Л.Тунгалаг: Охиныг минь буруу оношилсоор ясанд нь хүртэл тулгасан Хан-Уул дүүргийн эмнэлэгт гомдолтой байдаг
Өвчин зовлон хэлж биш хийсэж ирдгээс хойш яалтай ч билээ. Гэхдээ сэтгэлийн хатаар, итгэл найдвараар, олны дэмээр өвчин зовлонг ялан дийлж болно.
Хорт хавдар гэдэг аймшигт өвчинд "баригдан”, хэн нэгний сайхан сэтгэлийн тусыг горьдон хүлээж суугаа 23-хан настай Ш.Оюундалай охины талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
/Өмнөх нийтлэлийг http://www.ugluu.mn/154161.html эндээс уншина уу?/
Энэ удаад Ш.Оюундалай охины ээж Л.Тунгалагтай цөөн хором ярилцлаа.
-Монголын сайтын холбооноос санаачилан охинд тань туслах аяныг өрнүүлж эхэлсэн. Ямар ч гэсэн охиноо эдгэнэ гэсэн итгэл дүүрэн байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав? Би анх сайтын холбооны Жаргалсайхан гэдэг хүний утсыг олж аваад ярьсан. Эмэгтэй хүн учраас өрөвдөж туслахаар болсон. Энэ дашрамд сайтын холбооны хамт олонд маш их баярлаж байгаагаа илэрхийлье.
-Гэхдээ Тунгалаг эгч ээ, баярлах болоогүй байна. Бид Ш.Оюундалай охины эмчилгээний зардлыг 5 хувийг ч олж чадаагүй байна. Тиймээс хоёулаа яагаад ард олноосоо тусламж гуйх болсон талаар яриагаа эхлэе.
-Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд амьдардаг Л.Тунгалаг гэдэг хүн байна. Миний охин 2012 онд хорт хавдраар өвчлөөд Хан-Уул дүүргийн эмнэлгээр буруу оношлогдож явсаар байгаад эцсийн шатандаа хүрч оношлогдсон. Бид нар тухайн үед хашаа байшингаа зарж байж арайхийн хувийн эмнэлгээр явж байж оношийг нь тодруулсан. Хүн бүрт зовлон бэрхшээл байгаа учраас түмэн олондоо хандахыг урьтал болгоогүй. Гэтэл 2014 оны 09 сард миний охины нөхөр нь ослоор нас барсан. Энэ 2 маань нэг хүүтэй. Муу хүү нь өнчин хоцрох гээд хүүг нь өнчрүүлэхгүйн тулд ард түмнээсээ аргаа бараад тусламж гуйж байна. /уйлав/
Миний хүргэн хүү маань маш сайн хүү байсан. Бас өнчин хүү байсан юм. Эцэг шигээ өнчирч хагацахын зовлонг битгий үзээсэй гэсэндээ тэр муу балчир үрийг нь л өрөвдөх юм.
-Ш.Оюундалай одоо хэдэн настай вэ? Эхээс хэдүүлээ вэ?
-Охин маань одоо 23 настай. 2 эгч, нэг дүүтэй.
-Өвчний үндсэн онош нь юу болох талаар ярихгүй юу?
-Охины маань өвчний үндсэн онош нь ясны зөөлөн эдийн хорт хавдар ясандаа орсон. Нуруу нугасны 4, 5 дугаар үедээ үсэрхийлсэн байна гэсэн. Үндсэндээ ясны хорт хавдар гэж ойлгож болно.
-Монголд ямар эмчилгээ хийлгэсэн бэ?
-Монголд хими, туяаны эмчилгээг дээд тунгаар хийсэн. Одоо Монголд бол ямар ч эмчилгээгүй гээд бид аргаш тасраад л сууж байна. Хавдрын эмч нар маш хариуцлагатай хандсан. Энэ залуу хүүхдийг чадах боломжоороо тусална гээд бүх боломжоороо тусалсан. Харин дүүргийн эмч нарт гомдож явдаг. Яагаад гэвэл миний охиныг эрт үед нь оношлох боломж байсан боловч загнаж явуулсаар байгаад ясанд нь тултал явуулсан. Миний охин ингэж хазганаж явдаггүй байсан. Тэгээд 450 мянган төгрөг өгөөд уучлалт гуйсан. Би тэрүүгээр яах билээ. Охиныхоо эрүүл мэндийг нөхөж авч хэзээ ч чадахгүй шүү дээ. Гэхдээ за яахав алдаа гаргаа биз дээ гээд шүүхэд ч хандаагүй. Миний охинд өвдөж хавдахад нь туслаарай гэж хэлээд өнгөрөөсөн. /уйлав/
-Солонгосын хэд хэдэн эмнэлэгт хандсан гэсэн. Ямар эмнэлгээс хаглгаа хийх боломжтой талаар хариу ирүүлсэн бэ?
-Солонгосын 4, 5 эмнэлэгт хандсан. Сургуулийн эмнэлгүүд хүнд, хэцүү хагалгаа байна. Бид чадахгүй гэсэн хариу өгөөд улсын эмнэлэгт ханд гэсэн. Солонгос улсад ганцхан байдаг улсын цөмийн энергийн төв эмнэлэг нь хавдартай хэсгийг авна гэсэн хариу ирүүлсэн. Зөвхөн эмчилгээний зардалд 55 сая. хагалгаа бусад зардал ороод 90 орчим сая төгрөг болно гэсэн хариу ирүүлсэн.
Тиймээс бидэнд охиныг минь амьдруулах итгэл найдвар байгаа учраас түмэн олондоо хандаж байгаа юм. Бид нар хүмүүсээс хандив гуйгаад зүгээр суудаг хүмүүс биш. Би 58-тай, манай нөхөр 60-тай. Бид өдөр шөнөгүй юм оёод, өөрсдөө авч явж зардаг. Хөнжил оёдог юм. Хүмүүс мэднэ дээ. Тэгсэн ч бид мөнгө цуглуулж чадахгүй байна. Тиймээс л ард түмнээсээ тусламж гуйж байна. /уйлав/
-Одоогоор Оюундалайгийн биеийн байдал ямар байна вэ?
-Түнхний үе идээлснээс сүүж нь жаахан ясан дээр тогтож байгаа гэсэн. Эмч нар тэргэнцэр дээр сууж яваарай. Битгий босож яваарай гэсэн. Өөрөө тэргэнцэр дээр суучихвал суумгай болчих юм шиг санагдаад байна гээд суухгүй байгаа. Сэтгэлийн тэнхээгээр явж байгаа.
Хавдар нь мэдрэлийн гол судсыг дайрсан учраас маш их өвдөлттэй. Морфиныг 8 цагийн зайтай уудаг. Уг нь тариулдаг байсан. Тариа нь маш хүчтэй нөлөөлөөд байхаар одоо эмээр ууж байгаа.
-Хүүгийнх нь талаар ярихгүй юу? Их адтай, сэргэлэн хүү байна лээ.
-Хүү нь одоо 4 нас 4 сартай. Түвшинбаяр гэдэг. Жаахан хэл муутай миний хүү чинь. Цэцэрлэг олдохгүй байгаа болохоор гэртээ ээжтэйгээ хамт байдаг. Барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийг хараад миний аав миний аав л гэдэг юм. Аавынхаа зургийг далд хийлгэхгүй. Аавынхаа зурагны өмнө залбирна. Ээжийгээ байхгүй үед "миний ээж хайчсан, миний ээж ёоёо гэсэн” гээд байдаг. Тэгэхээр нь "миний хүү ээжийгээ битгий ёоёо гэж байгаарай” гэж хэлснээс хойш "миний ээж ёоёо биш” гэдэг. Өөр нэг их юм ярьж чадахгүй.
-Аав нь жилийн өмнө өөд болсон гэж та ярианы эхэнд дурдсан?
-Аав нь нэг компанид ажиллаж байгаад шороонд дарагдаад нас барсан. Миний охины төлөө л амьдардаг байсан юм.
-Тухайн компаниас та бүхэнтэй уулзаж, хариуцлага хүлээсэн үү?
-Энэ компани тусалсан. Хариуцлага хүлээсэн. Гомдсон гээд яах ч билээ, гомдохгүй гээд ч яах билээ. Би эртээд очиж уулзсан. Охины маань талаар мэдээллийг авсан байна лээ. Бид аян өрнүүлэх гэж байгаа гэж хэлж байсан. Би Хан-Уул дүүргийн эмнэлгийг энэ мэдээллийг аваад тусламж үзүүлэх байх гэдэгт итгэлтэй байна. Эмч нар маш хариуцлагагүй хандсан. Оншлох боломж байхад оношлоогүй, бүтэн нэг жил алдсан. Хавдрын эмч нар хэлж байгаа ш дээ. 10, 11-тэй том хавдрыг тийм урт хугацаанд харж чадаагүй гэж байсан. Надаас уучлалт гуйсан.
-Та дүүргээсээ сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчтэйгээ уулзаж хүсэлт гаргаж үзсэн үү?
-Миний охин чинь 2012 онд хавдартай болсон. Хүн болгонд зовлон, өрх бүрт асуудал бий. Би Монголын ядарсан ард түмнээсээ хэнээс нь тусламж гуйхав дээ гэж бодоод хэнд ч хандаагүй. Тэгээд 2014 онд нөхөр нь өнгөрчихөөр муу хүүг нь бодоод эхийг нь хэд хоног ч гэсэн амьдруулчих юмсан гэсэндээ одоо л түмэн олондоо хандаж байна.
Миний охинд амьдрал бэлэглээч, хүүг нь ээжтэйгээ байх аз жаргалыг олгооч гэж гуйж байна. Түвшинбаярын төлөө, хүүгийнх нь төлөө за гэж хэлээч гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ гуйя.
Ийнхүү бидний сэтгэл өвтгөсөн ярилцлага арайхийн хэдэн асуулт, хариултаар өндөрлөв.
Тунгалаг эгч охиныхоо төлөө хөлөө эргэтэл явж буй нэгэн. Ертөнцийн бүхий л ээжүүдийн нэгэн адил охиныхоо төлөө амьдарч байгаа нэгэн. Гэвч Л.Тунгалаг эгчид, Ш.Оюундалай охинд, хөөрхөн алаг үр Түвшинбаярт итгэлийн гал буй.
Түмэн олон нь түүнийг түшээд аваарай, амьдрал бэлэглээсэй.
Хэрвээ та Ш.Оюундалай охинд тусламжийн гараа сунгах бол охины ээж Тунгалагтай 96059248 дугаарын утсаар холбогдоно уу?
Хандивын данс:
Ярилцсан: Г.Одонтуяа
Монголын сайтын холбоо