Өмнөд Солонгост анхааруулга өглөө
Хойд Солонгос улс дайны бэлэн байдалд шилжиж, хил орчмынхоо хамгаалалтыг сайжруулаад байна. Тус улсын Гадаад хэргийн яам "KCNA” агентлагаар дамжуулан Өмнөд Солонгос улсад анхааруулга өгсөн тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ.
Яамны удирдлагууд "Өмнөд Солонгосын зурагт, радио, сэтгүүл, сонин Хойд Солонгосын агуу удирдагч Ким Чен Уныг шоглосон, гутаан доромжилсон, санаатайгаар нэр төрд нь халдсан, дайнд уриалан дуудсан, өдөөн хатгасан гэх мэт мэдээ, нэвтрүүлгийг гаргахаа нэн даруй зогсоохгүй бол Пхеньян хариу арга хэмжээ авч, Өмнөд Солонгост цохилт өгөх болно” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гаригт хоёр Солонгос харилцан буудалцсан юм. Харилцан буудалцааны үеэр хоёр тал хохирол амсаагүй хэмээн НҮБ-д суугаа Хойд Солонгосын байнгын төлөөлөгч Чан Ир Хен мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоодугаар сарын эцсээр Өмнөдийн цэргүүд Хойдын тэсрэх бөмбөгөнд өртөж, гэмтэл авсан билээ. Энэхүү үйл явдлын дараа Сөүлийн удирдлагууд 11 жил ашиглаагүй чанга яригчаа дахин ажиллуулж эхэлсэн юм. Чанга яригч төхөөрөмж ажиллаж эхэлсний дараа Ким Чен Ун хил орчмынхоо хамгаалалтыг сайжруулж, ямар ч сануулгагүйгээр Өмнөд Солонгос руу их буугаар галласан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.