Ц.Элбэгдорж: Тэр авилгач өнөөдөр цагаадаж байвал Монголын төр өнөөдрөөс эхэлж харлана (бүрэн эхээрээ)

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Прокурорын байгууллагын 85 жилийн ойд зориулсан баярын хурал дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Монголын төртэй, Монголын төр ёстой чацуу ийм эрхэм үүргийг та бүхэн гүйцэтгэж яваа хүмүүс юм

Тэрээр хэлсэн үгэндээ "Эрхэм хүндэт прокурорууд, Монгол төрийн хууль цаазын зөвлөхүүд та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж энэ гайхамшигтай түүхт ойн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнөөдөр бид шинэ цаг үед үүсч байгуулагдсан прокурорын байгууллагын ойг тэмдэглэж байна. Би хувьдаа Монголын төр үүссэн тэр цагаас тэнд гаргасан зарлиг тушаал, хууль дүрмийг хардаг, хянадаг, төрийн удирдлагад зөвлөдөг, хэлдэг тийм ухаант, билэгт хүмүүс Монголын төрд байнга байжээ гэж боддог. Тийм учраас Монголын төртэй, Монголын төр ёстой чацуу ийм эрхэм үүргийг та бүхэн гүйцэтгэж яваа хүмүүс юм. Энэ эрхэм үүргээрээ та бүхэн бахархаж байх ёстой гэдгийг хэлье. Энд зөвхөн манай прокурорууд төдийгүй тэдний гэр бүл, тэдэнтэй хамтарч ажилладаг манай прокурорын байгууллагын энгийн ажилтнуудын  төлөөлөл хөдөө орон нутгаас, мөн төвөөс хүрэлцэн ирсэн байна.

Төрөөс даалгасан тусгай чиг үүргийг, тэр дотроо хамгийн хэцүү чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн прокурорын байгууллага, түүний ажилтнууд, прокурорууддаа Монголын үе үеийн төр үргэлж талархаж явдгийг энд бас хэлэх нь зөв юм.

Энд хамгийн гол нь манай прокурорын байгуууллагын үе үеийг төлөөлсөн хүмүүс, сайхан ахмадуудын төлөөлөл ирсэн байна. Өнөөдөр ид ажлаа хийж байгаа үеийнхэн ирсэн байна. Мөн прокурорын байгууллагад дөнгөж ажилд орсон залуус хүрэлцэн ирсэн байна. Энэ мэргэжлийг эзэмшиж улс орондоо сайн сайхан зүйлийг бүтээнэ, шударга ёсыг тогтооно гэж бодож байгаа оюутнуудын төлөөлөл бас биднийг харж байгаа. Тэр бүх хүмүүст энэ түүхэн ойн баярын мэндийг дахин хүргэж, дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өнөөдөр бас нэг ой болж байгаа юм. ҮАБЗ-өөр 2010 онд Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг баталсан. Энэ ойн арга хэмжээнд би өөрөө хүрэлцэж ирсэн нь бас учиртай. Монголд олон ой болж байгаа. Олон газар, олон аймаг, суманд, энд тэнд янз бүрийн ой, баяр болдог. Тэр бүхэнд би очоод байдаггүй. Гэхдээ та бүхний энэ ойн баяр дээр ирье гэж бодсон юм.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг гаргахад хамгийн их дэмжлэг үзүүлсэн, чин сэтгэлээсээ дэмжсэн хүмүүс бол манай прокурорууд, манай шүүхийнхэн, манай хуулийн байгууллагын хүмүүс байгаа юм. Бидэнд бас тааруу нэр байна. Биднийг шударга бус гэж байна. Буруу шийдэж байна гэж байна. Хуулиа зөв болгоё. Бидний барьдаг хуулийг зөв болгоод өгөөч. Бидний хуулийг зөв болгоод өгөөч. Энэ явж байгаа хууль, дүрмийг зөв болгоод өгөөч. Шинэчлээд өгөөч. Цаг үетэйгээ нийцүүлээд өгөөч. Ард түмний шаардлагад нийцүүлээд өгөөч гэж хамгийн их хүссэн, хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн төлөөл бол та бүхэн байгаа юм. Ийм учраас та бүхэнд талархал илэрхийлэх гэж, баярлалаа гэж хэлэх гэж ирсэн юм.

Өнөөдөр баярын хурлын илтгэлд олон талархлын үг гарсан учраас би хэцүү талыг нь, сорилт талыг нь ярья гэж бодсон юм. Прокурорын байгууллагын ажил, прокурорын ажил гэдэг бол хэцүү ажил. "Чи хууль зөрчсөн байна. Чамд ийм ял оноож байна” гэж Монголын төрийн нэрийн өмнөөс хэлдэг ажил. Түүнийг тогтоодог ажил, Энэ бол хэрийн аавын хүү, хэрийн ээжийн охин хийдэг ажил биш. Энэ ажлыг та бүхэн үе үеийн Монголын төрд гүйцэтгэж ирсэн. Ийм ажил хийх хэцүү байдаг. Одоо улам бүр хэцүү болж байгаа. Тийм учраас би энд чихэр нь ихэдсэн, нялуун үгээр энэ баярын хурал дээр олон зүйл яримааргүй байна. Хэцүү ажилтай хүмүүст үнэн үг хэрэгтэй гэж бодож байна. Гашуун ч байсан өнөөдөр бид ямар хүндрэл, сорилт тулгарч байна. Ямар хэцүү нөхцөлд манай хууль хяналтын байгууллагынхан, ялангуяа прокурорын байгууллагынхан ажиллаж байна вэ гэдгийг энд хэлэх ёстой.

Авлига, албан тушаалын хэргийг жирийн хүн хийдэггүй юм. Үүнийг албан тушаалтай хүн хийдэг

Авлигачийг өнөөдөр” авлигач” гэж хэлдэг. "Чамд тэдэн жилийн ял тохирч байна” гэж хэлдэг ийм хүмүүс бол та бүхэн. Хууль зөрчсөн хүмүүсийг "Чи хууль зөрчсөн байна” гэж хэлдэг. Хууль зөрчсөн үйл ажиллагааг нь илрүүлэхэд хяналт тавиад явж байдаг. Бусад хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явж байна уу, үгүй юү гэдгийг бас хянаад хараад сууж байдаг тийм улсууд. Энэ утгаараа та бүхнийг шударга ёсны харуулууд гэж нэрлэж байгаа юм. Төрийн нүд, чих гэж нэрлэж байгаа юм. Энэ хууль зөв хэрэгжиж байна уу, үгүй юү гэдгийг харж, манаж байдаг манаач нар гэж нэрлэж байгаа юм. Ийм учраас та бүхнийг хууль, шударга ёсыг хэрэгжүүлэх гол хүмүүс, энэ фронтын цэргүүд гэж нэрлэж байгаа юм. Энэ ажлыг хийхэд хэцүү болсон. Авлига, албан тушаалын хэргийг жирийн хүн хийдэггүй юм. Жирийн иргэн ийм хэрэгт орооцолддоггүй. Манайхан заримдаа "Өө, авлигач. Авлигын хэргээр энэ хүн шийтгэгдсэн юм. Иргэн бүхэн хуулиар тэгш эрхтэй” гэдэг. Тэгш эрхтэй нь үнэн. Гэхдээ авлигын хэргийг борчуудын хүүхэд хийдэгггүй юм. Үүнийг албан тушаалтай хүн хийдэг юм. Үүнийг "Хууль ямар хамаатай юм бэ” гэдэг хүн хийдэг юм. Энэ хэргийг хийсэн ч би шийтгүүлэхгүй. Би тийм сүлжээтэй хүн.  Би тийм чадалтай хүн гэж  эрдэж бардсан хүмүүс хийдэг.  Энэ хүмүүстэй улаан гараараа тулдаг, тэдний улаан нүүрэн дээр нь "Чи ийм хэрэг хийсэн” гэж хэлдэг, тэгж ялладаг хүмүүс нь та нар. Энэ бол хэцүү ажил. Ингэж хэлэх, ингэж ярих бол хэцүү.  Энэ ажлыг та бүхэн хийдэг.

Хулгайч хүн өнөөдөр нэг хүнийг хохироодог. Ихэнхдээ нэг айлаас юм хулгайлсан байдаг. Авлигач бол бүгдээс нь хулгай хийдэг. Авлигач бол улсаас хулгай хийдэг. Авлигач бол ард түмнээс хулгай хийдэг. Авлигач бол Монголын 3 сая иргэнээс хулгай хийдэг. Ийм учраас авлигатай тэмцэнэ гэж ярьдаг юм. Тэгж хулгай хийдэг учраас авлигатай тэмцэх, тэр авлигачийг олж яллах, ялыг нь эдлүүлэх, түүнд нь хяналт тавих гэдэг бол тийм амар ажил биш. Хэцүү ажил.

Мөнгө хүчтэй. Авлигын мөнгө бүр хүчтэй

Мөнгө өөрөө хүчтэй байдаг. Авлигын мөнгө бүр хүчтэй байдаг. Өнөөдөр жирийн иргэн, жирийн прокурор өөрийнхөө цалинг хүргэх гэж арга ядаж яваа. Жирийн иргэн, ариун цагаан хөдөлмөрөөрөө хэдэн төгрөг олох гэж ядарч яваа. Хуруу, хумсаа хуйхалж яваа. Авлигач шуудай шуудайгаар нь, тэрбум тэрбумаар нь авлигад аваад, эргүүлээд түүнийг өөрийнхөө хэргийг баллахын тулд, ул мөрөө баллахын тулд, баллуулахын тулд, тийм систем ажиллуулахын тулд цацдаг. Ийм учраас мөнгө хүчтэй.Авлигын мөнгө бүр хүчтэй. Бүр аюултай.

Ингэж Монголын төрийн утга учрыг, Монголын энэ явж байгаа замын утга учрыг балладаг юм. Ийм хүмүүстэй улаан нүүрээрээ тулж, ийм хүмүүстэй хууль ярина гэдэг бол хэцүү. Өнөөдөр энэ авлигын мөнгөөр бүхнийг худалдаж авч байгаа. Улс төрийн намыг худалдаж авч байна. Фракцийг худалдаж авч байна. Телевиз худалдаж авч байна. Радио худалдаж авч байна. Веб сайтууд худалдаж авч байна. Та бүхний хамгийн итгэдэг шударга хүнийг чинь худалдаж авч байна. Шударга өмгөөлөгчийг худалдаж авч байна. Монголд шударга өмгөөлөгч нар бий. Хамгийн нэр хүндтэй өмгөөлөгчийг нь худалдаж авч байна. Хамаагүй их мөнгө хаяж байна. Ингэдэг учраас, тэгж хэмжээгүй их мөнгө хаядаг учраас авлигын мөнгөний хүч нь тэндээ байдаг. Хар хүч нь тэндээ байдаг. Ад нь тэндээ байдаг.

Ийм системийг өнөөдөр бий болгож байна. Өнөөдөр энэ авлигын тухай, авлигын гэмт хэргийн тухай, үүний мөн чанарын тухай хүмүүс ярихгүй байна. Муухай байна л гэж ярьдаг. Өнөөдөр энэ тухай ярихаасаа хүмүүс зүрхшээж байна. Айж байна. Энэ авлигын гэмт хэрэг гэдэг нь юу юм. Яагаад аюултай байдаг юм гэж гэдэс дотрыг нь ярих хэрэгтэй. Анатомыг нь ярьж өгөх хэрэгтэй. Тэгж байж хүн ойлгодог юм. Үүнийг сануулах хэрэгтэй. Энэ ажлыг бид хийх ёстой. Авлигатай тэмцэнэ гэдэг бол тийм амар ажил биш. Өнөөдөр авлигач танай гэрт ороод суучихсан байгаа. Телевизийн чинь дэлгэцээр дамжуулаад, хэдэн зуун сая төгрөг хаяж байгаад хэчнээн сайхан хүн болох тухайгаа захиалгатай нэвтрүүлэг хийгээд бүх телевизээр цацаж байгаа.. Өнөөдөр та бүхэн хойноос нь цээжнийхээ махыг барж явж нэг авлигач бариад шийтгэсэн чинь араас нь та бүхнээс хүүхдүүд чинь асууж байгаа. "Ээж ээ, аав аа, та нэг их шийтгээд, яллаад байсан. Энэ чинь ийм л гавьяатай хүн байсан байна шүү дээ” гэж. Ингэж ард түмний тархийг угаах гэж оролдож байгаа. Ингэж Монголын ард түмнийг гэнэн юм. Мартамхай юм. Өрөвч юм гэж харж байгаа юм. Тэр авлигачид өнөөдөр УИХ-ын гишүүдтэй, түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон. Өөрийн төлөөлөлтэй, өөрийн намтай. Фракцтай, байгууллагатай.

Би үгээ хэлэхдээ хэлсэн. Жирийн иргэн авлига хийдэггүй юм. Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Тийм жирийн иргэн байдаг юм уу. Телевизтэй, намтай жирийн иргэн байдаг юм уу, тийм борчуудын хүүхэд бий юү. УИХ-ын гишүүдээр өмгөөлүүлсэн тийм жирийн иргэн бий юү. Тэгээд түүгээр дамжуулж, тэднийг гар, хөлөө болгож өөрсдийнхөө санаа бодлыг хэрэгжүүлэх гэж үздэг. Тийм жирийн иргэн бий юү. Ийм учраас энэ дээр ялгаж салгаж хандах ёстой. Ийм учраас авлигын хэрэг дээр бид ялгаатай хандах ёстой юм. Энэ ийм учиртай юм. Өмнө нь ийм хүмүүсийн тухай нэг хоёроор ярьдаг байсан бол одоо нэг хэсгээр ярьдаг боллоо. Одоо бүлэглэлээр нь ярьдаг боллоо. Энэ хүмүүс нэг хоёр үзэгдэл мэт харагддаг байсан бол одоо хууль гаргадаг боллоо шүү дээ. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юү. Хэдэн сайд огцруулах вэ. Хэнийг ажиллуулах уу, үгүй юү гэдгийг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах вэ, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. Хэдэн жилээр зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо шүү дээ. Ийм байж болох уу? Ийм зүйлийн өмнө бид нар бууж өгөх ёстой юу? Бид ухрах ёстой юу, ийм зүйлийн өмнө?

Би ийм үг хэлээд ад болдог. Та бүхэн ийм ялыг олж тогтоогоод ад болдог. Та бүхнийг тэд нэрээр чинь бичиж аваад"Тэрэнтэй хариуцлага бодно, тооцоо бодно” гээд явж байгаа. Намайг тэд яадаг гэж бодож байна, та бүхэн?

Хэдэн зуугаар нь хөлсийг нь төлж, мөнгийг нь төлж өмнөөсөө ажиллуулдаг бүхэл бүтэн армитай. Фейсбүүк гэж байдаг. Нүүр хуудас, нүүр ном гэж яриад байгаа. Тэдэн дээр хэдэн зуун бүртгэл, хэдэн зуун хуудастай. Пейж гэж яриад байгаа юм, тийм хуудастай. Твиттер гэж байгаа. Өнөөдөр нийгмийн анхаарлыг татдаг жиргээ. Тэнд хэдэн арваар нь хуурамч бүртгэл нээчихсэн. Аккаунт гэж яриад байдаг, түүнийг нээчихсэн сууж байгаа. Өнөөдөр тэд нар нийгмийн уур амьсгал, нийгмийн бодлогыг тодорхойлох гэж оролдож байгаа. Үүгээрээ аюултай байгаа юм. Өнөөдөр тэд нар нийгмээр чинь, хүүхдээр чинь таныг зүхүүлж байна. Учир мэдэхгүй залуусаар таныг зүхүүлж байна. Хараалгаж байна. Үүгээрээ энэ авлигатай тэмцэнэ. "Авлигач аа, чи боль” гэж хэлнэ гэдэг аюултай болсон. "Чи авлига авахаа боль.Энэ ажлаа зогсоо. Наад ажлаа өг” гэж хэлнэ гэдэг бол аюултай.

Авлигач та нарыг бөхөлзүүлэх л гэж үзнэ. Та нарт Монголын төрөөс өгсөн нэг эрх бий, авлигачийг та нар бөхөлзүүлэх ёстой. Авлигачийн өмнө бөхөлзөж болохгүй, авлигачийг өмнөө бөхөлзүүлэх үүрэгтэй. Та нар яллах хуультай, тэмцэх хуультай, тийм эрхийг та нарт өгсөн юм шүү. Түүнийг Үндсэн хуулиар, хууль ёсоор өгсөн, Монгол Улсын хуулиар та нарт өгсөн. Тийм учраас тэр эрх, тэр үүрэгтээ, тэр хариуцлага, тэр манаандаа, тэр харуулдаа үнэнч зогсох үүрэгтэй. Миний хамгийн гол хэлэх гэсэн зүйл бол мөнгөтэйд нь битгий бөхөлз, мөнгөгүй чадал муутайд нь үйлчил. Бас яавал өршөөж болох вэ, яавал тэр хуулинд байгаа хамгийн бага ялыг  өгч болох вэ гэдгийг хар. Албан тушаалтайд нь битгий бөхөлз, алба ажилгүй анх удаа алдсан, гэндсэн тэр хүмүүст та нар үйлчил. Тэр хүмүүст хуулийг нь ойлгуул л даа. "Чи ийм алдаа хийсэн байна, чи ийм хуулин дээгүүр гишгэсэн байна, миний дүү” гээд ойлгуул. Бид нар Эвлрүүлэн зуучлах тухай хууль гээд тийм хууль хийж өгсөн шүү дээ. Тэр хуулийг ажиллуул л даа. Тийм гэндсэн улсууд хэдэн мянгаараа байгаа. Нөгөө талд нь тэгж даварсан этгээдүүд арав, хорь л байгаа. Тэр арав, хорьтой тэмдэглэж аваад тэмц.

Тэр мөнгө муутай явж байгаа ядуу зүдүү ард иргэдийн хүүхдүүд, Монголд баялаг бүтээх гээд хуруу хумсаа хуйхлаад зүтгэж байгаа тэр хүмүүстэй хөөцөлдөж тэдний халааснаас сүүлчийн цайны мөнгө, сүүлчийн талхны мөнгийг нь битгий ав. Битгий тэднийг дарамтал, хэрэггүй. Тэдэнд зөөлөн ханд. Болохгүй задарсан улсад нь та бүхэн төмөр нүүрээ харуул. Бид хэлдэг, би хэлдэг. "Чиний эрх ашгаас илүү Монголын эрх ашиг гэж байдаг юм. Ийм ажлыг чи хийж болохгүй, одоо боль” гэж хэлдэг. Авлигын хамгийн аюултай нь Монголын төрийг өөрийн болгож байгаа юм. Уг нь ард түмний төр, сонгогдсон хүмүүсийн төр байх ёстой шүү дээ. Манай ард түмэн чинь төрөө би байгуулж байна гэж сонгож байгаа. Гэтэл тэр ард түмний төрийг авлигачид замаас нь булааж авч байгаа юм. Яг зэвсэгт дээрэмчид шиг булааж авч байгаа. Тэгээд өөрийн болгож байгаа юм.

Авлига гаднын дайснаас аюултай

Энэ УИХ-ын гишүүд гэдэг чинь тоотой юм шүү дээ. 76- хан тоотой, тэднийг дотор нь намаар нь нэг хуваана, дараа нь фракциар нь нэг хуваана, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь хуваана, тэгж хувааж аваад хоорондоо ярина. Тэгээд хүсэл зорилгоо тэдэнд тулгана. Ямар учраас авилга гэдэг улс оронд гаднын дайснаас илүү аюултай вэ? Гаднын дайсан Монгол руу довтлоод ирвэл бид нар бүгдээрээ  нэгдэж зогсоод эх орноо хамгаална. Бидний бүх үе тэгж ирсэн, бид ч тэгэх л болно. Монгол Улсад гаднын аюул тохиовол шүү дээ. Гэтэл энэ авлига гэдэг чинь дотор нь хуваадаг байхгүй юү. Намаар нь хуваагаад өмчилж аваад өмч хөрөнгөөр нь хуваагаад, гишүүдээр нь хуваагаад, бодлого тодорхойлогчдоор нь хуваагаад, Монголын төрийг саринуулдаг. Тэгж хувааж Монголын төрийг сульдуулдаг, тэр төрд үнэнчээр зүтгэж байгаа хүнийг мохоодог, мохоох гэж оролддог.

УИХ-ын гишүүд дотор шударга гишүүд олон бий. Ард түмнийхээ өмнөөс ажиллаж, зүтгэж байгаа гишүүд бий. Өнөөдөр тэр хүмүүс рүү мессеж явуулж дарамталж байгаа. "Дараа нь чамайг дэмжихгүй шүү, миний л хэлсэн сайдыг сонгоорой” гэж Ерөнхий сайдыг өнөөдөр дарамталдаг.Та нар тэр тавьсан сайдаараа ажил хийлгэнэ гэж бодож байна уу. Тийм этгээдүүд хоёрхон зорилго л тавьдаг юм.

Нэгд, чи сайд болоод миний хэлснийг л хий. Надад авлигын мөнгө авчирч өг, хоёрт нь, чи бусдын хийх гэж байгаа зүйлийг битгий хийлгэ гэдэг. Ингэж болохгүй, ийм төрийн түшээ байж болохгүй. Ийм төрийн бодлого тодорхойлогч байж болох уу? Үүнийг бид өөрчлөх ёстой. 25 жилийн өмнө энэ хүйтэн талбай дээр жагсаж цуглаж байхдаа төрдөө ажиллах ёстой, бодлого тодорхойлох улсуудаа өөрсдөө сонгодог болъё гэсэн. Өөрсдөө сонгуульд оролцоод өрсөлдүүлж байгаад дотроос нь арай гайгуйг нь төрд явуулдаг болъё гэж 25 жилийн өмнө тэмцэж байсан.

Саяын тэр Өршөөлийн тухай хуулийг "Ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой, Ардчилсан Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан” гэж гаргасан. 25 жилийн өмнө бид ариун гэгээн хүсэлтэй, төрдөө ажиллах, төрдөө бодлого тодорхойлох хүнийг сонгох нь л хамгийн чухал байлаа. "Тэр сонгуульд ялагдсан ч гэсэн бид баярлан дэвхцэж байсан. Аль нам нь ялагдах нь яах вэ, хэн сонгогдох нь яах вэ, ардчилал яллаа, ард түмэн яллаа шүү дээ. Монголчууд өөрсдөө төрөө байгуулдаг боллоо” гэж бид нар нүдэндээ нулимстай баярлаж явсан юм. Гэтэл өнөөдөр төрд шургалсан авлигачид, тийм төлөөлөл зөвхөн төрийн албаар дамжуулж мөнгө хийдэг, баяжих гэж үздэг. Тэгвэл тийм улсаас яаж салах вэ, тийм хүнээс яаж салах вэ гэдэг өнөөдөр асуудал болоод байна. Өнөөдөр Монголын төрд тулгамдсан хамгийн том асуудлын нэг энэ болж байна.

Тэр бүрэн эрхээр хуяглагдсан, тэр хэд хэдэн удаа сонгогдсон гэдэг, тэр өөрийгөө шударга гэж үздэг, эх орныхоо төлөө гэж орилж чаддаг. Монгол үгийг хэн ч адилхан хэлнэ шүү дээ. Тэгж чаддаг. Гэхдээ цаад талдаа хамаг муу муухайгаа нуусан байдаг тэр хүмүүсээс яаж салах вэ? Уулын чинээн цагаан зорилгыг туулайн чинээн хар хар болгодог гэж ярьдаг шүү дээ. Савтай сүүнд нэг дусал тараг дусаахад гашилдагтай л адилхан юм даа. Тэр дусал таргаа ардаа нуусан, тэр халбага хороо ардаа нуусан, тэр хувийн явцуу сонирхлоо ардаа нуусан, өмнөө худлаа ярьдаг тийм этгээд, тийм бодлого тодорхойлох гэж оролцож байгаа улсаас бид яаж салах вэ?

Авлигатай тэмцэнэ, авлигыг эсэргүүцнэ гэдэг бол миний араншин

Намайг ад үздэг юм, "Өө энэ худал ярьж байна” гэж. Би энэ үгийг хэлэх ёстой. Энэ үгийг хэлснийхээ төлөө худал ярьж байна гэж хэлүүлдэг болсон. Би хэлснийхээ төлөө л явдаг. Би энэ үгийг гудамжинд байхдаа ч хэлж байсан, би энэ үгийг УИХ-ын гишүүн байхдаа ч хэлж байсан, би энэ үгийг гишүүнээс өөрөө өргөдөл өгөөд гарч байхдаа ч хэлээд гарч байсан. Би энэ үгийг өнөөдөр Монголын төрийн тамгыг атгаад сууж байгаа хүний хувьд ч хэлж байна. Би нэг л аашаараа байгаа. Энэ авлигатай тэмцэнэ, авлигыг эсэргүүцнэ гэдэг бол миний араншин. Түүнээс биш энэ миний амлалт биш. Би хонь хариулж өссөн хүүхэд, хонь хариулж явсан. Өнөөдөр хоттой хонины чинь тал алга болчихсон, гэтэл хоттой хонины чинь талын оронд тэр хонийг чинь барьж идсэн хонины арьс нөмөрсөн чоно ороод ирчихсэн байна. Яах вэ? Бүтэн хоттой хонь байна гэсэн чинь тал нь хонины арьс нөмөрсөн нөгөөдүүл ороод ирчихсэн байна. Үлдсэн талыг нь барих гэж байна. Чамайг барих гэж байна. Ийм байгаа тохиолдолд бид нар ярих л ёстой. Ямар хууль гаргаад, юу хэлэлцээд сууж байна вэ? Хэчнээн их сануулж хэлж байна. Би сануулж хэлэх эрхтэй. Та нарын өмнөөс шаардлагатай бол сануулж хэлье. Хэцүү юмыг чинь хэлье гэж би гарч ирсэн. Өнөөдөр энэ үгийг хэлснийхээ төлөө, авлигачийг "авлигач” гэж хэлснийхээ төлөө, авлигачийг "Чи боль, чи зогс, чи наад ажлаа өг” гэж хэлснийхээ төлөө, та бүхнийг урамшуулсныхаа төлөө, авлигатай тэмцэж байгаа тэр хүмүүсийг, үнэхээр тэргүүн галын шугаман дээр үзэж байгаа хуулийн байгууллагынхныг урамшуулсныхаа төлөө, тэр үгийг хэлснийхээ төлөө би ад болдог юм. Би цаашаа ч хэлэх л болно. Би дэмжих болно. Би шударга юмны төлөө, тэр их мөнгөнд бууж өгөхгүй зүтгэж байгаа хуулийн байгууллагын ажилтан, төрийн хууль цаазын зөвлөхүүдийг өмөөрөх болно. Тэр хүмүүсийн талд би зогсох болно.

Авлигач авлигад авсан мөнгөөрөө үйлдвэр барилаа гэж сонссон уу, та нар? Үйлдвэр барьдаггүй юм. Одоо сүлжээ үүсгэдэг болсон. Одоо нэг аюул болчихоод байна. Манай баялаг бүтээж байгаа хүмүүс үйлдвэр барьж, гаднаас оруулж ирдэг нэг ч гэсэн юмыг Монголдоо хийе гэж ёстой хуруу хумсаа эмтэлж яваа. Тэгэхэд авлигач бол үйлдвэр барьдаггүй. Авлигач бол нам байгуулдаг, авлигач бол фракц байгуулдаг, авлигач бол гишүүнийг худалдаж авдаг, авлигач бол телевиз худалдаж авдаг, авлигач бол хуурамч фэйсбүүкийн аккаунтуудыг, бүртгэлийг худалдаж авдаг, твиттерийг худалдаж авдаг, сониныг худалдаж авдаг. Хамгийн нэр хүндтэй гэж үзэж байгаа тэр нэвтрүүлгүүдийг худалдаж авдаг. Тэр телевизийг худалдаж авдаг, сэтгүүлчид нь мөнгө өгдөг. Тэдний үгийг дамжуулахгүй бол тэднийг боодог, хорьдог. Ийм л болсон. Тийм юманд л мөнгөө зарцуулж байгаа. Тийм юманд мөнгөө зарцуулаад, сайд тавиад, эргэж сонгогдоод, эргэж тэр мөнгөө олж авахын төлөө явдаг. Тийм учраас л тэр ажлыг зогсооё гэж  байгаа юм. Авлигачдад Монголын ард түмний эрх ашиг ямар хамаа байна? Ард түмэн зовно уу, ажилтай байна уу, мөнгө нь хүрч байна уу, хүрэхгүй байна уу хамаагүй.

Өнөөдөр жирийн хүмүүсийн амьдрал ямар хүнд байна. Өнөөдөр дансандаа тэрбум төгрөгтэй аж ахуйн нэгж гэж бараг алга боллоо шүү дээ. Өнөөдөр үнэхээр юм олоод, ашиг хийгээд явж байгаа, үйлдвэрлэл хийгээд явж байгаа хүмүүсийн амьдрал ямар хэцүү байна аа. Өнөөдөр худалдаа хийж байгаа хүний амьдрал ямар хэцүү байна аа. Нэг өдөр зогсоод олдог байсан мөнгөө сар зогсоод олж чадахгүй байна шүү дээ. Тэр хүмүүсийн төлөө гэж худлаа ярина, наадуул чинь. Тэр хүмүүст очих ёстой ажлын байрыг наадуул чинь хулгайлж авч байгаа. Тэр бондын мөнгө гэдгийн цаана, янз бүрийн хөрөнгө оруулалт гэдгийн цаана, тэр сайдын нэрээр хулгайлж авч байгаа. Тэгээд тийм хүмүүсийг томилох гэж оролдож байгаа. Тэгж бизнес хийж баяжаад байна. Би үүнд л дургүй. Би үүнийг л үзэн яддаг. Чи бизнес хийх л юм бол улс төрөөс гараад, хийдэг юмаа хийгээд л яв гэж хэлдэг. Чи улс төрд байж болохгүй, сайд байж болохгүй. Би зарим хүнд хэлдэг. "Чи Их Хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал, тэр намын даргын албан тушаалд лав л тэнцэхгүй гэж. Би өмнө нь зарим хүнд хэлж байсан. "Үнэхээр чи юм хийх гээд хүсэл чинь оргилоод байгаа бол тэр хийдэг юмаа л улс төрөөс гараад хий, тэр гишүүнээс гараад л хий” гэж. Гэтэл тийм юм хийх гэж зүтгэснээс тэднийг худалдаж авч, сүлжээ босгож, түүгээр өөрийгөө хуяглаж, хамгаалуулах гэж оролдож байна. Тэгээд хамгийн гол нь ард түмэн гэнэн, энэ ард түмэн мартамхай. Энэ хүмүүс рүү ийм нэвтрүүлэг явуулаад байхад, ийм зураг эвлүүлээд байхад энэ хүмүүс ойлгоно гэж авлигачид боддог.

Прокурор хийж байхдаа чи Монгол Улсын хуулийг чанд сахиул. Битгий чадалгүйд нь дээрэлх, битгий чадалтайнх нь өмнө бөхөлз

Өнөөдөр наадуул чинь арван талаас, арван тал гэж байдаг бол зуун талаас довтолж байгаа. Хэцүү. Яах гэж та нарыг Монголын хуулийг сахиул гэж хэлсэн юм бэ? "Авлигачийн өмнө бөхөлз, бөхөлз” гэж хэлэх байсан юм бол яах гэж Монголын хуулийг сахиул гэж хэлсэн юм бэ? Яах гэж Монголын ард түмэн шударга ёсны төлөө тэмц гэж намайг сонгосон юм бэ? Тэр авлигачийн эрх ашгийг гүйцэлдүүлэхийн төлөө л би байх байсан юм бол, тэр авлигачийг хамгаалахын төлөө, тэр тусгай сонирхлыг нь хамгаалахын төлөө намайг ажиллуулах гэсэн юм бол яах гэж надад тэгж хэлсэн юм бэ? Яах гэж надад тэгж ажиллаж болно гэж итгүүлсэн юм бэ? Хэзээ ч тийм эрх ашгийн төлөө явахгүй. Хэзээ ч тийм авлигачийн өмнө бөхөлзөхгүй шүү. Би хэлдэг юм.” Тэр зарим нэг хүний үгийг сонсож болно. Гэдээ шүүлтүүртэй авах хэрэгтэй. Бөхөлзөж болохгүй ээ”игэж хэлдэг. Авлигатай тэмцэх гэдэг бол сонгуулийн үед хэлээд өнгөрдөг зүйл биш ээ. Авлигатай тэмцэх гэдэг бол сууж байх үедээ хийдэг ажил. Ажилтай байх үедээ хийдэг ажил. Гудамжинд орилдог үг биш энэ бол. Прокурор хийж байхдаа л чи шударга бай. Прокурор хийж байхдаа чи Монгол Улсын хуулийг чанд сахиул. Битгий чадалгүйд нь дээрэлх, битгий чадалтайнх нь өмнө бөхөлз. Чамд тийм эрх өгсөн шүү дээ. Чамд тийм итгэл хүлээлгэсэн. Тийм учраас чамайг Монголын төрийн хууль цаазын зөвлөх гэж байгаа юм. Зөвлөх гэдгийн цаана нүд гэж харж байгаа юм, зөвлөх гэдгийн цаана харуул гэж харж байгаа юм, чамайг. Мууг битгий оруул, сайныг хамгаал гэж чамайг тавьсан.

Өнөөдөр авлигатай тэмцэнэ, яг сонгууль болоод ирэхээр шударга ёс тогтооно барина гээд баахан лоозон ярьдаг. Сонгуулийн үеэр ингэж ярьж болно, ард түмэндээ хэлж болно. Харин итгэсэн үед нь, ажлаа авсныхаа дараа хийх л хэрэгтэй. Тэр зарчим дээрээ хатуу суух хэрэгтэй. Ингэхгүй бол чи ард түмнээсээ урвасан болно. Миний хамгийн их итгэж явдаг зарим нэг Улсын Их Хурлын гишүүд өнөөдөр ямар нөлөөнд орсон юм бүү мэд. Авлигачдын өмнөөс ярьж, явж байгаа. Тэдний өмнөөс үг хэлж явж байгаа. Энэ бол сонгогчийнхоо эрх ашгийг огоорсон огооролт шүү. Чи энэ ажлыг үгээр хийхгүй ээ. Үйлдлээр хийнэ. Чи энэ ажлыг гаргаж байгаа хуулиараа хийнэ. Тэр хуулийн үг, өгүүлбэр бүхэн дээр дарж байгаа тэр саналаараа л хийнэ. Үүгээрээ л харуулах ёстой. Үнэхээр энд ийм үг хэлнэ гэдэг бол, ийм ажил хийнэ гэдэг бол хэцүү. Би хэлдэг юм. Төрийн албан хаагч, улс төрийн өндөр албан тушаалтанд ганцхан том шалгалт бий шүү. Чи авлигатай тэмцэж чадаж байгаа бол, чи тэр их мөнгөний өмнө, тэр их амлалтын өмнө,  тийм зүйлүүдийн өмнө толгой өндөр зогсож чадаж л байгаа бол чи шалгалтаа давж байна. Бусад нь яах вэ, ард түмний татварын мөнгөөр ороод ирсэн тэр хэдэн төгрөгийг хэн ч хувааж чадна. Хэн ч өнөөдөр гоё гоё юм ярьж чадна. Хэн ч өнөөдөр тэр сайд даргын ажил гэдэг дээр очоод нэг өдөр өнгөрөөж чадах л байх. Ганцхан шалгалт бол ”Чи наад мөнгөө аваад гар, чи наад үгээ татаж ав, чи миний өрөөнөөс гар” гэж хэлж чаддаг,  чи энэ хуулийг хэрэгжүүл, чи хууль зөрчиж байна” гэж хэлж чаддаг тийм л ажил хэрэгтэй.

Авлигачид бол санаанд оромгүй юм хийнэ шүү дээ. Хуульчид үзсэн дээ. Гэрийнх нь гадаа очиж орилно. 90 гарсан ээж рүү нь хүртэл дайруулна. Өндөр настай ээж рүү нь хүртэл дайрна. "Хүү чинь хүн алах гэж байна” гэж 7 хоног, сар улиглана. "Амийг нь өршөөгөөч, цаг минутаар хэмжигдэж байна, нэг хором өнгөрөхөд үхчих гээд байна гэж” эрлэгийн элчтэй цуг эх рүү чинь ирж байгаа юм. Тэгээд аваад явж байгаа юм. Тийм юмыг хүртэл давах хэрэгтэй. Тийм юмыг сөрж чаддаг л байх хэрэгтэй. "Уучлаад өгөөч, өршөөгөөд өгөөч” гэж. Та нар ийм юм үзсэн. Бид ийм юм үзсэн улсууд. Хэцүү байсан шүү. Хэцүү байдаг юм. Үхэхээрээ айлгана. Өлсөхөөрөө айлгана. Өнөөдөр нэг албан тушаалтан бариад авахаар өлсөхөөрөө айлгана, үхэхээрээ айлгана. Тийм л эмзэг  эрүүл мэндтэй байгаа юм бол битгий ард түмний мөнгөнөөс хулгайл л даа. Би энэ үгийг хэлээгүй биш хэлсэн юм. 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би тангараг өргөхдөө хэлж байсан. Энэ өдрөөс эхлэн авлига авахаа зогсоо, төрийн мөнгөнөөс авдагаа зогсоо. Үүнээс өмнөхийг чинь өршөөе. Би 19-ний өдөр Өршөөлийн хууль санаачлана гэж байгаад оруулж байсан. Бид нэг шугам татах гэж үзсэн юм шүү.

Өнөөдөр улсууд "Алдсан, эндсэн өршөөе. Тэгээд цааш явъя” гэж яриад байгаа. Бид үүнийг 7 жилийн өмнө хийсэн. Авах сургамж ч гарсан, хэцүү юм ч гарсан. Хүнд байдаг юм. Тэнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд нь  хүртэл автдаг. Би хүн уучлахдаа амь бодож уучилж байсан. Үнэхээр цаг хормоор хэмжигдэж байгаа юм бол гэж уучилж байсан. Би Монгол Улсынхаа нэрийг бодож хүн уучилж байсан. Би 40-50-иар нь, 200-300-аар нь албан тушаалтны хэргийг уучлаагүй. Амийг нь бодъё, Монголынхоо нэрийг бодъё гэж уучилж байсан. Өнөөдөр над руу тэгж дайрдаг. Хөлсний нөхдүүд над руу өдөржин юм бичиж байгаа. Миний хамгийн их шударга гэж боддог, шударга үнэний дуу хоолой болж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр над руу хэдэн талаас минь дайрч байна. Гэхдээ бид зүтгэнэ. Бид ухарч болохгүй. Бид ухарвал хэн нугарахгүй байх юм бэ. Бидний ард ард түмэн, Монгол түмний эрх ашиг байгаа.

Авлигачид цагаадаж байгаа тэр цаг мөчөөс эхэлж Монголын төр харлана

Прокурорууд аа, хууль хяналтын байгууллагын ажилтнууд а.

Ийм юмны өмнө бид бууж өгч болохгүй. Монгол Улсад хууль сахиулахын төлөө бид урагшаа явах ёстой. Бид хийх ёстой. Өнөөдөр наад авлигачид чинь бариад авахад "Би баригдаагүй байна” гэж орилдог улс шүү дээ. Хэргийг нь бариад "Чи ийм хэрэг хийсэн байна” гэхэд "Би хэрэг хийгээгүй л гэж орилдог”. "Ийм нотолгоотой байна” гэхэд "Тэр худлаа” гэж орилдог. "Би хэлмэгдлээ” гэдэг. "Би өршөөгдөх хүн биш, би цагаадах хүн” гэдэг.

Тэр авлигач өнөөдөр цагаадаж байвал Монголын төр өнөөдрөөс эхэлж харлана. Авлигачид цагаадаж байгаа тэр цаг мөчөөс эхэлж Монголын төр харлана. Бид тэгж төрөө харлуулмааргүй байна. Бидний өвөг дээдсийн түүхтэй төр. Шударга явж ирсэн төр. Бид нэгэн цаг үед, богинохон цаг үед ажиллана. Бид энэ үед л үүргээ биелүүлэх хэрэгтэй. Бид төрийн алтан гагнаас, нэг гинж нь болоод ажиллаж байгаа энэ үедээ л ажлаа хийгээд бууж өгөхгүй цаашаа явах үүрэгтэй.

Хүн төрийн дор амьдрана. Төрийн дор амьдрана гэдэг хуулийн дор амьдрана гэсэн үг. Төр гэдэг бол ардчилсан улс оронд хууль гэсэн үг. Төр эзэнгүй байна гэж заавал нэг эзэн сууж байх ёстой юм шиг, заавал нэг авлигач сууж байх ёстой юм шиг, заавал нэг хүчтэй сүлжээтэй хүн сууж байх ёстой юм шиг ойлгох юм. Төр гэдэг бол хууль гэсэн үг, ёс суртахуун гэсэн үг. Түүнийг хэрэгжүүлж байхыг л бид шаардаж байх ёстой. Энэ бол төрийн систем. Өнөөдөр тэгж ярьдаг, хэлдэг болсон.

Би хэлдэг юм. "Чи авлига аваагүй юм бол, хэрэг хийгээгүй юм бол шүүхээрээ шийдүүл” гэж. 1994 онд намайг хэрэг хийсэн байж магадгүй гээд ороод ирэхэд УИХ-ын гишүүн байсан Цахиагийн Элбэгдорж би "УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү. Бүрэн эрхээсээ татгалзаж байна. Шударга шүүхээр хэргээ шийдүүлье” гэж өргөдлөө өгөөд тэр өдөртөө УИХ-ын гишүүн биш болж байсан. "Ц.Элбэгдорж хэрэг хийгээгүй байна” гээд Монголын шүүх цагаатгаж байсан. Хэрэг хийгээгүй хүнийг Монголын төр хийгээгүй гэж, хийсэн хүнийг хийсэн гэдэг юм. Монголын хуулийнхан ийм нүдтэй, ийм уламжлалтай.

Авлигачдын гар хөл болсон хуйвалдаанаар Өршөөлийн хууль гаргана гэж яриагүй

Зарим хүмүүс хэлдэг. "Шүүхээр шийдүүлье, үнэн мөнөө шийдүүлье” гэдэг. Чи тийм мундаг УИХ-ын гишүүн юм бол өргөдлөө өгөөд гар, тэр хуягласан бүрэн эрхээсээ татгалз. Тэр улс төрд оролцож улс орны амьдралыг баллахаа боль л доо. Ард түмэн алдааг уучилж чаддаг. Харин мэдсээр байж хийж байгаа гэмт хэргийг уучилдаггүй. Чи хууль сахиулах ёстой, үүрэгтэй байтлаа гэмт хэрэг үйлдэж байвал ард түмэн уучлахгүй. Чи мөнгийг завших ёсгүйг мэдсээр байж завшиж байвал чамайг уучлахгүй. Зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарч байгаа тийм зүйлийг олон түмэн үзэж чаддаггүй. Ард түмэн өөрсдийнх нь итгэлээр тоглох, ус цацахыг дэмждэггүй юм. Ард түмэн болохгүй гэж хэлээд байхад УИХ-д суучихаад өршөөнө гээд  байгаа юм. Би хүн өршөөхийн эсрэг байгаа юм биш, хүн өршөөхийн төлөө байна. Би тэр ядуу зүдүү, анх удаа алдсан хүмүүсийг өршөөхийн төлөө байна. Үнэхээр тэр гуя дагуулж, хүзүү тээж явуулаад байгааг нь авч үлдэе гэж байгаа юм. 1000 хүн өршөөх гэж хажууд нь 100 албан тушаалын гэмт хэрэгтнийг, 100 авлигын хэрэгт мөрдөгдөж байгаа хүн, 100 хууль бусаар хөрөнгөжсөн этгээд, олон мянган хүнийг залилсан этгээд, мөнгө угаасан этгээдийг өршөөх гээд байгааг л боль гэж байгаа юм. Түүнээс биш хийсэн гэмээ ухаарч байгаа, анх удаа шоронд орсон эхчүүд, эмэгтэйчүүд, өндөр настан, насанд хүрээгүй хүүхэд, дарвиж доргиод алдчихсан тэр хүмүүсийг би өршөөхийн төлөө байгаа. Одоо намайг түүгээр барьцаалж байгаа. Хэдэн мянган хүн суллах гэж байна гэж ярьж байгаа биз. Энэ бол авлигачдын хийж байгаа ухуулга. Тэгж л хэлнэ. Ерөнхийлөгч өршөөхийг зогсоож байна гэж. Би тэр хэдэн мянгыг зогсоогоогүй, өршөөхийн төлөө байна. Ингэж хуйвалдаан болгож, далд хуралдаан зарлаж, зарим нь хаяад гарч байхад үлдэж, бүтэн өдөр сууж байгаад Засгийн газрын хуулийг тэгж зөрчиж болохгүй шүү дээ. Бидэнд зарчим байсан юм. Бид 2009 онд Өршөөлийн хууль гаргасан. Тэнд алдаа дутагдал ч бий, оноотой юм ч бий. Тэгээд "Энэ цаг мөчөөс хойш төрийн мөнгө рүү битгий гар дүрээрэй. Авлигад орооцолдож, ийм хэрэг илрэх юм бол хатуу хариуцлага тооцно шүү” гэж хэлээд явуулж байсан.

Ингээд Эрүүгийн хуулийг шинэчилнэ, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг шинэчилнэ, одоо зөрчлийн гэж яриад байгаа хуулийг шинэчилнэ. Үүнийг шинэчилснийхээ дараа шинэ хуулийнхаа үзэл санаанд тааруулж, өнөөдөр хорих ял эдэлж байгаа хүмүүсийг өршөөх асуудлыг нэг удаа авч үзнэ. Ер нь өршөөлийн асуудлыг хэн нэгэн, Засгийн газар нь санаачилдаг биш, ерөөсөө хуулинд нь хийж өгье, ямар үед нь өршөөх вэ, ямар үед нь гаргах вэ гэдэг эрхийг шүүхэд нь өгье, хууль хяналтын байгууллагад нь өгье, аль ч төрийн тэргүүнд байдаг, Үндсэн хуульд байдаг уучлал үзүүлэх гэдэг нь Төрийн тэргүүндээ байвал байна биз гэж бид ярьж байсан. Ингэж бид зарчим тогтоож байсан. Ингэж авлигачдын гар хөл болсон хуйвалдаанаар Өршөөлийн хууль гаргана гэж яриагүй. Тийм хуулийн төсөл оруулж ирсэн ч батлахгүй гэж зарчмаа тогтож байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газар санал оруулаад ирэхэд тэгж байлгаж байлгаж Засгийн газрыг огцруулна гэдэг асуудлаар дарамталж, айлгаж "Би орно, чи гарна” гэж энд тэндээс тив, улс дамжуулан утасдуулж яриулж, зочид буудалд цуглуулж байгаад "Түүнийг нь ингэж хас, өгүүлбэрийг нь тэгж бич” гэж байгаад оруулж байна. Засгийн газар авлигын хэргийг өршөөхгүй гэж хуулийн төсөлд оруулж ирсэн. Саяын хуулиар өршөөнө гэж дарж байна. Өршөөхгүй гэдэг нь Засгийн газрын бодлого. Би "Өршөөлийн хууль гэдэг төрийн бодлого байх ёстой” гэдгийг хэлсэн.

Тийм шударга бус заалттай хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй

Энд зарчим байх ёстой. Ингэж ялгахыг зарчим гэж байгаа юм. Албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүй гэж оруулж иртэл бүх зүйл ангиар нь хамааруулсан. Хууль бусаар хөрөнгөжихийг хамааруулахгүй гэсэн, хамааруулихсан. Төсвийн мөнгө хөрөнгийг зориулалт бусаар завшсаныг хамааруулахгүй гэсэн, хамааруулсан. Залилан хийхийг хамааруулахгүй гэсэн, хамааруулсан. Ингэж өөрчилсөн. Засгийн газар хуулиа татаж авна гэхэд нь дарамталж, айлгаж байгаад баталсан. Тэрний цаана наймаа явж байна. Аймшигтай юм явж байна. Танай энэ хүн сулрах гээд байна, манай энэ хүн сулрах гээд байгаа. Танай намд ч ашигтай, манай намд ч ашигтай. Манай фракцид ч ашигтай, чиний фракцид ч ашигтай, чиний тэр чинь байгаад байна, чи яасан хүн чанаргүй юм бэ, яагаад чи үүнийг дэмждэггүй юм бэ гэж, хүн л болсон хойно тэр зүрх сэтгэл рүү нь дайрч байж үүнийг гаргаж байгаа. Ийм юмыг тэвчээд, ийм зүйлийг Монголын төрийн босгон дээгүүр бид явуулж болох уу? Ингэж барьцаалж гаргаж байна. Тэгэхгүй бол чиний ажлыг явуулахгүй, чиний асуудлыг маргааш ингэж тавина гэдэг. Монголын төрийн нэрийг, Монгол Улсыг даан ч бодсонгүй дээ. Энэ засаг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.