай ч бөө байдаг гэж сонссон, тэд шавь нараараа дамжуулан өргөл барьц нэхдэг тухай ч иргэд ярих юм билээ. Түүгээр зогсохгүй олон шавь нараа дагуулан "чанар”-т сургах нэрээр хээр хөдөө отоглож, бөөгийн зан үйл сургадаг явдал байна. Энэ хир зөв зүйтэй үйл вэ?
– Үнэхээр бие биенээ олж, багш шавь болохыг үгүйсгэх аргагүй. Аливаа зүйлд алтан дундаж гэж бий. "Савнаасаа хальсан ус савандаа тогтдоггүй”-н нэг адилаар байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн үйлдлүүд олон гарах боллоо. Монголын түүхэнд 200-300 шавьтай бөө гэж байгаагүй, түүх шаштирт тэмдэглэгдсэн нь үгүй. Өнөөдөр бид бөө болно гээд харанхуй хар ухаанаар асуудалд хандаад байна. Ядаж л хуучин цагийн мундаг эрдэм чадалтай, бөө лам нарыг судлаад үзэх хэрэгтэй. Тэдэн дунд шавь авах нь цөөн байсан төдийгүй шавь авахдаа хүрвэл гарын арван хуруунаас хэтэрсэн шавьтай байсан түүх байдаггүй. 200-300 шавьтай бөө гэдэг тоог сонсоод үнэхээр их гайхаж байна. Магадгүй үүний цаана арай өөр сонирхол байдаг гэдгийг үгүйсгэхгүй.
– Багшаар заалгаж, "чанар хүртэн бөө болсон удган зайрангууд эцэс сүүлдээ ураг садан, ах дүү нараасаа өргөл барьц нэхдэг, байсхийгээд "Шөлөнд бууна” гэх нэрээр хонь мал гаргуулах явдал түгээмэл байх юм. Мөн дээр нь зарим нэг бөө архи данс уугаад хөлчүүрхсэн үедээ онго тэнгэр залж бөөлж, онгод нь ч хөлчүү байж харагдах юм. Ийм зан үйл бөөгийн уламжлалд байдаг уу?
– Хуучин цагт олон жил бөөлсөн эрдэм чадалтай мундаг бөө нар архи дарс уугаа согттдоггүй, түүнийгээ хор уршгийг онгоддоо шингээн авч оддог, эрдэм чадлаараа улаачдаа хүртээдэггүй гаргадаг яриа домог олон бий. Харамсалтай нь одоогийн бөө нар түүнийг дуурайж онго тэнгэр бүр бор дарсанд дуртай байдаг мэт ойлголтыг иргэдэд төрүүлэх болжээ. Энэ бол ёстой нөгөө "Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөх”-ийн үлгэр гэгч юм уу даа. Удган, зайран архи хэрэглэж байж илүү хүч чадалтай болдог гэдэг ч муу, эсвэл харын бөө архи уудаг, цагааны бөө сүү уудаг гэж ойлгох явдал бөө нарын дунд түгээмэл байх шиг байна. Үнэн хэрэгтээ бөө болсон эхний 10 жилдээ архи дарс уухгүйгээр биеэ бэлтгэлжүүлж, эрдэм чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ер нь хуучин цагт дор хаяж 7 жил бөөлсөн бөөг сая бөө гэж нэрлэж болно гэж Дархадын ёсонд ярьдаг. Харин энэ цагт 1, 2 жил ч болоогүй "айлын жаахан хүүхдүүд” бөө боллоо гээд хувцас манжиг барингуутаа архи пиво ууж байгаа харагддаг, энэ бол маш буруу үйл, өөрөө архи ууж согтоод бусдад туслан засал номын үйлийг нь хийж өгнө гэж юу байх вэ? Би дахиад хэлье, бөө болно гэдэг зүгээр нэг сургалт дамжаагаар эзэмшдэг зүйл биш, өөрт оногдсон увьдас чадварыг оюун ухаанаар төгөлдөржүүлэн эрдэм чадлыг гүйцээх нарийн дэг ёс тул архи согтууруулах ундаанаас бүрэн татгалзах хэрэгтэй. Тиймээс архи ууж байж бөөлнө гэдэг бол байж боломгүй асуудал. "Шүүсэн дээр бууна” гэдгийг бас л гайхаад л байна. Хуучин цагт халбага шар тос, аяга сүүгээр бөөлдөг байсан уламжлал ч бий. Одоо болохоор дааж давшгүй их өргөл барьц, идээ будаа, алт мөнгө, архи дарс, бүтэн хонины мах нэхдэг бөө цөөнгүй байдаг бололтой. Яахав бөө хүн жилдээ нэг удаа онго тэнгэрээ цайлахын тулд жилдээ нэг удаа Цагаан сарын үеэр хонь мал гаргах ёс байсан уу гэвэл байсан. Түүнээс биш буух болгондоо шүүс мах гээд л амьтны амь тасдуулах нь байж боломгүй асуудал. Магадгүй үүний цаана арай өөр зорилго л байдаг биз. Уламжлал ёсоор бол бөө бөөлөхөд "Хамба лам ном унших” гэж байгаа юм шиг сүр дуулиан болдоггүй, хүнээс дааж давшгүй өргөл барьц нэхэхгүй, их л жирийн байсан гэдэг. Иймдээ ч бөөгийн мөн чанар нь энгийн бөгөөд агуу байдагт л гол утга учир нь оршдог байсан юм.
– Сүүлийн үед бөө лам, удган зайран, зөн билэгтэн, далд увьдастан хэн болох нь мэдэгдэхгүй зарим нэг хүмүүс иргэдийн "толгойг эргүүлэх” боллоо. Өнгөрсөн 6 сард ийм нэгэн эмэгтэй олон нийтийн өмнө Их эзэн Чингис хааныг буулгана гэснээ төд удалгүй Их хаан 9 сарын 22-ны өдөр буухаар боллоо гээд хойшлуулчихсан тухайд би асуух гээд байна л даа. Энэ дашрамд асуухад Хааны онго сүнс хэн нэгэн хүний хүссэнээр буугаад, үг сургаалиа айлдаад байдаг зүйл байна уу?
– /Инээв/ Хуучин цагт Их хаадуудыг зүгээр нэг энгийн хүн шиг оршуулдаггүй тодорхой зан үйл хийж онголдог байсан тухай түүхийн сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Онголно гэдэг бол тухайн Их хүмүүний сүнсийг ариун байлган, тэнгэрт дэгдээхэд чиглэсэн том зан үйл юм билээ. Нэгэнт онголсон хаад ноёдын сүнс буцаж газарт бууж ирнэ гэж байдаггүй. Магадгүй өвөг дээдэс маань тэртээх 800 жилийн өмнө хожмын үр хойчис нь Их хаадынхаа сүнсийг амгалан оршоохгүй дуудан залахыг урьдчилан хараад им зан үйл хийсэн ч байж болох. Буцаж бууж ирдэг сүнс онгод гэдэг бол өөрөө амьд ахуйдаа бөөлж байсан, бөөгийн болон байгаль дэлхийн юмс үзэгдлийг таних нууцад нэвтэрсэн, амьдарч явсан нэгэн насандаа хүний төлөө зүрх сэтгэл, амь биеэ үл хайрлан зориулсан хүний сүнс эргээд онгод болж үр хүүхэд, ураг удамдаа бууж тэднийгээ өндөрт өргөх гэж ирдэг.
Сүүлийн үед "Хаан хатан” буулгадаг гэж яриад байгаа улсууд байна. Тэднийгээ бөө биш дээд тэнгэрийн элч гэх зэргээр нэрлэн бөөгөөс өөр шүтлэг гаргаж ирэхийг оролдоод байгаа гэмээр дүр зураг ажиглагдаах болсон. Миний ойлгож байгаагаар ийм зүйл байж болохгүй. Энэ бол өөрийгөө бусдаас дөвийлгөх гэсэн ядмагхан санаа, оюуны хоосрол. Уг нь бид хаан хатан буулгана гэж ард түмнээ мунхаруулахын оронд арай өөр соёлжсон нийгэм рүү ормоор байна, нэг нэгнийхээ ийм балай ярианд итгэмээргүй байна. Ийм балай зүйлд итгэж байхаар өмнөө байгаа ажлуудаа амжуулмаар байна шүү дээ. Бид ямар хийх ажилгүй хүмүүс байгаа биш дээ. Хаан хатан буулгана гэж яриад байгаа хүмүүсийг харахаар үнэхээр тэдний өмнөөс нүүр хийх газаргүй болтлоо ичих юм /инээв/. Чингис хааны отгон хүү Тулуй хааны хатан Сорхогтаны бэхи гэж 4 хаан хүүг төрүүлсэн хатан амьд ахуйдаа бөө мөргөлийг хүндэтгэж, хожмоо онго тэнгэр болж бууж байсан тухай дуулж байсан юм байна. Түүнээс биш хэн нэгний дураар, дуудсан дуудлагаар хаан хатад буух, тэр тусмаа Чингис хааны сүнс бууна гэж юу байх вэ дээ. Гадны соёлт ертөнцийн хүмүүс бидний эх хэлийг сайн ойлгоод, Монголчууд Чингис хааныхаа сүнсийг буулгахаар дуудаж, үүнийгээ төв цэнгэлдэх хүрээлэндээ бултаараа очин хийж, телевизийн сувгаар шууд дамжуулж байгааг мэдэх юм бол Монголчууд бид XXI зуунд дэлхий нийтийн өмнө элэг доог болж, харанхуй бүдүүлэгийн хамгийн том үлгэр жишээ болно шүү дээ /инээв/. Монгол хүн бүр Их эзэн хааныхаа сургаал гэрээслэлийг ухаж ойлгон, хүндэтгэн дээдэлж явах ёстой атал болохоос биш Их эзэн хааны сүнсийг буулгана гэсэн "боловсон луйварчин”-д итгээд түүнийг даган баясаад явна гэдэг өнөөдөр бидний мэдлэг боловсрол, итгэл үнэмшил ямар түвшинд байгааг илтгэж байгаа хэрэг.
– Зайран удганыг "өвөө, эмээ” гэж дуудах юм, ингэж дуудах нь зөв үү, тухайн онго тэнгэр өөрийн гэсэн нэртэй л байдаг биз дээ
– "Өвөө эмээ” гэж дууддаг явдал тэртээх 2000 орчим оноос анхлан буриад бөө нарын зан үйлтэй холбоотой нэршил гэж би боддог. Монголчууд бөө гэдгээ мэдэхгүйн эрхэнд буриад бөө нараас суралцаж, мэндлэх нь хүртэл "Мэнд амор” гэх жишээний. "Өвөө эмээ” гэдэг ойлголт бол монгол хэлэнд бол бидний аав ээжийн ижий аавыг хэлж байгаа ойлголт, харин бууж байгаа ариун сүнс бол онгод тэнгэр. Гэтэд түүнийг "өвөө эмээ” гэж дуудахаас эхлээд бөө мөргөл маань нэр үг, үйлдэл, хувцас хуяг, эдлэл хэрэглэл бүхнээсээ авахуулаад бүх зүйл өөрчлөгдөөд яг үндэс нь юу байсан вэ гэдэг мэдлэгээсээ улам холдсоор байна. Магадгүй уламжлалт бөө мөргөлийн зан үйлийн жинхэнэ улбаа өдгөө Хөвсгөлийн дархадад л одоо байна. Тэд нууцлаг амьдардагийн эрхээр бөөгийн зан үйлийн мөн чанарын тухай нийтэд дэлгэж ярихгүй. Үүний улмаас бөө мөргөлийн үг хэллэг алдагдахад хүрч өөрсдийгөө бөө гэж нэрлэсэн хэдэн хүмүүсийн зохиомол, сэтгэхүйн хийрхэлээс үүдсэн хэллэг бий болж байна.
– Бөө болно хэмээн итгэж найдаж байсан ч энэ нь талаар болсон, сэтгэхүйн хийрхэлд автсан, онго тэнгэр биш элдэв тийрэн, завсрын сүнс буулгасан хүмүүс бөө нарын дунд цөөнгүй байгаа мэт санагддаг. Магадгүй ийм хүмүүс гэр бүлийнхэнийхээ болон өөрийн нь хүсэлтээр хуяг хувцасаа тайлж, бөө болохоосоо "татгалзая” гэвэл яах ёстой вэ? Ингэж болдог уу?
– Болно, гэвч хүнд айдас гэж хэцүү сэтгэл хөдлөл байна. Бүх сэтгэл хөдлөлийн хамгийн өндөр цэг нь магадгүй айдас байх.
Айдасаа ялан давахад л гол зүйл байгаа юм. Буруу бөө болчихлоо гэхэд "тэрнээсээ сал” гэхээр айдасаасаа болоод шууд хаячихад чадахгүй байна. Мөн чадна гэсэн итгэл төрөхгүй байна. Тэгэхлээр анхнаасаа багш барьж очиж байгаа хүнээ сайн судламаар байна. Дор хайж 15-20 жил бөөлсөн бөө дээр очиж асуумаар байна. Би цөөн жил бөөлсөн бөөгийн эрдэм чадлыг үгүйсгээгүй, гэхдээ юм сурах хугацаа гэж байна, бакалаврын дээд боловсрол эзэмшихийн тулд 4 жил суралцдагийн нэг адил суралцаж байгаа бөө бусдын амьдралд тохиолдох том үйл хэргийг залж чиглүүлээд байдаг юм биш. Бүрэн дүүрэн сурч боловсорсон, олон хүнд тусласан, нэр төрөө хамгаалсан бөөгөөр зам мөрө заалгах нь шинээр бөө болж байгаа хүнд хэрэгтэй. Бөөлөөд ганц хоёр жил болж байгаа, юу ч мэдэхгүй хүүхдүүдээр зам мөрөө заалгаад, дараа нь өөрийгөө баллуулчихаад, өрөөлийг ч, өөрийгөө буруутгах тохиолдол цөөнгүй байна. Миний бодлоор жинхэнэ бөө төрнө гэдэг бол заяамал зүйл, ийм бөө багштай багшгүй, хүнтэй хүнгүй өөрийн эрхгүй л онго сахиус түүн дээр ирнэ. Үүнийг хэн нэгнээс хайх тухай биш, хувь заяанд нь өгөгдсөн зүйл.
– Бөөгийн малгай орой нь цоорхой байдаг гэдэг, гэтэл ноён бууж байгаа гээд халх бөөгийн малгай ноёных мэт битүү байгаатай таарч байлаа
– Би үүнийг эрс үгүйсгэнэ. Увс, Хөвсгөл, Улаанбаатар хотод байдаг түүхийн музейд байгаа бөөгийн хувцас хунарыг та бүхэн нэг хараарай. Хуучин цагийн бөө нарын хувцас хуяг дотор битүү оройтой, ноён малгайтай бөөгийн хувцас нэгч байдаггүй. Дээр нь бас торго дурдан, луун хээтэй торго, нударгатай дээлтэй бөөгийн хувцас гэж байдаггүй. Хотгойд бөө гэж орой нь битүү малгай өмсдөг уламжлал бол бий. Гэхдээ энэ нь цөөхөн байсан. Бөөгийн малгай хэзээ ч ноён жанжин хэлбэртэй байгаагүй. Тэр бол тухайн сүнсний амьд ахуй цагийн хэргэм зэрэг болохоос биш онгод тэнгэрт бол падлийгүй зүйл. Заавал луун хээтэй дээл, алтан оройтой малгай өмсөж байж хүч авдаг гэх онгодын хувьд бол байж болохгүй утгагүй зүйл. Амьд хүн л бусдаас илүү амбиц гаргаж, хэргэм зэрэг, албан тушаал, эд хөрөнгө, нэр хүндэд дурладаг болохоос тэнгэрийн онгод болох хийсгэн дүртэй сахиусд ийм зүйл огтоос хэрэггүй. Тэр бүү хэл гарын 10 хуруундаа алтан бөгж зүүсэн удгантай тааралдаж л байлаа. Энэ бүхнийг мэдэхүйн эрхэнд буруудахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бөө болж байгаа хүн ядаж хувцас хэрэглэлээ судалж, музей үзэн, ном уншиж, интернэт ухах хэрэгтэй. Бүгдийг үгүйсгэхэд бас хэцүү байна л даа. Гэхдээ хуучин цагийн улбааг одоо цагт алдахгүй явахыг л бөө гээд байгаа юм шүү дээ. Хуучны өмсгөл хувцас юу ч үгүй болсон байна. Бүх зүйл уг чанараа алдсан байна. Үүний тухай ярих бүхэл бүтэн судалгааны тайлбар надад бий. Тэр зэвсэг нь юу байв, хонгинуур нь юу байв, хуяг гэж юу юм, гутал бойтог ямар байх вэ, хэнгэрэг ямар байх ёстой вэ, энэ бүхэн мөн чанараа алдасныг л би хэлээд байна.
Үүний улмаас ташуур хийж байгаа нь энэ гээд гэрийн унь тайраад, лидринээр баахан цацаг унжуулсан салбагар зүйл хийсэн байх жишээтэй. Дээр нь хааны хувцас өмссөн бол хаан бөө, ноёны хувцас өссөн бол ноён бөө, хүүхдийн хувцас өмссөн бол хүүхэд бөө гэж нэрлэгдэхдээ тулаад байна шүү дээ. Бөө гэдэг чинь ганцхан нь хувцас өмсгөл өмсөх жаягтай, тэр нь салбархай арьсан дээлэн дээр манжиг ноос унжуулж, хэнгэрэг барьдаг.
– Хүүхэд гэснээс интернэтэд 5-6 настай боловуу гэмээр бяцхан хүүхдэд хуяг хувцас өмсүүлсэн, эцэг эх нь хажууд нь түшсэн байдалтай зураг интернэтэр цацагдаж шуугиан тарьсан.
– Хэзээ ч ийм байж болохгүй, миний хувьд дархад бөөгийн соёл, жаяг ёсыг нэлээд судласны хувьд үүнийг эрс эсэргүүцнэ.Хүн болж төрсний дараа "чөмөг суух нас” гэж байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь нас биенд хүрэх хугацаа гэсэн үг. Эрэгтэй хүүхэд 15 нас хүрч, эмэгтэй хүүхэд 13 нас хүрч байж сая "чөмөг суух насанд хүрлээ” хэмээн онго тэнгэрийг залж авах боломжтой боллоо гэдэг хуучны уламжлалт сургаал бий. Гэтэл 5-7 настай хүүхдийг бөө болгоно гэж яаж байж таарах вэ? Хүүхэд энэ насан дээрээ бөө болох битгий хэл, биеэ ч олигтой аваад явж чадахгүй шүү дээ. Магадгүй тухайн хүүхэд хувь заяандаа бөө болох тавилантай бол 9, 10 настайд нь онгод ирж, тухайн хүүхэд мэдрэгдэж эхлэх болно. Гэсэн ч хувцас хуяг өмсгөх нас нь мөн л 13, 15 байх ёстой болохоос хар нялхад нь жижиг хэмжээний манжиг хэнгэрэг бэлтгэнэ гэсэн ойлголт байгаагүй, байх ч ёсгүй. Дашрамд хэлэхэд одоогийн залуус өнгөрснөө үгүйсгэх хандлагатай болжээ. Өмнөх нь ямар байх ч хамаагүй, бид өөрсдөө үргэлжлүүлнэ гэж боддог болсон байна. Үнэндээ өнгөрсөн цаг хугацаа бол өнөөдрийн эхлэл. Өнгөрснөө умартаж ирээдүйг бүтээнэ гэж байдаггүй. Үүний нэгэн адил бид өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёлын уламжлалыг үгүйсгэх биш харин ч түүнээс суралцаж, судалгаатай, хүндэтгэлтэй хандах ёстой.
– Та бөө удган зайрангуудад хандаж юу хэлэх вэ?
Бөө болж байгаа хүмүүс эх оронч сэтгэлгээтэй, үндэсэрхэг үзэлтэй, тэнгэр шүтээнтэй хүмүүс болж байгаад нь үргэлж талархалтай ханддаг. Эх болсон байгаль дэлхий, хүн төрөлхтөн, түмэн олноо, өвөг дээдэс язгуурын өв соёлоо хайрлах үзлээр хүмүүжсэн байхыг бөө хүнээс тэнгэр шаарддаг. Үүний тулд Монгол эх орныхоо түүх, өвөг дээдэс, удам угсаа, уг гарвалынхаа талаар сайн судлах хэрэгтэй. Харин шинээр бөөлж байгаа залуус өөрийгөө мундаг, хамгийн шилдэг нь хэмээн онгирч хувь хүнийхээ амбиц, атаархалыг дарж чадахгүй байгаад нь харамсдаг. Залуу бөө нарт хандаж гурван зүйлийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт: Хэрэв зээ нэгэнтээ бөө болоод юм сурья гэж бодож байгаа бол ахмад бөө нараасаа жаахан "номын дуу” сонсмоор байна, судламаар байна. 20-30 жил бөөлсөн ахмад бөө нартай уулзан, тэдний үг сургаалыг сонсож, бөөгийн жаяг ёсыг олж мэдэж өөртөө хэвшүүлмээр байна.Хоёрдугаарт: Бөө хүн монголын түүхээ сайн судлах хэрэгтэй. Тэр тусмаа түүхэнд гардаг бөөгийн тухай тэмдэглэл, домог яриа, болсон явдлын талаарх мэдээллийг олж сонсон өөрийгөө сайн төлөвшүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт: Олон жил бөөлсөн удган зайранг өөрийн багшаар залдаггүй юмаа гэхэд ядаж бөөгийн зөв зүйтэй зан үйлийг тэднээр заалгаж өөрөө суралцан, хувь хүний сөрөг зан төлөвөө дарж сурмаар байна. Хэтэрхий бардам, онгироо зан тэдний өмнө юу ч биш болдог гэдгийг мэдэж ихэмсэг бардам зан, хорон санаа, атаа жөтөө, уур хорсол, өсөрхөл, хувиа бодсон байдал, хүнлэг энэрэнгүй бус хатуу сэтгэл зэрэг хүмүүний алив муу чанараа гээж ойворгон онгироо зангаа орхиж сурах хэрэгтэй байна.
– Таньд баярлалаа.
Ярилцсан Ц.Мөнх
Сэтгэгдэл байхгүй байна.