АСЕМ-ын зочид буудал хариуцсан ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсад 2016 оны 7 дугаар сард зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын Байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн хуралдаан 9 дүгээр сарын 30-нд болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны ахалж буй уг ажлын хэсгийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудын өнгө төрх, үйлчилгээ, дотоод зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор зарлах уралдааны удирдамж, шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан хэлэлцлээ.
Түүнчлэн 10 дугаар сарын 19-нөөс эхлэн зочид буудлуудын ажилтнуудыг мэргэшүүлэх, төрөлжсөн сургалтуудыг эхлүүлэх, сургалтыг цуврал нэвтрүүлэг болгон олон нийтэд түгээх телевизүүдийг нээлттэйгээр сонгон шалгаруулахаар тогтов. Дипломат ёс зүй, дипломат ёслол, хүндэтгэлийн аргууд болон зочид буудлын үйлчилгээний талаарх цогц мэдлэгийг олгох зорилгоор салбартаа мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр сургалт хийлгэхийг дэмжив. Мөн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаадын сэтгүүлчдийг байрлуулах буудлуудыг сонгон, эцэслэн баталлаа.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад гадаадын нийт 4000 гаруй зочин төлөөлөгч хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа бөгөөд тэднийг байрлуулах 40 гаруй зочид буудлыг сонгоод байгаа юм. Эдгээр зочид буудлуудад АСЕМ-ын БАА-ны зүгээс итгэмжлэл гардуулах ёслол зохион байгуулж, ёслолын үеэр "АСЕМ-ын түнш - Шилдэг буудлууд” уралдаан албан ёсоор эхэлж буйг зарлана. Зочид буудлуудын дунд зарлах уралдааныг дэвшил гаргасан, илүү сайжирсан үзүүлэлтээр дүгнэж, шалгаруулан, урамшуулах юм.