Ойрад Монголчуудын эмгэнэлт хувь тавилан...
Нүүдэлчин Монголчуудын ялгуусан түүхийн нэгэн цаг үеийг эрхшээж, тухайн цаг үеийнхээ дэлхийн гүрнүүд-Орос, Манжийн өмнөөс омог бардам ташаа тулж асан улс бол-Зүүнгар байв. Ойрад Монгол улс тухайн үедээ Хятад, Дундад азийн гүүр болсон эртний түүхт торгоны замыг хяналтандаа байлгаж, уйгар, турбан, узбек, тажикийн хотуудыг эзэмшиж, киргиз, хасаг /Казкастан/-ыг эрхшээж байлаа. Казкастаны дайны түүх нь тэр чигээрээ Зүүнгартай тулалдсан мэр сэр мөргөлдөөнөөс бүрддэг.
Саяхан Монгол жүжигчдыг урьж тоглуулсан хасгууд Зүүнгарын үлэмж давуу хүчтэй цэргийг бут цохидог үйл явдал бүхий Казкастаны "аугаа баатарлаг” киноны түүхэн уг сурвалж нь Зүүнгарын хилийн хамгаалалт, хойдын бүлэг цэрэг рүү казакууд өөрсдөө давуу хүчээр, гэнэдүүлэн довтолсон жижиг тулаан болохыг Оросын түүхчид онцлоод буй. Онцлоод зогсохгүй "Мянган баатарлаг хасаг хөвгүүн ойрадын тугийг унагасан” их тулаан болсон гэх газар, он сар, хоёр талаас оролцсон цэргийн тоог ч нарийвчлан гаргажээ. Гэтэл түүх рүүгээ шороо самруулсан Монголчууд өнөө хэр таг дуугүй. Ямартаа ч хасгууд хэзээ ч ойрад Монголчуудын толгойны өвчин болж байгаагүй нь бодит үнэн.
Европын колончлогч их гүрнүүд ч тал засч асан Манжтай Зүүнгарчууд 1717-оос 1733 оныг дуустал ёстой л салам нүдэлдсэн байдаг. Манжууд Монгол төрийн сүүлчийн голомтыг бөхөөх гэж улайран ойр ойрхон цэрэг татаж, дайны нүсэр зардал гаргасны эцэст өөрсдөө туйлджээ. Ази тивд хамгийн нөлөөтэйгээр оршиж байсан Манж чин гүрэн талын нүүдэлчин Монголчуудтай хийсэн дайны зардлаа дийлэхээ байж, эзэмшил нутаг даяар нь үгүйрсэн олны бослого оволзсон байна. Ийн аргадгүйдсэн Манж гүрэн ойрадуудтай эвийн хэлэлцэл хийж, хил тогтоож байсан нь өдгөө түүхийн хуудсанд Монгол омогшил болон мөнхөрчээ. Цаг үеийн энэ мөчлөгтэй зэрэгцэн Оросын зүүн зүгт хязгааргүй мэт тэлж байсан түрэмгийлэл талын омголон догшин морьтнуудтай нүүрэлдэн зогсоход хүрэв. Иймээс ч Орос, Манж нар нууц үгсэл байгуулж, ойрад Монголын эсрэг зогссон нь ил болон далд олон баримтаар батлагддаг. Зүүнгарын ноёдыг хатган зөрчилдүүлэх, омгойтуулж өөгшүүлэх замаар эрчилсэн харь гүрнүүдын бодлого эцсийн бүлэгт ойрадын нутагт хямралын цучилыг хаясан юм. Ган зуд, халдварт цэцэг өвчний дэлгэрэлт зэргээр дөл нэмсэн дотоодын самуун Манжийн цэргийн түрэмгийллээр шувтарчээ.
1755 онд Манжууд гол хүчийг нь ар, өвөр Монголоос татсан морьтон эрсээс бүрдүүлсэн 50 мянга орчим цэргийг Зүүнгар улс руу гурван замаар оруулсан байна. Манж цэргийн ерөнхийлөн захирагчаар Банди хэмээх өвөрлөгч жанжин явсан бол туслах жанжинаар Саарал гэх ойрдын ноён томилогдсон байлаа. Их цэргийн манлай ангийг Зүүнгарын хойд аймгийн цэрэг бүрдүүлж, ойрадын нөлөө бүхий ноён хойдын Амарсанаа тэргүүлсэн юм. Энэ бол Монголчуудын ялагддаг цорын ганц шалтгаан...Өөрийгөө өөрсдөө...Амарсанаа манлайлж явсан учраас ойрадын ард түмэн энэ удаад манжийг тэгтэлээ улайран эсэргүүцээгүй билээ...Шийдвэрлэх тулалдаан Гэдэн уулнаа болж Даваач хааны 8000 орчим цэрэг үлэмж давуу хүчний эсрэг хэдийгээр баатарлан тулсан боловч тэсч чадсангүй. Даваач хаан Кашкарын нутгаас баригдаж, Бээжин хотноо хүргэгдсэн байна. Хаан Чингисийн үеэс дүрэлзсэн хамаг Монголын голомт ийн цогшив. Гэвч бүр унтраагүйг их дээдсийн эрх үрс бид эдүгээ мэднэ...Ойрадууд харийн дарлалыг хүлцэн суусангүй.
1755 онд буюу манжууд ойрадыг эзлэнгүүт цэрэглэн боссон юм. Энэ бослого зөвхөн ойрад түмний тэмцэл байсангүй. Хотгойдын Чингүнжаваар толгойлуулсан бослого халх Монголд ч эхлэв. Манжийн эзэн хаан энэ тухай сонсоод "-Жарны донсолгоо эхэллээ...” гэж айдас дүүрэн дуу алдсан гэдэг. Үнэхээр ч манж дайчин гүрэн ганхан донсолж байхуйд Монголчууд өөрсдийн омог сүрээ эргүүлэн мэдэрч, эгнэгт тусгаар орших учиртай их хувь заяагаа зүрхэн гүндээ дархалж байжээ. Үнэндээ манжууд уг тэмцлийг хуваан тасалж, Монголыг Монголоор нь хяргуулаагүй бол дарж дийлэхгүй байсан нь түүхийн сурвалжуудаар нотлогддог. Монгол нутгийн цаг уурын нөхцөл, ойрадын оршин ахуй газрын бэрх саад бартаанд зөвхөн Монгол хүн, Монгол морь л тэсэн гарч, ялж дийлэх боломжтой байсан нь гашуун ч гэлээ бодит үнэн. Ойрадын босогчид эхний тулаануудад манжийн 36 мянган цэргийг хүүр болгожээ. Манжууд яаралтай цэрэг татаж, бялтат буу, үхэр буугаар зэвсэглэсэн үлэмж хүчийг мөн л гурван замаар Зүүнгарын нутаг руу цөмрүүлсэн байна. Амарсанаа, Дондогманж, Ням, Занагарав нарын баатруудаар толгойлуулсан ойрадын дайчид тэрхүү их цэргийг нь дахин хиар цохив. Харамсалтай нь энэхүү ялалтын дараа ойрадууд хаан ширээний төлөө маргаан үүсгэж, хоорондоо зэвсэг зөрүүлсэн байдаг. Голлох хоёр удирдагч Дондогманж, Амарсанаа нар зөрчилдөж, Дондогманж нь Амарсанаагаа довтлон Хасаг руу дутаалгажээ. Энэхүү үйл явдал манжуудын чухам л загтнасан газар нь маажсан юм. Гуравдахь довтолгоо цэрэг, технологийн хувьд тухайн үедээ л сонгомол, бас хүчний хувьд дэндүү хол зөрүүтэй байлаа.
Энэ удаад Манжийн эзэн хаан ойрадуудыг даран дагуулах бус үгүйртэл хядахыг шууд зарлиглаж, алсан ойрад хүний тоогоор мөнгөн шагнал амалсан байна. Зүүнгарын өргөн уудам нутаг даяар эмх замбараагүй цуст хядлага ийнхүү эхэлжээ. Дайчин ойрадууд ч зүгээр өрлүүлээгүй нь мэдээж. Эмэгтэйчүүд, хүүхэдгүй хутга ханцуйлан "дэр авч үхнэ” хэмээн эцсийн тэмцэлд босчээ. Зөвхөн Монгол хүмүүнээс гарч болох эр зоригийн жишээ-тулгаралтууд энд тэдгүй гарч, луут туган дор явагчид чамгүй хохирол амссан гэдэг. Үүний дараа манжийн жанжид хүүхэд, эмэгтэйчүүдийг ч хайрлахгүй алахыг тушаасан байна. Монголын тал нутаг өвс ногооны түрүү цусаар сорлогдож, булаг шанд, гол мөрөн улаанаар урссан ийм яргаллыг урьд хожид үзээгүй билээ. 2 жилийн хугацаанд Зүүнгарын 600 гаруй мянган хүн амаас дөнгөж 100 мянга орчим хүн л дүрвэж нуугдаж, дагаар орж амь гарчээ. Манж болоод тэдний гар хөл бологчид 500 мянган ойрад хүний цусаар гараа угаасан байлаа. Амь үрэгдэгсдийн үлэмж хэсэг нь эмэгтэйчүүд, учир мэдэхгүй балчир хүүхдүүд байсан юм.
Зүүнгарын газар шороо хоосров, хайрлах, харамлах эзэн үгүй болов. Энэ бол Монгол нутаг руу шүлсээ үсэргэсэн үе үеийн шуналтнуудын туйлын хүсэл биелсэн эмгэнэлт цадиг... Аймшигт хядлагын дараа Зүүнгарын нутгаар зорчсон манж амбан "-20 хоног явахад босоо хүн малын бараа эс харагдав” гэж айлтгалдаа дурьдсан нь бараан түүхийн бодит баримт болж үлджээ...
Монголын газар шороон дээр Монгол хүн хөл дээрээ босоо буй цагт Монгол орон тусгаар оршсоор байна гэдгийг харийнхан дэндүү сайн мэддэгийн жишээ энэ буюу. Эвээрээ муна хийсний төлөөсийг ийн их үнээр төлөхгүй байхын учир Монголчууд бид нэгэн үзүүрт сэтгэлээр тусгаар тогтнолоо хиргүй оршоох ёстой... МОНГОЛ ХҮН БҮР МЭДТҮГЭЙ, ТҮГЭЭТҮГЭЙ...
Сэтгэгдэл байхгүй байна.