Макс Ганбаатар 60 мянган доллароор авсан морио түрүүлгэж нэг сая долларын бай хүртэв
АНУ-ын Кэнтакки мужид жил бүр болдог цэвэр цустай морьдын "Breeders Cup” уралдаанд "Макс” компанийн захирал Д.Ганбаатарын "Mongolian Saturday” хэмээх үрээ түрүүллээ. Д.Ганбаатар энэ үрээг дөрвөн жилийн өмнө буюу унага байхад нь цэвэр цусны адуу үржүүлгийн газраас 60 мянган доллароор худалдан авчээ. 33 жилийн түүхтэй, нэг ёсны ДАШТ болох энэ уралдаанд АНУ-аас гадна Канад, Арабын Эмират болон Их Британи зэрэг Европын уяачдын морьд түрүүлж байсан бол монгол уяач ийнхүү анх удаа торгон жолоо өргүүлжээ. "Mongolian Saturday”-г уясан уяач нь АНУ-д тав дахь жилдээ амьдарч байгаа Монголын иргэн Г.Энэбиш бол унаач нь Францын иргэн Флорэн Жирү юм. Д.Ганбаатарын энэ үрээ өнгөрсөн сарын гурванд мөн Кэнтакки мужид болсон 150 мянган долларын байтай цэвэр цусны морьдын "Woodford Stakes” хэмээх бооцоот уралдаанд аман хүзүүдсэн бөгөөд энэ удаагийн уралдаанд түрүүлснээр нэг сая доллароор байлуулжээ.
Б.Бат