Хаяад явсан эцгийн араас . .
Та мэдэх үү?
Ааваа гээд хэлье гэж хичээгээд ч
Аманд эвлэхгүй үгний утга гэдгээ
Айлын хүүхдээс уйлж гуйгаад ч
Авч үл чадах атаархал гэдгээ мэдэх үү?
Горьдож хүлээсэн бүлтгэр олон нүдийг
Голоод явсан эрийн хугархай гэдгээ
Гэрийнхээ хойморт эзгүйчилсэн өлөн жаврыг
Гэргийнхээ өвөрт нулимастай нь хамт шингээсэн эрлэг гэдгээ мэдэх үү?
Та мэдэх үү?
Залуу насандаа хайр гэж эндүүрч
Зам зууртаа хань гэж андуурч
Үр, гэр, өр гуравтай үлдсэн нь
Өдгөө намайг төрүүлсэн эх минь гэдгийг мэдэх үү
Зовлон дундуур нүдээ аниж шүдээ зуугаад
Зоргоороо биш хүний эрхээр амиа зогоогоод
Хормойдоо хүүгээ нууж амьтанд зодуулаад
Хорин жил нойргүй зүтгэсэн эмэгтэй, ээж минь гэдгийг мэдэх үү?
Муу ч гэсэн би таны эс бүхнээс чинь тасарсан юм болохоор
Хааяа ч гэсэн нууцхан уулзахыг хүсдэг л биз дээ
Орчлонд жаргаж байна гэж хэн нэгэнтэй наргихдаа
Орихоод явсандаа нулимс унагаж гэмшдэг л биз дээ
Салаад өөр хүнтэй суусанд чинь гомдохгүй ч
Санаад хүрээд ирэхийг чинь зөндөө их хүлээсэн
Хаяаад өнгө мөнгөнд урвасанд чинь гомдлохгүй ч
Хаягдаад үлдсэн эхнэр чинь дэндүү их тарчилсан
Өчнөөн жил тээж ирсэн
Өвчүүний минь цаана буглаж явсан
Харанхуйн чанад дахь бүрэнхий үгсээ
Хатуухан хэлчихье цаг нь болсон
Ядарсан ядуу сэтгэлтэн таньд
Ялын дээд хэмжээ жаргахыг минь л харж амьдар
Энэ олон жилийн дараа ганцхан асуултанд минь бас хариул
Ээжид минь та яг хайртай байсан уу? . . .
Зохиогч- Т.Адъяатөмөр