Да хүрээ захынхан нүүхгүй гэв
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу авто замын ачаалал, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах үүднээс аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй техникийн захуудыг нүүх шийдвэрийг гаргасан. Харин автомашин борлуулагчид бүрэн ашиглалтад ороогүй байгууламж руу нүүхгүй гэдгээ мэдэгдэж, өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Их тэнгэрийн хас үндэсний нийгэмлэгийн тэргүүн О.Мөнх-Эрдэнэ "Анхнаасаа бизнес төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүйгээр хийж эхэлсэн. Бүтээн байгуулалт хийхийн тулд олон хүнээс мөнгө татсан учраас өнөөдөр биднийг бэлэн болоогүй ажлын байр руу нүүлгэж, хохироох гэж байна. Дээр нь анх нэг зогсоолыг сая төгрөгөөр барина гэж байсан ч өнөөдөр ашиг олохын тулд нэг бүрийг нь дөрвөн сая төгрөгөөр худалдаалж байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг хөөж байгаа нь зүй бус” гэв.
Хуульч Г.Батбаяр "Автомашин импортлогчдын холбооны зүгээс Авто худалдааны төв руу нүүхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Учир нь бүрэн гүйцэд барьж дуусаагүй, зөвхөн зарим хэсгийн талбайг л зассан газар руу бизнес эрхлэгчдийг хөөж байна. Урьдчилан 800 иргэнээс захиалга авсан тэр мөнгөнийхөө шахалт, дарамтад ороод бусад авто машин худалдаж буй хүмүүсийг нүүлгэх арга хэмжээ авч байна. Энэ бол мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй зүйл болж байна” гэсэн юм.
Авто худалдааны төвийн байрлаж буй Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо нь хөрсний бохирдолтой, эвгүй үнэртэй ажиллах орчин нөхцөл хангаагүй учраас тэнд очиж өвчин авахыг хүсэхгүй байна гэдгээ ч онцолж байв.
Техникийн захуудыг нүүлгэхэд 6-8 мянган иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд 1200 гаруй газрыг зарсан хэмээж байгаа хэдий ч өчигдөр болсон нээлтийн үеэр 17 машин байрлуулсан байсан гэдгийг иргэдийн төлөөлөл Б.Ууганцэцэг хэлсэн юм.
Авто худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Нийслэлийн Засаг даргатай уулзахыг хэд хэдэн удаа хүссэн ч өнөөдрийг хүртэл уулзаж, нэг ширээний ард сууж ойлголцох боломжгүй байгаа аж.
- See more at: http://dnn.mn/%D0%B4%D0%B0-%D1%85%D2%AF%D1%80%D1%8D%D1%8D-%D0%B7%D0%B0%D1%85%D1%8B%D0%BD%D1%85%D0%B0%D0%BD-%D0%BD%D2%AF%D2%AF%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B3%D1%8D%D0%B2/#sthash.EAHO4ibE.dpuf