ФОТО МЭДЭЭ: Эрдэнэтийн залуус хур хогоо цэвэрлэлээ
Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 10 ТББ-ын 100 гаруй залуус нэгдэж, энэ амралтын өдрүүдэд аймгийнхаа хур хогийн цэгээ цэвэрлэжээ. Тус аймгийн Орхон суманд бий болсон энэхүү хогийн цэг нь сүүлийн 4-5 жилд үүссэн бөгөөд хамгийн гол нь аймгийг цэвэр усаар хангадаг худгийн эхэд байрлаад байсан аж.
Иймд Орхон аймгийн "Зөв залуус” клубээс санаачилан "Байгалд хайртай залуус-1” аяныг өрнүүлж , дээрх хогийн цэгийг ор мөргүй цэвэрлэсэн байна. Нийт 478м3 хог цэвэрлэж, аймгийн төвөөс 30 км-т байрладаг хогийн цэгт нийлүүлсэн хэмээн "Зөв залуус” клубын тэргүүн н.Амарбаясгалан хэллээ.
Түүнчлэн энэхүү арга хэмжээнд "Эрдэнэт” үйлдвэр, Хүдрийн уурхайн залуучуудын холбоо, аймгийн Хот Тохижилтын газар, Ардчилсан залуучуудын холбоо, гэрэл зураг сонирхогчдын "Мэлмий” групп, Хоггүй Эрдэнэт хөдөлгөөн, "Тод өнгө”, "Эрдэнэт цэвэр ус” ХХК тус тус оролцож, эд материал, техник хэрэгслээр тусалсан гэсэн юм.
Гэрэл зургийг Н.Батсүх
Сэтгэгдэл байхгүй байна.