Хямралаас гарах гурван боломж
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2006 оныг эс тооцвол байнгын алдагдалтай явсаар 2014 онд анх удаа ашигтай гарсан байдаг. Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 604 сая ам.долларын ашигтай гарчээ. Тодруулбал, монголчууд бидний гаднаас авдаг импортын бараа, гадагшаа гаргадаг экспортын барааны цэвэр зөрүү нь сүүлийн 10 сар дараалан тасралтгүй эерэг үзүүлэлттэй гарсан гэсэн үг юм.
Монгол улсын гадаад худалдааны тэнцэл, сая ам.доллараар
(Тухайн оны эхний 7 сарын байдлаар)
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газрын гаалийн статистик мэдээлэл
Монгол улсын гадаад худалдааны тэнцэл /2006-2015 оны сар бүрээр/,
сая ам.доллараар
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газрын гаалийн статистик мэдээлэл
Гэвч улс төр нь тогтворгүй, улсын төсөв нь үрэлгэн хэрнээ их хэмжээний алдагдалтай, улс төрчид нь эх орончоороо гайхуулдаг хэрнээ эсрэгээрээ "шоглочихдог”, дэлхийн зах зээлд голлох түүхий эдийн ханш унасан, цагтаа дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувьтай тэнцдэг байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өдгөө тэг заасан гээд эдийн засаг сайнгүй байна.
Эдгээр чихэнд чимэггүй, бараан мэдээг гэрэлтүүлж байгаа нэг мэдээлэл бол гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан явдал.
Үүнийг эерэг үзүүлэлт гэж эдийн засагч голдуу хүмүүс дүгнэж байгаа бол нөгөө талд байгалийн баялгаа түүхийгээр нь зөөсний нөлөөгөөр бий болсон үзэгдэл учраас баясах зүйл биш хэмээн " муулчлах” улстөрчид цөөнгүй. Яаж ашигтай гарах нь хамаагүй, сайн нь манай улсын гадаад худалдаа алдагдалгүй болчихоод байгаа нь хэрэглээнийхээ 80 хувийг гаднаас авдаг монголчуудын хувьд бодит тоо гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энэ нь ханшийн тууштай либерал бодлого, импортын хэрэглээг шүтэх биш, харин ажлын байрыг чухалчилсан алсын хараатай бодлого явуулсны үр дүн гэж хэл болохоор.
Зайлшгүй шаардлагатай хэрэгцээт бараагаа импортоор авч, бусдыг нь дотоодод үйлдвэрлэх, нөгөө талаасаа тэвчиж болох бүх зардлаа дээр дооргүй танаж, гадаадынхны мөнгөнд дулдуйдаж байсан тэр л үрэлгэн үетэй харьцуулахад, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарах нь нэг талын ололт.
Эдийн засаг бүхэлдээ хямарсан энэ цаг үеийг ашиглаад дотоодын үйлдвэрлэлээ сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашлаад бараагаа үйлдвэрлэж хил давуулж "шидээд” ногоон долларыг хүүдийлж чадах эдийн засгийн нэг эхлэл тавигдаж байна гэж эерэгээр хүлээж авч болно.
Гадаад худалдаа ашигтай гараад байгаа энэ цаг мөчийг Монгол Улс дараах гурван чиглэлд боломж гэж харж чадвал эерэг өөрчлөлт ирнэ гэж эдийн засагчид дүгнэж байна.
Нэгдүгээр боломж бол импортод дарлуулдаг бизнес моделио өөрчлөх явдал.
Зах зээлийн системд шилжин орсны дараах сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай орны хувийн хэвшлийн ихэнх бизнес модель ганзагын наймаа, импортын бизнес, үнийн зөрүүнээс гол ашгаа хийдэг зарчимтай явж иржээ. Өөрөөр хэлбэл, Монголын гэх бизнес голдуу л долларын зарлагатай, төгрөгийн орлоготой, гаднаас оруулж ирснээ дотооддоо хэд дахин нугалж зарж хөлждөг, бүтээгч, үйлдвэрлэгч бус зарчим ноёрхдог байсан. Харин өнөөдөр Монголын бизнес эрхлэгчид бизнес моделио эргэн харж, зоригтой өөрчлөх шаардлагатай болж. Хэрэв бизнесээ өргөжүүлж, томоръё гэж байгаа бол шүү дээ.
Монгол Улсын импортын бууралт, хувиар
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газрын гаалийн статистик мэдээлэл
Дан ганц импортын бараа, бүтээгдэхүүнээс ашиг олохоос илүүтэйгээр экспортын баримжаатай, нэмүү өртөг шингэсэн бизнес модель руу шилжих ёстой. Алийн болгон хөрөнгө оруулагч Эдвард, Ли нарын мөнгөөр хуучин автомашин оруулж ирээд хэд дахин нугаларсан үнээр зарж монголчуудыгаа "сааж”, тэрнийгээ бизнес гэж бодож, итгэж явах ёстой юм бэ? Татвар төлөхгүй, ажлын байр бий болгохгүй, үйлдвэрлэл явуулахгүй ийм бизнес Монголд хэрэгтэй юу? Алийн болгон Швейцариас шоколад, Италиас гутал цүнх, Чилээс усан үзэм, Болгараас тараг, Польшоос өргөст хэмх, Эрээнээс "хог” импортолж түүнийгээ сайн бизнестэй гэж тооцож, өөрсдийгөө хуурч явах гэж. Бас алийн болгон энэ бүх импортын төлөөсөнд газар шороогоо, газрын хэвлийн баялгаа зарж байж их л үнэ цэнээр олддог "нүдний гэм” долларын ханшийн өсөлтийг халааснаасаа төлсөөр явахав.
Тэгэхээр Монголын хувийн хэвшлүүд, бизнесүүд сүүлийн 20 жилийн бизнесийн загвараа эргэн харж, илүү тогтвортой, илүү бүтээмжтэй, илүү өрсөлдөх чадвартай шинэ бүтэц бий болгох шаардлагатай байна. Импортод суурилсан, ноён Танг гэгчээс авснаа иргэн Зоригоод өндөр үнээр зарж, зөрүүнээс ашгаа хийдэг бизнесээ больё л доо. Харин дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, борлуулан түгээж, тэр нь тогтвортой валютын орлого болдог, ажлын байр шингээдэг стратегийн талаар толгой гашилгаж, түүнд мөнгө хаяж, хөрөнгө оруулагч түнш олох нь ирээдүйн урт хугацааны бизнесийн зөв модельтой болох ёстой.
Ингэж чадвал бизнес эрхлэгчид 2016, 2017 оныг олз, омогтой гэтлэх боломж байна.. Онцлон хэлэхэд, лам, бөөг зорьж, "Орлогын үүдийг нээж, зарлагын үүдийн хаадаг” ном хуруулахын оронд хэн нэгнээс үйлдвэрлэл яаж амжилттай эрхлэх туршлага судалсан нь хавьгүй өгөөжтэй болов уу.
Дотоодын гэх бүх үйлдвэрүүд Монгол хүнийг урт хугацаанд ажлын байраар хангаж, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг монгол хүн хэрэглэж, тэдний гаргасан бараа долларын орлого авчирч, тэдний ажилтны татвар, шимтгэл улсдаа хуримтлагдаж, Монголын хөрсөнд үлддэгээрээ үнэ цэнэтэй юм.
Нөгөө талаас, засаг төр нь бизнесийн хурдыг гүйцдэггүй юмаа гэхэд эн тэнцүү алхмаар байна. Тухайлбал, Хятадын удирдагчийн амласан 40 хувийн транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг яриа хэлцэлийг цааснаас нь ховхолж, амьдралд хэрэгжүүлэхэд идэвхитэй ажиллах шаардлагатай болов уу. Мөн Япон улстай байгуулсан эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээг бодитой хөрөнгө оруулалт, бодитой үйлдвэрлэл, бодитой экспорт, бодитой гадаад худалдааны эргэлт болгох хэрэгтэй байна. Нэг талаас төрийн тогтвортой бодлого саадгүй үргэлжилж, нөгөө талаас хувийн хэвшлийн зоримог, бүтээлч ажиллагаа чухал байгааг хэлэх нь зөв биз.
Хоёрдугаар боломж амьдралаас тасархай төсвөө засах.
Сонгуулийн төсөв айсуй. Учир нь дараа жил УИХ-ын сонгууль болно. Тойргоос сонгогдсон гишүүд төсвийн мөнгөнөөс аймаг, сумандаа ахиу хуваарилах гэсэн богинохон бодлоор төсвийн бодлогод ханддаг үе. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч их мөнгө тойрогтоо хуваарилж байвал тэдэнд бусад нь хамаагүй. Ийм л хоноцын сэтгэлээр ажиллаж байгаа улстөрчдөөс төсвийн бодлогыг хамгаалах цаг нь болсон. Улсын төсвийг худлаа баталдаг, тэгээд улсын төсөвт бараа, үйлчилгээ нийлүүлсэн компаниудыг хохироодог, маш их алдагдалтай төсөв баталчихаад дараа нь түүнийхээ эсрэгийг нь буюу "төгрөгийн ханш чангарч байх ёстой”, "улсын өр нэмэгдэх ёсгүй” гэж гэнэн тэнэгээ гайхуулдаг улстөрчдийг эдийн засгийн бодлогоос холдуулах цаг иржээ.
Юуны өмнө төсвийг ашиггүй юм аа гэхэд ямар ч алдагдалгүй баталж сурвал дунд, урт хугацаандаа төсвийг бодитой төлөвлөж, хэрэгжилтийг хангуулах, улмаар ашигтай төсөв баталж, улсаараа хуримтлал үүсгээд явах боломж бүрдэх юм. Энийг хэн ч зөв хэмээн хэлдэг ч, улс төрчдөөс хэн ч хийхийг хүсдэггүй бололтой. Хийж чадвал чөтгөрийн тойргоос гарах суурь алхам гэдгээ ядаж иргэд бид ойлгох учиртай.
Өмнөх жилийн өдийд нэгдсэн төсвийн тэнцэл хасах 160 тэрбумтай гарч байсан. Энэ жилийн хувьд бүр 637 тэрбумын алдагдал амсаад байгаа. Татварын орлогыг харвал импортын баримжаатай татварын орлого багасч, эсрэгээрээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлогын албан татвар, нийгмийн даатгал, дотоодын архи, дарсны онцгой албан татварын орлого нэмэгдсэн байдаг. Тухайлбал, импортын барааны НӨАТ-ын орлого 352.1 тэрбум төгрөг буюу 62.4 хувь, суудлын авто машины онцгой албан татвар 32.3 тэрбум төгрөг буюу 52.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хувиараа бизнес эрхлэгчдийн орлогын албан татвар 3.5 тэрбум төгрөг буюу 123 хувь, нийгмийн даатгалын орлого 597.6 тэрбум төгрөг буюу 104 хувь, дотоодын архи, дарсны онцгой албан татвар 71.7 тэрбум төгрөг буюу 121 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Импорт 30 хувиар буурахын хэрээр мэдээж импортоос төсөвт төвлөрдөг орлого ингэж буурах нь тодорхой. Иймээс УИХ ээлжит бус чуулганаар ч болтугай "худал” төсвөө үнэн болгож тодотгохоос өөр аргагүй болж байна. Цаашдаа ийм худалч төсөв баталж, Монголыг хорлодгоо болих ёстойг улстөрчдөд сануулчихад гэмгүй биз.
Гуравдугаарт, эмзэг эдийн засгаа тогтвортой эдийн засгаар солих боломж.
Ажлын байр бага шингээдэг атлаа нийт валютын урсгалын 90 хувийг эзэлж байсан уул уурхай 2012 оны сүүлчээс"мода”-наас гарахад Монголын эдийн засгийн ганц хөлтэй моно бүтэц сульдаж эхэлсэн. Үүнээс улбаалж жил дараалан саарах эдийн засгийн зүрх зогсом уналт, ажилгүйдлийн өсөлт, дотоод хөрөнгийн үнэлгээ буурах, банк, санхүүгийн салбарт тогтворгүй байдал тохиох аюул аль 2013 онд байсан юм. Гэвч ганцхан жилийн дотор элгээрээ хэвтэж, амь тавих эрсдэлээс зайлсхийж чадсаны "нууц” юу вэ?
Сүүлийн гурван жилд монголчууд чадлаараа л зүтгэж, бүсээ чангалж, хэмнэж, үйлдэрлэж, бас хуримлал хийж сурч байна. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын тохируулга үр дүнгээ өглөө. Эдийн засгийн хүндрэлтэй үед ч үндэсний гэх үйлдвэрүүд сэргэж, шинээр хүнсний, хөдөө аж ахуйн, цементийн, орон сууцны барилга угсралтын, барилгын материалын үйлдвэрүүд ашиглалтад орлоо. Шинээр импортыг орлох барилгын материалын 40 орчим үйлдвэртэй болж, дунджаар орон сууцны нийлүүлэлтийг 230 хувиар өсгөсөн хэрнээ гадны барилгын материалд төлдөг мөнгө нэмэгдээгүй гэсэн статистикийн сайн үзүүлэлттэй байна. Монголын 140 гаруй мянган иргэн ажлын байрныхаа төлөө, орон сууцныхаа төлөө махран зүтгэж, өөрөө өөртөө хуримтлал хийж байна.
Энэ бүхэн нь нөгөө л эдийн засгийн хэврэг бүтцийг өөрчилж төрөлжүүлэх, хэрэглээнээс үйлдвэрлэл, хуримтлал руу шилжих шилжилтийн нэгээхэн хэсэг болж, дунд, урт хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх боломж бүрдэхэд нөлөөлөх юм.
Манай улс гадаад худалдааны тэнцлийн ашгаа нэмэгдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг буцаан авчирч, төлбөрийн нийт тэнцлээ алдагдалгүй болгож, төсвийн зөв бодлоготой болж, улс төрчдийн увагүй үйлдлүүд арилж, дотоодын үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт, санхүүжилт, зөв дэмжлэг үзүүлж, хувийн секторын бизнесийн модель зоригтой шинэчлэгдэж чадваас доорх үр дүнд хүрэх боломжтой гэж харж байна.
Эдийн засгийн бодит байдал ба тогтвортой өсөлтийн төсөөлөл
Үндсэн үзүүлэлтүүд | Бодит байдал | Тогтвортой өсөлт* |
ДНБ-ийн өсөлт | 3.0 (%)
2015 оны эхний хагас жилийн байдлаар |
7.0 ~ 10.0 (%)
Эдийн засаг тогтвортой хурдаар тэлэх |
Ажилгүйдлийн түвшин | 7.8 (%)
2015 оны 2 дугаар улирлын байдлаар |
2.0~4.0 (%)
Ажилгүйдэл буурах |
Инфляцийн түвшин | 6.9 (%)
2015 оны 7-р сарын байдлаар |
4.0 ~ 6.0 (%)
Бага түвшинд тогтвортой байх |
Нэгдсэн төсвийн тэнцэл | -638 (тэрбум төг.)
2015 оны эхний 7 сарын байдлаар |
300 ~ 500 (тэрбум төг.)
Төсвөөс хуримтлал үүсэх |
Гадаад худалдааны тэнцэл | 604 (сая $)
2015 оны эхний 7 сарын байдлаар |
~1000(сая $)
Тогтвортой ашигтай гарах |
Эрүүл эдийн засаг бол тогтвортой өсөлт нь огцом хэлбэлзэлгүй, ойрын болон алсын хараа, бодлого, чиглэл нь тодорхой байдагт оршдог.
Эдийн засаг тогтвортой байна гэдэг бизнес тогтвортой бас төлөвлөж болохуйц байна гэсэн үг. Бизнес тогтвортой байна гэдэг ажлын байр, ашиг орлого тогтвортой байна гэсэн үг. Ажил олгогчид тогтвортой байна гэдэг ажилтан, өрх гэр тогтвортой байна гэсэн үг. Өрх гэр тогтвортой байна гэдэг иргэн тогтвортой байна гэсэн үг. Энэ бол эдийн засгийн гинжин холбоос. Тэгэхээр эдийн засгийн сүүлийн гурван жил дамнасан хүндрэл монголчуудад их ухаарал, сургамж өгсөн байгаасай гэж найдъя. Энэ хүндрэлээс гарах боломжоо гагцхүү бид өөрсдөө хайж олно. Түүнээс тэнгэр бурхан тахиад, уул усандаа мөргөөд, бөө лам дээр очоод мөнгөтэй болж чадахгүй. Хямралаас гарах ганц гарц бол хэрэглэгч орноос бүтээгч, үйлдвэрлэгч улс орон болох замдаа эргэлт буцалтгүй орох л ёстой. Үгүй бол бид үүрд ядуугаараа үлдэнэ.
Ж.НЯМСҮРЭН
Эх сурвалж: www.news.mn
Сэтгэгдэл байхгүй байна.