Шинэ цагийн босгон дээрх Шинжаан буюу “Торгоны зам”-д төрсөн тоост бодлууд
1."Шинэ хязгаар” хийгээд хуучин түүх
Монголын домогт их гүрнүүдийн нэг Зүүнгарын хаант улсын эзэмшил дээр хөл тавьсан өдрөөс эхлэн дөрвөн зууны түүхийн эрчлээсийг туучих гэж тархины атираагаа тэнийтэл шаналах минь тун чиг адармаатай байлаа. Бидний нэрлэдгээр Шинжаан, харин Чин улсын хайрласан нэр нь "Шинь Зянь” буюу "Шинэ хязгаар” хэмээх, БНХАУ-ын нэгэн өөртөө засах оронд хүрч ирчихээд сууж байгаа нь энэ.
Ази, Европыг холбосон торгоны их замын томоохон өртөө болох энэхүү бүс нутгийг өмнө нь эртний нүүдэлчдийн төрт улсууд, тухайлбал, Хүннү, Баруун Түрэг, Уйгур, Хар Кидан, Хятадын баруун Хань, Тан болон Монголын эзэнт гүрний Цагаадайн удмын улс Моголистан эзэмшин захирч байлаа. Хожим зүүн, баруун, өмнөд, хойд Туркестан болон задарч Зүүн Туркестан хэмээх исламын шашинт улсын нийслэл нь Кашгарт төвлөрч байсныг 16-р зууны үед Зүүнгарын хаант улсын эзэн Эрдэнэбаатар хунтайж /Галдан бошигтийн эцэг/ нэгтгэн авчээ. 1600-1760 оныг хүртэл зуу гаруй жилийн турш төв болон дундад Азийг дамнасан, өнөөгийн БНХАУ-ын нутаг дэвсгэртэй бараг дүйцэхүйц хэмжээний асар уудам газар нутгийг эзэгнэн захирч байсан Зүүнгарын хаант улсыг мөхөөн дарсан Манж Чин улсын Тэнгэрийг тэтгэгч хаан олзолсон газар нутгаа "Илбэн дагуулсан Шинэ хязгаар” хэмээн нэрийдсэн түүхтэй. Чингэхдээ сая саяар тоологдож асан Уйгур, Монголын баатарлаг ард түмнийг хүн төрөлхтний түүхэнд урьд хожид сонсогдоогүй аймшигт яргаллаар (геноцид) үгүй хийжээ. Ойрдууд болон уйгурыг толгой дараалан хядсанаас Шинжаан нь огт хүнгүй газар нутаг болон хувирсан гэдэг.
Ц.Мухар гуайн бичсэнээс үзэхэд, тухайн үес манжууд гурван замын цэрэг хөдөлгөж /1755-1760 оны үес/ бараг хагас сая гаруй монголчуудыг хүйс тэмтэрч Зүүнгарын их нутаг эзгүйрэн хоосорсон байна. Цоросын Эрдэнэбаатар Хунтайжийн засаглалын үед торгууд аймгийн их тайш Хо Өрлөг, Дөрвөд аймгийн Далай тайш нар харъяат иргэдээ дагуулан Оросын Ижил мөрөн, Зай голын зүгт аажим, алгуурхан (1608-1628 он) нүүдэллэж очоод 143 жил болсны дараа 1771 онд 200 мянгуулаа оргон дутааж эх нутгаа тэмцэн хөдөлжээ. Найман сарын их нүүдлийн замд араас нь Оросын нэхүүл цэрэг, урдаас нь Хасаг, Киргизын цэрэг тосон байлдаж олон мянган торгуудын цус урссан түүхтэй. Мөн өвлийн хүйтэнд осгож, зуны халуунд харангадаж, өвчин тахалд нэрвэгдэн "Чулуунаас бусдыг идэж, чононоос бусдыг унаж" явсаар идэш хоолоо дуусган ижил нөхдөө алдсан 100 хүрэхгүй мянган ойрад-торгууд нутгийнхаа барааг харан үхэдхийн унацгаасан гэдэг. Тэднийг Манжийн хаан тосон авч эзэнгүй болсон Зүүнгарын нутагт тараан байрлуулжээ.
Торгуудын энэ их нүүдлийн тухай өгүүлсэн "Хун галуу” хэмээх сэтгэл зангируулсан эмзэг аялгуутай дуу байдаг бөгөөд Өвөрмонголчууд Хятадтай хамтран "Баруунш нүүдэллэсэн монголчууд” хэмээх олон ангит кино хийсэн нь өдгөө ч "Одон” телевизээр ахин дахин гарч өвөрлөгч монголчуудын өрийг хөндөж байдаг. Үүний дараа энэ нутагт казах, киргиз, узбек, манж, түвд, хятадууд олноороо нүүдэллэн ирцгээв. Эндээс улбаалан хятадууд тус газрыг өөрийн нутаг хэмээн зүтгэх болсон хийгээд тамхины хөөрөг шиг байсан Дундад улсын газрын зураг тахиа болон хувирч "далавч нэмсэн” түүхтэй. Бүр 1.6 сая км2-ээр шүү.
Шинжаан Уйгурын өөртөө засах орон нь Монгол улсын өнөөгийн нутаг дэвсгэрээс ч том газартайн зэрэгцээ 23 сая хүн амтай. Хятадын 56 үндэстний 34 нь Шинжаанд байна.
Дашрамд дурдахад, монгол үндэстний доторх угсаатан болох дагуур, цагаан монгол, буриад, ойрад түмнийг Хятад улс тус бүрт нь үндэстэн хэмээн андуурч (зориуд бутлан) тэмдэглэдэг нь дээрх 56 үндэстний 10 гаруйг хамардаг юм.
Дундад их гүрэнд түүхийн янз бүрийн цаг үед тархан суурьшсан монголчуудынхаа талаар сонирхон, тэдний өчигдөр хийгээд өнөөдрийн тухай санаашран явдгийн хувьд Шинжаанд очих нь миний онцгой мөрөөдлийн нэг байсан билээ. Олны амнаас сонсож дуулсан мэдээлэл, аян замын тэмдэглэл, зурагт радиогийн нэвтрүүлэг зэргээс төсөөлөл минь зузаарсаар байсан сан. Гэтэл Өмнөд Монголын нийслэл Хөххотоос өөртөө засах орны төв Өрөмчид нисэн очсон даруйд үзсэн харсан бүхэн нүд чихийг сэртэлзүүлж, төсөөллөөс огт өөр ертөнцөд палхийтэл буучих нь тэр. Энэхэн үес "Мянга сонсохоор нэг үз” гэдэг үгийн үнэнд сөхөрлөө. Шинжаан надад "Шинэ хязгаар” ч биш, хуучин түүх ч биш, ерөөс нэгэн бие даасан улс үндэстэн мэт санагдаад явчихлаа...
2.Миний татсан хаалга буюу мэдээллийн цонхоор өнгийхүй
Аливаа шинэ газрыг таньж мэдэж, өөрийнхөө "тэмтэрч” ойлгоход нэлээдгүй цаг хугацаа, бодит мэдээлэл, орчин ахуй шаардлагатай, бас тэр хэрээрээ хөлөө хөдөлгөж хөлсөө шудрах хэрэгтэй гэж би боддог. Харин энэ удаад Дундад улсын төр засгийн нээж өгсөн хаалгаар орж, гялалзтал арчиж зүлгэсэн цэвэрхэн цонхоор Шинжаантай танилцсанаа хэлэх нь зүйтэй болов уу. Тиймээс мэдээлэл маань дориун, мэдлэг маань өнгөцхөн байхыг үгүйсгэхгүй.
Өнгөрөгч наймдугаар сарын 31-нээс 9-р сарын 5-ний өдрүүдэд БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны төв Өрөмч хотноо болсон "Хятад Евроазийн дөрөвдүгээр экспо”, хэвлэл мэдээллийн "Ази Европ” форумд Монгол улсын үндэсний мэдээллийн агентлагийг төлөөлөн оролцох завшаан тохиосон нь энэхүү тэмдэглэлийг эрээчих шалтаг болсон билээ.
Хятад улс Төв Ази ба Евроазийн асар уудам орон зайд эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх зорилгоор "Торгоны шинэ зам” байгуулахаар ханцуй шамлаж байна. Газарзүйн хувьд энэ нь төв Ази, өмнөд Ази, баруун Ази, Евроазийг хамрах бөгөөд тус улс импортоор авдаг эрдэс баялаг болон экспортод гаргадаг бараа таваарынхаа тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн коридоруудыг улам олон салаа мөчиртэй болгох чиглэлээр маш амбийцтай бодлого баримталж байгаа юм. Ингэхдээ өөрийн үйлдвэрлэлийн төвүүдийг Евроазийн эрдэс баялгийн ордууд болон баруун Европын хотуудтай шууд холбохоор төлөвлөж, аль хэдийнэ захаас нь чимээ шуугиан багатай хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Далай дээрх торгоны зам болон эх газарт байсан өмнөх замыг тодруулах энэхүү их үйл хэргээ дэлхий нийтэд, тэр дундаа Ази, Европийн улс орнуудад эерэгээр сурталчлах, эдийн засгийн шинэ гарцуудыг санал болгох, хамгийн алс ирээдүйтэй мөнгөний урсгалыг атгахын төлөө Хятад улс чадах бүхнээ хийж эхэлсэн. Хятад улсын хувьд энэ онд төмөр замын бүтээн байгуулалтад 660 тэрбум юань буюу 106,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байгаа бөгөөд төлөвлөгөөгөөгөө давуулан биелүүлж 10 тэрбум юанийн нэмэлт хөрөнгө оруулалт хийжээ. Оны сүүлч гэхэд ойролцоогоор 5,5 мянган км төмөр замыг ашиглалтад оруулах гэж байна. Одоо Хятад улс Европ руу төмөр замаар хүрэх боломжит хувилбаруудыг нэлээд идэвхтэй хэрэгжүүлж байгаа юм. Тус улсын удирдлагууд Европ руу хүрэхдээ Төв Азиар дамжин өнгөрөх төмөр замын асуудлаар хэд хэдэн чухал айлчлал, хэлэлцээрүүдийг энэ жил хийлээ. БНХАУ-ын дарга Си Зинпины Туркмен, Казахстан, Киргиз, Узбекстан гээд Төв Азийн орнуудаар хийсэн айлчлалыг хятадууд "түүхэн” хэмээн тодотгож байна.
Зөвхөн "Торгоны зам”-ын асуудлаар л гэхэд он гарснаас хойш олон улсын хурал зөвлөгөөн, эдийн засгийн форум, оролцогч улсуудын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах экспо, хэвлэл мэдээлэл, урлаг соёлынхныг хамарсан өргөн хүрээтэй олон талт үйл ажиллагаа явуулж нийт 60 гаруй том арга хэмжээг эх орондоо зохион байгуулсан юм. Ингэхдээ Торгоны зам дайран өнгөрдөг хотуудыг аялал жуулчлал, эдийн засгийн бүс болгон зарлаж, хөгжлийн тусгай хөтөлбөрөөр загвар хот болгон тохижуулж, албаны зочид гийчдийг алмайруулан улс орноо сурталчлахаа ч мартаагүй. Үүний нэг нь Өрөмч хотноо болсон "Хятад Евроазийн дөрөвдүгээр экспо”, хэвлэл мэдээллийн "Ази Европ” форум юм. Нийт 36 орны Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар, мэдээллийн агентлагийн дарга нар, тэдний Бээжин дэх төлөөлөгчийн газрын удирдлагууд хүрэлцэн ирж эдийн засгийн энэ шинэ коридорыг хэрхэн байгуулж, ямархан хувь хүртэх хийгээд түүнийгээ яаж сурталчлан таниулах талаар санал бодлоо солилцсон юм. Төлөөлөгчдийг асар үнэтэй зочид буудалд байрлуулж, хурлыг өө хэлэхийн аргагүй өндөр түвшинд зохион байгуулахын зэрэгцээ тус арга хэмжээг сурталчилсан анонс, самбаруудыг хот даяар байрлуулснаас үзэхэд Дундад улсын энэ зүгт саравчилж буй харц ямархан нухацтай, тун чухал болох нь аяндаа мэдрэгдэнэ. Зөвхөн энэ арга хэмжээ биш ийм түвшний 60 гаруй томоохон хөтөлбөрт ажлыг өөр өөр хотод яг л ингэж зохион байгуулсныг нь сануулахад та бүхэнд аяндаа нэг юм бодогдож байгаа биз ээ.
Эхний өдөр хуралдаж ажил асуудлаа тохирчихоод хоёр дахь өдөр нь Турфан руу гарч давхин Гаочаны (өндөр тэрэгтэн гэдэг уйгарын нэг өвгийн нэр) эртний хотод саатаж Таримын хөндийн дундах археологийн тууринд түүхийн их өвтэй танилцаж, дараа өдөр нь Или аймаг руу нисч их цөлийн дундах Инин хотыг хэрхэн яаж "Цэцэгсийн диваажин” хэмээн алдаршуулсныг шагшиж, казахын ард түмний уран гараар бүтсэн урлал бүтээл, уйгурын уламжлалт дуу бүжгийг гайхан биширч, тэндээсээ Хятад Казастаны хил рүү довтолгон Хоргосын боомтод очихдоо Дундад улс эзгүй газарт эдийн засгийн чөлөөт бүсийг хэрхэн яаж сүндэрлүүлснийг харж, хэдхэн өдрийн дотор хэрдээ л нүд тайлж их гүрний бүтээн байгуулалтыг эгээрэн гайхшрахдаа соёлын шок гэгчид нь орж явлаа.
...Онгоцны цонхоор доош харахад эцэс төгсгөлгүй үргэлжлэх Тэнгэр уул, Хөндлөнгийн нуруу, Алтан тагийн нуруу, Бурхан буудай уул зэрэг сүрлэг уулсын хөхөлбөр биес өөр гаригийнх баймаар хүйтэн мэдрэмжээр зүрх жиндүүлэх агаад их байгалийн сүр хүчний өмнө хүмүүн төрөлхтөн гэгч хичнээн өчүүхнийг санахдаа санаа алдмаар болно. Гэтэл тэнгэрийн өр цоолом эгц хүрэн уулсын мөнх цаст өндөрлөгүүд тэнийн намссаар уудам хөндий нүдний өмнө цэлийлээ. Хүүхдийн зургийн дэвтрийн хуудаснууд шиг зай завсаргүй эгнэх ижил хэмт дөрвөлжингүүд дээр гүн ногоон, цайвар ногоон, тод ногоон өнгүүд ээлжилж, булан хавьд будаг нь дуусаж шингэрээ юу даа гэлтэй жаахан халтар хэсэг үлдэж. Энэ бол нөгөө "Цэцэгсийн диваажин Инин” хотод ойртож буйн тэмдэг ажээ. Ээрэм их хөндийг нов ногооноор "будсан” ажилсаг ард түмнийг дотор сэтгэлдээ бахдан шагшихын зуур өнөөх "Их байгалийн сүр хүчний өмнө хүн гэгч амьтан ч өчүүхэн юмаа даа” гэх уйт бодол хүчит салхинд туугдах мэт одож, үүлэн хөшгийг сөхөн нарны гэрэл ойх мэт сэтгэл дулаацаад ирлээ.
2010 оноос эхлэн Дундад улсын төр засгаас Шинжаан Уйгурын өөртөө засах оронд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын 1300 гаруй төслийг хэрэгжүүлжээ. Төслүүд одоо ч үргэлжилж байгаа бөгөөд төсөл хөтөлбөрүүд эхэлсэн 2010 онд л гэхэд тус ӨЗО-ны үйлдвэрлэлийн нийт хэмжээ 50 тэрбум юаниас давж, 2011 оны нэгдүгээр улиралд, Шинжааны эдийн засгийн өсөлтийн хэмжээ Хятадын дундаж түвшнээс 1.8 нэгжээр нэмэгдэж байсан гэнэ. Энэ онд Хятадын засгийн газраас Шинжаан Уйгурын өөртөө засах оронд томоохон 300 төслийг хэрэгжүүлэхэд зориулж нийт 1 триллион 200 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийжээ. Төслийн ихэнх нь байгаль экологийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа юм байна. Төслийн багийн Ерөнхий зохицуулагч Чэнь Яньбины хэлснээр, уг төслүүд нь шинэ хэлбэрийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хот суурингуудыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд уламжлалт үйлдвэрлэлийг өөрчлөн сайжруулж, Шинжааны онцлог бүхий орчин үеийн үйлдвэрлэлийн системийг байгуулахад ашигтай ажээ.
Харин хурлын үеэр эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлынх нь талаар тоон мэдээ дурдагдсангүй. Энэ нь цаасан дээрээс биш газар дээрээс нь бидэнд бүтээн байгуулалтаа үзүүлж харуулахыг чухалчилсных аж. Харин миний хувьд харснаа тоонд буулгах байтугай хараандаа багтааж ч амжихгүй түүртэн, "социализмын гэрэлт оргил өөд” шуурхайлж яваа тэдний даанч хурц гялбаанд нүд өвдөхийн зэрэгцээ улс гэрээ санагалзан зүрх өвдөж явлаа. Хөдөө нутагт хэрхэн хөгжлийн шан татагдаж байгааг үзэж харсаар гурав хоногийн дараа Өрөмч рүүгээ буцлаа.
Шинжаан Уйгурын өөртөө засах орны засаг захиргааны төв хот нь Өрөмч юм. "Өрөмч гэдэг нь мөнх цаст Тэнгэр уулаас эх аван урсдаг голын монгол нэр. Үсэг гэж байхгүй, үеэр нь дууддаг ханзны дүрмээр Хятадууд хотын нэрийг "У-лу-му-чи” гэж дуудсаар латин үсгээр "Urumqi” гэж галиглах болжээ. Харин манайхан түүнийг нь дуурайж Үрүмчи гэж бичдгээс нэрийнх нь утгыг ойлгохоо больсон байна. Уг нь бол Өрөмч буюу "Үзэсгэлэнт бэлчээр” гэсэн ойрад үг” хэмээн википедиагийн монгол хувилбар дээр тэмдэглэсэн байна билээ.
3.Элсэн цөлийн дундах эрний хотод тухалснаа эргэн санагалзахуй
Өрөмчөөс өглөө эртлэн гарч давхисаар үд дундад Турфанд ирлээ. Турфанд турсага хуулмаар халуун байв. Алдарт Таримын хотгорт орших эрт галвын түүхийг элгэндээ нуусан эл буйдхан нутаг өдгөө их хөлийн газар болж жуулчдын тавхайг цуцааж байгаа ч цаанаа л нэг аглаг нууцхан, уйт төрхтэй юм. Бид Турфаны музейг үзэж үе үеийн нүүдэлчдийн суурьшин тухалсан энэ сонин газрын тухай мэдлэг мэдээллээ зузаалж аваад цааш хөдөллөө. Ахиад 40-өөд км ухасхийхэд эртний хот Гаочанд дөрөө мултална. Сэвхийх салхигүй пүнхийсэн халуунд салхидсан тэмээ шиг таруухан алхсаар сэрүүцүүлэгчтэй автобусандаа орж ирмэгц хүчиртөрөгчийн баг хэрэглэсэн мэт болж уужуу амьсгаа авцгаав.
"World Meteorological Organization” болон "Discovery Channel” сувгаас дэлхийн хамгийн халуун 10 газрыг нэрлэхэд Гаочан хавийг багтаасныг дээхнэ мэдээгээр сонсож байсан билээ. Гэтэл одоо биеэрээ үзэх нь энэ. Тянь Шан буюу бидний нэрлэж заншсанаар Тэнгэр уулын салбар нуруудын нэг Гаочан нь элсэн чулуун хормой, асгад жалгаар хүрээлэгдэн оршдог. "The Flaming Mountain” ч гэж нэрийддэг энэ бүс нь маш халуун цаг агаартай, жуулчдын сонирхон очдог газруудын нэг. Жилийн аль ч үед 50оC гаруй халуун байдаг бөгөөд 2008 оны хэмжилтээр 66.7оС хүртэл халсан тохиолдол ч байна. Энэхүү хэмжилтийг огторгуйн уудмаас НАСА-гийн тусламжтайгаар хийсэн нь тухайн жилийнхээ хамгийн өндөр температурт тооцогдож байжээ.
Гоачаны галт уулсын хормойд орших эртний хот, талаар нэг тарсан эрэмдэг биеэ цуглуулж ядах аварга амьтан лугаа сүглийн угтлаа. Дээхнэ, Мубаракийн дэглэмийн үед Египетэд очиход Кайр хот онгоцны цонхоор яг нэг иймэрхүү нүсэр саарал, шаварлаг лаг өнгөөрөө дүнсийн угтсан нь археологийн олдвор, эртний балгас лугаа санагдаж билээ. Үнэхээр ч алдарт Сахарын цөл дэх Синайн байгалийн уран барилга Тахла Маханы хормой дахь Таримын хотгорын Гаочан уулын "үзмэр”-тэй эгээ адилхан нь гайхаш барна. Эртний Гоачаны хотын хувьд эмтэрч бутарсан ёотон мэт эмзэг, тийн атлаа сүр далайцаараа өдгөө ч нүүдэлчдийн яргай ташуур мэт хатуу оргиулсан сонин мэдрэмж төрүүлэх аж. Газарт орсон эртний балгасуудын гортиглон малтсан зурвасуудыг ажиж сонжиж явснаас биш эрчилгүй их цөлийн дунд ярайх ийм том археологийн хотыг урьд өмнө ер үзээгүй надад тун онцгой сэтгэгдэл төрлөө. Өөрийн эрхгүй санаа алдав. 2000 гаруй жилийн өмнө баруун Хань улсын үед барьсан эл хотод түүхийн он цагуудад Вэй, Цинь гэхчилэн олон улс аймгууд ордон шилтгээнээ босгож өөрийн гэр орон болгож өмчлөн уламжилсаар иржээ.
Их Монголын үеэс даруй мянга гаруй жилийн өмнө түүхэнд нэр нь дурдагдаж ирсэн Уйгурын өвөг дээдэс түүхийнхээ явцад маш олон хот балгадыг барьж байгуулсан гавъяатай. Наймдугаар зууны дундуур уйгурууд Түрэгийн хант улсыг мөхөөж Уйгур улсыг байгуулаад орд өргөөгөө Орхон голын хөндийд Орду балык нэртэйгээр байгуулжээ. Манайхны Хар балгас хэмээн нэрлэдэг энэхүү эртний хот Монголд байгаа балгадаас хэмжээгээрээ хамгийн том нь юм. Архангай аймгийн Хотонт сумын нутаг дахь эд дурсгалыг С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удирдсан Орос Монголын хамтарсан экспедиц 1948 онд туршилтын маягаар малтсанаас өөрөөр хөндөж шалиагүй. Харин одоо тус балгасыг Герман Монголын хамтарсан экспедикц малтах гэж байгаа талаар археологич Д.Баяр гуай хэвлэлд ярьсан байна билээ. Уйгурууд Орду балыкаас гадна Бай балык, Хатун зэрэг арав гаруй хот суурин байгуулсан боловч одоо тоймтой үлдсэн нь ховор. Байбалык балгас нь эдүгээ Булган аймгийн Хутаг Өндөр сумын төвөөс баруун тийш 10 гаруй км зайд, Сэлэнгэ мөрний уудам хөндийд буй. Түүнийг нутгийн ардууд "Бийбулаг" хэмээн нэрлэж иржээ.
...Шинжаан-Уйгурын өөртөө засах орон эртний соёл иргэншлийн өлгий бөгөөд ялангуяа Таримын сав бол эртний соёлын онцгой голомт, өрнө дорнын соёлын солилцооны нэвшилт явагдаж байсан нутаг билээ. Энд мөн дэлхийн хамгийн урт, газар доорх суваг бий. Эртний ард түмнүүд зундаа +40оС градусаас буудаггүй халуунд тариагаа услахын тулд 5500 киломер урт сувгийг газар доогуур байгуулжээ. Тэнгэр уулын мөс хавар хайлахад цөлийн хатсан сайр усаар дүүрч цөлийг ундлаад ууршдаг. Харин энэ чандмань эрдэнийг ууршуулж алдахгүйн тулд усыг газар доорх сувагт шургуулж авдаг байна. Тиймээс Шинжааны хүн ам оршин суудаг баян бүрд, үржил шимт голын сав дагуу олон мянган жилийн түүхтэй асар урт суваг бий болжээ. Өдгөө ч эдгээрийгээ түшиглэн Шинжаан-Уйгарт аялал жуучлалын хэд хэдэн бүс байгуулж, 30-аад төрлийн усан үзмийн сорт гарган авч зочид гийчдээ "Зөвхөн Шинжааны” гэх брэндийн жимсээр дайлж байна. Усан үзмийн бүхэл бүтэн том тосгон хуучин хотоо дэрлэн ажин түжин оршдог ч тэдний хашаанд бөнжийлдөн байгаа мөнөөх үзмийн амт чанар бүх Хятад даяар алдаршин дуурсч байдаг юм билээ.
4.Тэнгэр дорх энхжин, газар дээрх диваажин
Алдарт Такла Маханы үхмэл цөл, Гоачаны улайдмал уулс гээд л дандаа ангамал цөлийн тухай ярьсаар энэ хүрлээ. Иймээс эрхэм уншигч авгай Шинжаан гээч чинь хайруулын таваг шиг халуун там болсон нутаг орон байна гээд ойлгочих вий. Тэгвэл Шинжааний өмнөд хэсэг ийм нэг бор шаргал өнгөтэй ч Тэнгэр уулын баруун зуун суга, алдарт Хөндлөн /Хятадууд Күнлүн гэнэ/-гийн нурууны байгалийн цогцолбор нь үзсэн хүн барьц алдмаар, онгосон зүс сэргэж хөвсөлзмөөр гайхамшигтай нутаг. Био-экологийн өөрчлөлтөд байгалийн унаган төрхөө алдалгүй хадгалж үлдсэн Шинжааны Тэнгэр уул нь Монгол Улсын Говь-Алтай аймагтай залгадаг хилийн бүсэд оршдог билээ. Өнгөрсөн жил Камбожийн нийслэлд хуралдсан дэлхийн өвийн 37-р их хурлаас Тэнгэр уулыг ЮНЕСКО-д бүртгэх шийдвэр гаргасныг та бүхэн санаж буй биз ээ. Ингэснээр Хятад улсаас дэлхийн өвд бүртгэгдсэн зүйлсийн жагсаалт 44-д хүрсэн юм. Шинжааны монголчууд Тэнгэр уулын орчмоор тархан суурьшсан нь нэн элбэг. Өдгөө тус өөртөө засах оронд амьдарч байгаа монгол үндэстний 170 мянга гаруй төлөөлөл Баянгол, Бортал, Ховогсайраар нутагладаг. "Монголоо хайсан монгол” төслийг санаачилсан сэтгүүлч М.Буянбадрах "Дэлхийн монгол айл” цувралаараа Шинжааны монголчуудын талаар баримтат кино хийж Монголын телевизүүдээр үзэгч олондоо өргөн барьж байсан билээ.
Шинжаан нь бүх Хятадад алдаршсан байгалийн сонгодог үзэсгэлэн, уулын тагтан дээрээс уугуул нутгийнхаа өнгийг тэнгэрт толилуулан байдаг алдарт Ханас, Обь, Сайрам нуурууд гээд л жилийн дөрвөн улирал нэгэн дороо цогцолсон диваажин лугаа нутаг билээ. Дээр дурдсан "Торгоны зам”-ын компанит ажлын хүрээнд өнгөрсөн онд олон улсын фото сурвалжлагч нар Дундад улсын хөрөнгөөр Шинжаанд хориод хоног амарч аялах үедээ авсан гэрэл зургуудаараа "Үзэсгэлэнт Шинжаан” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан юм. Энэхүү үзэсгэлэн өдгөө Америк европоор аялсаар, үзсэн бүхний мэлмийг мялааж сэтгэлийг сэнсрүүлсээр байна.
Шинэ цагийн босгон дээрх Шинжаан аадрын өмнөх ажин түжин байдал шиг, Хан-Ус нуурынхаа бидэрээ шиг, хасаг монгол зоныхоо биелгээ шиг аядуу намуухан оршиж, амьдралын илч дулаанаа түгээсээр байна. Торгоны замын тоост бодлуудаа эвхэн Тэнгэр уулын монголчуудынхаа зүг сэтгэлийн цацал өргөн саравчилсан тухайгаа хальтхан хуваалцахад ийм буюу.
Б.Занданхүү
Сэтгэгдэл байхгүй байна.