Урьдчилгаа төлбөр 10 хувь болох тухай
урьдчилгаа төлбөр 10 хувь болох тухай
Орон сууцны зах зээл дээр урьдчилгаа төлбөр 10 хувь болох тухай яриа иргэдэд урт хугацааны хүлээлт үүсгэсэн хэвээр байна.Өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас орон сууцны үнийн дүнгийн 20 хувийг Хөгжлийн банкаар дамжуулан батлан даах шийдвэр гаргасан. Энэ цагаас хойш гурван сар орчим иргэдийн дунд хүлээлт үүссэн гэсэн үг. Үүнийг дагаад барилгын компаниудын борлуулалтад тодорхой хэмжээний бэрхшээл үүсээд байгаа юм. Энэ нь одоогийн байдлаар барилгын зах зээл дээр 48 мянган айлын орон сууц эзнээ хүлээж буй баримтаар илэрч байна. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжууд ямар байр суурьтай байгаа сонирхов.
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
...Энэ бол маш болгоомжтой ярих сэдэв. Учир нь иргэдийн дунд хэдийнэ хүлээлт үүссэн. Ийм байхад баттай мэдээлэлд тулгуурлан ярих учиртай. Тийм ч учраас би өмнө нь энэ талаар ямар нэгэн хариулт хэлээгүй. Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн баталгааг гаргая гэсэн. Гэтэл банкуудаас мөнгөн хэлбэрээр нь байршуул гэсэн шаардлага тавьж байна. Тиймээс банкуудтай ярилцахаас гадна эдийн засгийн тооцоо судалгаагаа нарийвчлан хийх шаардлага бий. Үнэндээ үнийн дүнгийн 90 хувьд зээл гаргана гэдэг сэтгэлийн хөөрлөөр шийдэх ажил биш. Тиймээс Хөгжлийн банк, Монголбанк, Сангийн яамтай ярилцах зүйл ч байна. Бидний зүгээс уулзалтууд хийж, санал солилцоод явж байна. Эцсийн байдлаар санал, дүгнэлт гараагүй. Гэхдээ энэ сардаа багтаан ямар нэгэн шийдэлд хүрнэ....
ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга
...Чадна, үгүй бол чадахгүй гэдгээ эртхэн хэлэх хэрэгтэй. Энэ байдал иргэдийн дунд хүлээлт үүсгэхээс эхлээд бидний ажилд ч саад болж байна. Ийм байхад даруйхан шийдэлд хүрэх шаардлагатай байна. Тулгарч байгаа бэрхшээлээ ойлгуулаад хэлбэл иргэд урьд чилгаа 30 хувиа төлж таарна. Иргэдээс цуглах энэ хөрөнгө бидний бүтээн байгуулалтад нэмэр болно...